
Toy Story 5 кино дэлхий даяар 300 сая ам.доллароос давсан тасалбарын борлуулалт хийж, анимэйшн франчайзынхаа түүхэн дээд амжилтыг тогтоолоо.
Зургаадугаар сарын 19-нд нээлтээ хийсэн энэхүү тав дахь анги нь Вүди, Жесси болон Базз Лайтер нарын өмнө илүү хүчтэй өрсөлдөгч гарч ирж буй тухай өгүүлдэг. Тэдний шинэ өрсөлдөгч нь энэ удаад тоглоом биш, харин таблет юм.
Нээлт ийм амжилт үзүүлсэн нь сүүлийн жилүүдэд хэд хэдэн бүтэлгүйтэлтэй тулгарсан Pixar болон Disney-гийн хувьд эргэн сэргэж буйн дохио гэж шинжээчид үзэж байна.
Шинжээчдийн тооцоолсноор энэ нь 2026 оны дэлхийн хэмжээнд хоёр дахь хамгийн өндөр орлоготой нээлтийн долоо хоног болжээ. Эхний байрт The Super Mario Galaxy Movie бичигдэж байгаа бөгөөд уг кино аль хэдийн 1 тэрбум ам.доллараас давсан орлого олсон байна.
"Toy Story 5"-ийн амралтын өдрийн үзвэр Хойд Америкаас 160 сая ам.доллар, олон улсын зах зээлээс 150 сая ам.долларын орлого олжээ.
Нийт 250 сая ам.долларын төсөвтэй уг кино маркетинг болон бусад зардлаа нөхөхийн тулд дор хаяж 500 сая ам.долларын орлого олох шаардлагатай юм.
Pixar-ийн кинонууд уламжлал ёсоор төсвөө нөхөөд зогсохгүй хэд дахин давсан ашиг олдог. Тухайлбал The Incredibles 2 болон Inside Out 2 зэрэг ангиуд 1 тэрбум ам.долларын босгыг давж байжээ.
Гэвч сүүлийн жилүүдэд Elio болон Lightyear зэрэг бүтээлүүд кино театруудаас хүлээлтэд хүрэхүйц орлого олоогүй юм.
Коронавирусийн цар тахлаас хойш стриминг үйлчилгээний өсөлттэй холбоотойгоор дэлхийн кино театрын нийт орлого буурсан хэвээр байгаа ч Toy Story цуврал Pixar-ийн хамгийн ашигтай франчайзуудын нэг хэвээр үлджээ.
1995 онд анхны кино гарснаас хойш Toy Story цуврал дэлхийн кино зах зээлээс нийтдээ 3 тэрбум гаруй ам.долларын орлого олсон байна.