
Цахим хуудас дахь нэрийнхээ өмнө мэргэжлээ тодотгон бичиж, өөртөө элдэв дээдийн гуншин, цол олгосон хүмүүс нийгмийн сүлжээг дүүргэж байна.
Тэд нэрийнх нь өмнө бичигдэх цол хэргэм, алсдаа энгэр дээр нь гялалзах одон тэмдгийн төлөө эзэмшсэн мэргэжлээ зольж орхив. Угтаа оюутны ширээнд суухдаа цээжилсэн үзэл бодлоо гээж орхиод амьдралд хөлөө олохыг зорьжээ. Тиймээс нэг зүйлийг аминчлан захья.
Нэрийнхээ өмнө зохиолч гэж тавьсан зохиолчийн номыг битгий унш! Нэрийнхээ өмнө сэтгэлзүйч гэж бичсэн сэтгэлзүйч дээр битгий оч, битгий итгэ! Нэрийнхээ өмнө инженер гэж бичсэн инженерээр ажил битгий хийлгэ! Нэрийнхээ өмнө көүч гэж бичсэн хүнээс зөвлөгөө битгий ав! Нэрийнхээ өмнө ментор гэж бичсэн хүнээр сургалт бүү оруул!
Мэдээж та яагаад гэж асууна. Хариулт нь энэ өгүүлбэрийн төгсгөлд бичигдэх гурван цэгийн ард бий...
Нэрийнхээ өмнө ямар нэг мэргэжил, тодотгол тавьсан хүнд ямар ч мэргэжлийн хандлага байдаггүй. Учир нь мэргэжилдээ сайн хүний хувьд нэр төр гэдэг хамгийн том үнэт зүйл юм. Тэрхүү үнэт зүйлийг хамгаалахын учир өөрийн нэрээр бусдад танигдах нь чухал байдаг. Мэргэжилдээ эзэн байна гэдэг нь тэр. Хийсэн бүтээсэн ажил нь тухайн хүний нэрийг өндөрт өргөнө. Түүнээс бус мэргэжлээ нэрийнхээ урд тавьчхаад түүнээсээ зүүгдэж, чирэгдэж яваа нь ёс зүйгүй үйлдэл мөн.
Өндөр Гэгээн Занабазар л гэхэд барималч, зураач, хэлзүйч, шашны зүтгэлтэн гээд цааш хөврөх гуч гаруй мэргэжлийг эзэмшсэн хүн байв. Гэвч тэр хүний хийсэн бүтээсэн нь, нэр төр нь бидний дунд мөнхрөн үлдсэн. Тэр Өндөр Гэгээн Занабазараа л дууссанаас биш өөртөө цол олгож, нэрийнхээ урд ямар нэгэн зүүсгэл, эзэмшсэн мэргэжлээ дурдаж тэмдэглэсэн нь үгүй. Ц.Дамдинсүрэн ч ялгаагүй. Бичгийн энэ их хүн төвд судлаач, ардын аман зохиолч, туульс судлаач, хэл зүйч байсан ч гэлээ Хатагин овогт Цэндийн Дамдинсүрэнгээрээ л үлдсэн билээ.
Тэгэхээр мэргэжил гэдэг аливаа хүний амьдралын чухал хүчин зүйл, эрхэмлэх учиртай үнэ цэн болохоос бус гангарч чамирхдаг, газар сайгүй түүгээрээ сайрхдаг, ганцхан өөртөө оноож, өөрийгөө цоллодог эд биш юм аа.
Мэргэжлээсээ чирэгдэж яваа хүнд дараах гурван шалтгаан бий. Нэн тэргүүнд тухайн хүн өөртөө итгэлгүй байна. Түүний хийсэн, бүтээсэн нь хангалтгүй. Тиймээс ч хүмүүс түүнийг юу хийдэг, ямар хүн бэ гэдгийг танихгүй байгаа хэрэг. Ингээд л өөрийнхөө эзэмшсэн мэргэжлийг, юу хийдэг вэ гэдгээ илэрхийлэх шаардлага үүсэж байгаа юм. Даанч манайханд түгээмэл ажиглагддаг зүйл нь аливаа үйл хэргийг бус бусдад харагдах байдлаа чухалчлан үздэгээс үүдээд өөртөө цол олгохыг нэн түрүүнд урьтал болгоно. Тэгээд л бичиж туурвихаас илүүтэй урьдын бичсэн туурвиснаа эмхэтгээд “шилмэл өгүүллэгүүд, шилмэл шүлгүүд” гэсэн гоё тодотгол өгөөд хэвлэчихдэг. Өөрийнхөө бүтээлийг гэсэн үг шүү дээ. Тухайн хүн туурвисан бүхнээсээ гайгүй гэснийгээ сорчилж цуглуулснаа өөрөө тодорхойлж суух ичгэвтэр хэрэг мөн биз. Угтаа түүний бичсэнийг бусад нь, судлаач шүүмжлэгчид нь тодорхойлж, эмхэтгэж гаргах учиртай болов уу гэж доторлох юм.
Тэгээд ч өөртөө итгэлтэй хүн тайлбар барагтаа тавьдаггүй. Түүнд бусдад итгүүлэх гэж хүчлэх шаардлага үгүй. Харин мэргэжилдээ муу, чадваргүй, сул дорой нэгэн өөрийгөө ийм, тийм гэж бусдад итгүүлэх гэж оролддог.
Хоёрдугаарт гэвэл ийм хүмүүс мэргэжилдээ хүндэтгэлтэй, ёс зүйтэй ханддаггүй. Тэдэнд нэгэнт ёс зүй гэж байхгүй учраас өдгөө өөрсдийгөө тодорхойлох дон эрүүл мэндийн бүртгэлд бичигдээгүй нийгмийн өвчин болсон. Хүн эзэмшсэн мэргэжил, тухайн салбартаа хийж бүтээж, түүгээрээ нийгэмдээ үнэлүүлэх хэмжээний байр сууриар хандах ёстой. Тэгж салбараа хайрлаж чаддаг хүмүүс л эзэмшсэн мэргэжлийнхээ эзэн байдаг.
Харин гуравдугаарх нь ашиг хонжоо, алдар хүнд горилох явдал. Монголчууд гэнэн хийгээд амархан хууртдаг хүмүүс. Магадгүй нинж сэтгэлтэй нь холбоотой ч байх. Түүн дээр нь дөрөөлж яг тухайн мэргэжлээр суралцаагүй байсан ч “көүч”, алив нэг юмны “ментор” гэх шошго нэрийнхээ урд тавьчихад л бусад нь үйлчилгээ авахыг зорьдог бололтой. Дагаад хандалт өснө, худал хуурмаг цол гуншингаа сүүлдээд алдар хүндтэй болно. Гэвч тийм нэр хүнд хөөс төдий зүйл.
Хүнийг хийсэн ажил нь тодорхойлохоос бус хүн өөрийгөө тодорхойлно гэдэг бол гутамшиг. Гэвч үүнийг нь хүлээн зөвшөөрч, тухайн хүнээс очиж заавар зөвлөгөө авч, сэтгэлзүйгээ, амьдралаа удирдуулна гэдэг гутамшгийн гутамшиг мөн.
Үнэндээ тэд бусдын сайн сайхны төлөө, үгүй аваас үнэхээр мэддэг, чаддагаа хүртээхийг хүсдэг бол урдах ажлаа хийхэд л болно. Түүнээс бусдаар бусдад өөрийгөө хүчлэн таниулахад мөнөөх гайхуулаад байгаа ядмагхан авьяасаа зориулж, мэргэжлээ дахин дахин гутамшиглах шаардлагагүй шүү дээ. “Адгийн тэнэг биеэ магтана” хэмээн ертөнцийн гурван тэнэгийг шууд оноон буулгасан энэ үг л өдгөө ийм хүмүүст зохирох буюу.
Сүүлийн хэдэн жил өөртөө цол олгогсдын өвчин даамжирчээ. Тиймдээ ч элдэв шагнал, урамшуулалд ичих нүүргүйгээр өөрсдийгөө тодорхойлох болсон. Төрийн соёрхолд, Алтан гадаст, Хөдөлмөрийн хүндэт тэмдэгт, Соёлын тэргүүний ажилтанд өөрийгөө тодорхойлно. Төр үүнийг хүлээн зөвшөөрч өршөөлөө хайрлана. Үгүй аваас өөрийг нь төр үнсэх, шагнах болсон гэх агуулгатай текст бичиж танил, дотно нэгнээрээ цахим дээр байршуулна. Ингээд гүйцэх нь тэр. Удахгүй болох найраа төсөөлж, ичих ч үгүй өөрийгөө тодорхойлж авсан шагналаа угаахаар шалавхан буугаа сүмбэдэж эхэлнэ.
Өөртөө олгосон цол бол өөртөө л олгосон цол. Суралцаагүй ч гэсэн мөнгөөр диплом худалдаж авахтай адил. Түүнд нь хууртах хэрэггүй. Хууртах аваас хуурамч үйлчилгээ, бүтээгдэхүүн л авна гэсэн үг.
Алдар хүндийг горилогсдод алсдаа ирэх шагнал нь үнэтэй болохоос бус зорин ирсэн үйлчлүүлэгчийн цаг хугацаа, үнэт зүйл, ирээдүйд бүтээх бүхэн ямар ч хамаагүй. Тэгэхээр танд ирэх хуурамч бүхэн бол тэдэнд итгэсэн тэнэглэлийн чинь л хариу