
Улсын Их Хурлын дарга Н.Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийлээ.
Хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, экспорт, импортын зөрүүтэй харьцааг багасгах, эдийн засгийн харилцан үр өгөөжийг нэмэгдүүлэхэд ЕАЭЗХ-ны гишүүн орнуудтай байгуулсан Худалдааны түр хэлэлцээр чухал хөшүүрэг болохыг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэв. Түүнчлэн Орос, Монголын бизнесийн төлөөллүүд, аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах эрмэлзэл, сонирхол ихээхэн өндөр байгааг айлчлалын үеэр зохион байгуулагдсан бизнес хэлэлцүүлэг, эдийн засгийн форумаас харж болно гэлээ. Иймд бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулалтын таатай эрх зүйн орчноор дэмжих, Евразийн зах зээлд нэвтрэхэд тулгамдаж буй тарифын бус саад тотгорыг цаг алдалгүй бууруулахад анхаарч, ажиллаж байгаагаа хэллээ.
ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко Монгол Улс нь ОХУ-ын Ази, Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш бөгөөд хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнө эртний уламжлалыг өргөжүүлэн хөгжүүлэхэд парламент хоорондын хэлхээ, холбоо чухал үүрэгтэйг тэмдэглэлээ.

Талууд эрчим хүч, аж үйлдвэр, зам, тээвэр, боловсрол, байгаль орчин, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа гүнзгийрэн бэхжиж буйг онцлон тэмдэглээд цаашид харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын парламентын зүгээс өндөр ач холбогдол өгч, үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа нотлов.