
БНХАУ Непал улсын нэгэн коллеж Ши Жиньпиний номын хэдэн зуун хувь хэвлэлийг шатаасан явдалд эсэргүүцэл илэрхийлж, уг асуудлыг мөрдөн шалгахыг шаарджээ.
Хятадын удирдагчийн номыг шатаасан буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг шаардсан нь Хятад-Непалын харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэх санаа зовнилыг өдөөсөн байна.
Ши Жиньпинийн “Хятадыг засаглахуй” гэх нэртэй номын хэдэн зуун хувь Морaнг муж дахь Манмохан Мемориал Политехник коллежид бусад номын хамт шатаагдсан байна.
Непалын сошиал сүлжээнд тархсан бичлэгт, Ши Жиньпиний зурагтай уг номыг гал руу шидэж буй дүрс харагджээ.
2014 онд хэвлэгдсэн энэ ном нь Ши Жиньпиний илтгэлүүдийг эмхэтгэн, Хятадын засаглал, эдийн засгийн чиглэл болон дэлхий дахины зорилтыг нь тодорхойлсон бүтээл юм. Гэвч уг коллежид яагаад ийм олон хувь хадгалагдаж байсан нь тодорхойгүй байна.
Тус коллежийн декан Рекха Шрестха “шатаасан номуудыг цагаан хорхойд идэгдсэн, олон жил ашиглагдаагүй номнууд байсан” гэж мэдэгдсэн бол удирдлага нь “жижиг албан тушаалын ажилтнууд лабораторийн өрөөг цэвэрлэх зорилгоор бусад бичиг баримтын хамт шатаасан” гэж тайлбарлажээ.
Уг явдлын дараа Хятадын Элчин сайдын яам Катманду хотод байрлах Непалын Гадаад хэргийн яаманд албан бичиг илгээж, хэрэг явдлыг шалгаж, буруутай хүмүүст яаралтай арга хэмжээ авахыг шаардсан байна. Үүний дараа Дотоод хэргийн сайд Оман Пракаш Ариал Морaнг дүүргийн албан тушаалтнууд болон цагдаагийн байгууллагад мөрдөн шалгах үүрэг өгчээ.
Тус дүүргийн захирагч Юварааж Каттел коллежоос албан тайлбар шаардаж, олон хүн цугларсны дараа хамгаалалтаа сайжруулан үүдэндээ цагдаа зогсоосон байна.
Тэрээр “Непал улс Хятадтай ойр харилцаатай учир ийм явдлыг тэвчиж болохгүй” хэмээн мэдэгдэж, “энэ бол эмзэг асуудал тул үнэн мөнийг тогтоохоор ажиллаж байна” гэж The Kathmandu Post сонинд ярьжээ.
Энэхүү явдлыг анх Live News Raftar агентлагийн сурвалжлагч Сону Кумар Дас мэдээлсэн байна. Тэрээр хүмүүс Ши Жиньпиний номыг камер руу харуулж байгаад галд шидэж байсныг харжээ. “Бямба гараг(2026.03.21)-ийн орой коллеж зарим бичиг баримтыг шатаах гэж байна гэсэн мэдээлэл авсан. Эхэндээ биднийг дотогш нэвтрүүлэхгүй байсан ч дараа нь оюутнуудыг дотогш оруулж, номнуудыг шатааж байгааг харсан. Ийм олон хувь номыг шатааж байгаад гайхсан” гэж тэр хэлсэн байна.
Бичлэг олон нийтийн сүлжээнд тарсны дараа Каттел Live News Raftar редакцид утасдаж, “энэ нь Хятад-Непалын харилцаанд сөргөөр нөлөөлж магадгүй” хэмээн устгахыг хүссэн гэх мэдээлэл байна.
Энэ явдал нь шинэ Ерөнхий сайд Балендэр Шахын хувьд анхны дипломат сорилт болж байгаа бөгөөд тэрээр Энэтхэг, Хятад хоёрын хоорондын харилцаанд тэнцвэр тогтоох хүнд даалгавартай тулгараад байна.