
Өнөөдөр иргэдэд олгож буй шагналуудаас хамгийн үнэ цэнтэй нь төрийн шагнал. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог, түүний гарын үсэг бүхий шагнал гэсэн үг. Шагналын үнэ цэн өдрөөс өдөрт унаж байгаа. Салбарын сайдын тушаалаар олгодог Соёлын тэргүүний ажилтнаас эхлээд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх, үнэлэгдэх байдал нь буурсаар л байгаа шагнал олон. Энэ байдлаараа удахгүй Монгол Улсын гавьяат хэмээх цол Соёлын тэргүүний ажилтан цолтой эн зэрэгцэх нь. Аливаа цолыг олгохдоо өндөр шалгуур тавих, тухайн цолыг хүртсэн хүн цөөхөн байр тусмаа тухайн шагнал илүү үнэ цэнтэй байдаг. Харин одоо Монголоор дүүрэн гавьяат цолтонтой болж байна. Төрийн шагналыг үнэ цэнтэй, шалгуур өндөртэй байлгах албан тушаалтан нь Ерөнхийлөгч. Гэтэл сүүлийн үед Ерөнхийлөгч маань эсрэгээрээ гавьяат хэмээх цолыг баруун солгойгүй олгодог боллоо. Хөдөө томилолтоор очсон газар бүртээ, уулзсан салбар бүртээ 1-7 гавьяат цол олгож байна. Өнгөрсөн гуравдугаар сараас хойш гавьяат цолыг дараах байдлаар олгов.
Гавьяат төрсөн өдрүүд:
2026.03.20-нд Завхан аймагт дөрөв,
2026.03.21-нд Ховд аймагт гурав,
2026.03.22-нд Баян-Өлгий аймагт долоо,
2026.03.23-нд Увс аймагт гурав,
2026.03.25-нд Говь-Алтай аймагт гурав,
2026.04.08-нд Налайх дүүрэгт хоёр,
2026.04.08-нд Төв аймагт гурав,
2026.04.09-нд Багануур дүүрэгт хоёр,
2026.04.27-нд Баянзүрх дүүрэгт тав,
2026.04.29-нд Чингэлтэй дүүрэгт дөрөв,
2026.04.30-нд Сүхбаатар дүүрэгт тав,
2026.05.04-нд Эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзахдаа дөрөв,
2026.05.04-нд Хан-Уул дүүрэгт тав,
2026.05.05-нд ШУТИС-ийн хамт олонтой уулзахдаа зургаа,
2026.05.06-нд Баянгол дүүрэгт тав,
2026.05.07-нд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхантай уулзахдаа дөрөв,
2026.05.08-нд Сонгинохайрхан дүүрэгт зургаа,
2026.05.11-нд батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний төлөөлөлтэй уулзахдаа гурав,
2026.05.12-нд сувилагч нарын төлөөлөлтэй уулзахдаа нэг,
2026.05.13-нд МУБИС, ХААИС-ийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзахдаа хоёр,
2026.05.14-нд Үндэсний батлан хамгаалахын их сургууль болон Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн багш, ажилтнуудтай уулзахдаа хоёр,
2026.02.14-нд хууль зүйн салбарын бие бүрэлдэхүүний төлөөлөлтэй уулзахдаа тав,
2026.05.15-нд цэцэрлэг, ЕБС-ийн багш нартай уулзахдаа хоёр,
2026.05.15-нд АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудтай уулзахдаа гурав,
2026.05.18-нд санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзахдаа гурав,
2026.05.19-нд такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзахдаа нэг,
2026.05.19-нд соёл, урлагийн салбарынхантай уулзахдаа гурав.
Хоёр сарын хугацаанд Ерөнхийлөгч өөрийн биеэр 96 хүнд гавьяат цол олгожээ. “Нүдээ аниад чулуу шидэхэд нэг Prius ононо. Тэрний жолооч нь соёлын тэргүүний ажилтан байна” гэсэн хошигнол бий. Соёлын тэргүүний ажилтан хэмээх цолыг ингэтэл нь хавтгайруулан олгосон гэсэн үг. Яг үүнтэй адил гавьяат хэмээх цолыг хавтгайруулан олгож байна. Уг нь төрийн шагналыг Үндэсний их баяр наадам, Цагаан сараар гэх мэтээр жилдээ хэдхэн удаа олгодог байлаа. Мөн Төрийн ордонд ёслол төгөлдөр олгодог байв. Ингэж олгосон шагнал авч байгаа, өгч байгаа хэн хэндээ хамгийн үнэ цэнтэй. Харин одоо төрийн шагналыг хаана ч, хэзээ ч олгосон болдог боллоо. Ингэх тусам төрийн шагналын үнэ цэн унаж байна. Энэ байдлаараа гавьяат хэмээх цолыг айлд зочилж цай уухдаа олгодог болох нь.