БНХАУ-ын Фужянь мужийн Фүжөү хотод болж буй хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Зүүн Aзийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг аваргатай боллоо. Япон, БНХАУ, Монгол, БНСУ зэрэг найман орны баг тамирчид оролцсон тус тэмцээнд манай улсаас 12 тамирчин, дөрвөн дасгалжуулагч өрсөлдлөө. Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр манай баг тамирчид алтан медаль хүртсэн амжилттайгаар тэмцээнээ дуусгалаа.  

Эмэгтэйчүүдийн 86 кг-ын жинд ОУХМ Б.Энхжин огцом өргөлтөөр 99 кг-ыг өргөж алт, түлхэлтээр 121 кг-ыг өргөн хүрэл, нийлбэр дүнгээр 220 кг өргөж мөнгөн медаль хүртлээ. Тэрээр “Алдар” спорт хорооны дасгалжуулагч А.Отгонжаргал, Ч.Март нарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж оролцжээ. 

2025 оны Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчдаас Б.Энхжин алт, мөнгө, хүрэл медаль хүртэж баг тамирчдаа тэргүүллээ. Мөн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Б.Отгонтуул гурван хүрэл медаль авсан бол эрчүүдээс 65 кг-ын жинд Э.Доржрагчаа хоёр хүрэл медалийн эзэн болсон. Энэ тэмцээнд хүндийн өргөлт өндөр түвшинд хөгжсөн Япон, БНХАУ-ын баг тамирчид жин тус бүрт аваргын алтан медаль хүртлээ. Тэмцээнийг зохион байгуулагч БНХАУ-ын баг багийн дүнгээр тэргүүлж, Япон, БНСУ-ын баг удаалав. 

Тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд "Токио 2020", "Парис 2024" зуны олимпын наадмын шүүгч Л.Одгэрэл болон Олон улсын шүүгч Б.Оюунтунгалаг багтан ажиллалаа.