
Өмнөд Солонгост автомашин үйлдвэрлэгч 4 компани нийт 530 мянга гаруй тээврийн хэрэгслийн гэмтэлтэй эд анги засварлах зорилгоор сайн дурын үндсэн дээр эргүүлэн татахаар болсон тухай тус улсын тээврийн яам мэдэгдлээ.
Тодруулбал, Hyundai Motor Company, Kia Corporation, KG Mobility болон Toyota Motor Korea гэсэн 4 компани нийт 17 загварын 532 144 нэгж автомашиныг эргүүлэн татах юм.
Hyundai Motor 4 загварын нийт 239 683 автомашиныг, үүнд Santa Fe спорт хэрэглээний автомашин (SUV) багтаж байгаа бөгөөд суудлын бүсний доголдлоос шалтгаалан ослын үед зорчигчийг хангалттай хамгаалж чадахгүй байх эрсдэлтэй гэж үзжээ. Мөн тусдаа байдлаар Elec City маркийн 202 нийтийн тээврийн автобусыг их биеийн дээд хүрээнд ан цав үүсэх эрсдэлтэй гэх шалтгаанаар эргүүлэн татна.

Kia нийт 220 059 Ray жижиг оврын автомашиныг программ хангамжийн алдаанаас болж хөдөлгүүр гэнэт унтрах эрсдэлтэй тул засварлах юм байна.
KG Mobility 6 загварын нийт 51 535 автомашиныг, үүнд Torres SUV багтаж байгаа бөгөөд программын санах ойн хэт ачааллаас болж хяналтын самбарын дэлгэц гацах эсвэл унтрах магадлалтай гэжээ.
Toyota Motor Korea 3 загварын 2132 автомашиныг, үүнд Prius 2WD багтаж байгаа бөгөөд арын хаалганы бариулын гэмтлээс шалтгаалан жолоодлогын үед хаалга онгойх эрсдэлтэй тул эргүүлэн татах аж.