
- Монгол Улсын 15 настай сурагчдын 49 хувь нь суурь түвшний математикийн мэдлэг, чадвартай,
- Монгол Улсын гурван сурагч тутмын нэг нь унших чадварын, хоёр сурагч тутмын нэг нь байгалийн ухааны суурь түвшний мэдлэг, чадвартай,
- Монгол улсын 15 настай хөвгүүдийн гурван сорилын дүнгээрээ үеийн охидоосоо дунджаар 25 оноогоор бага байгаа нь хөвгүүд охидоосоо нэг жил гаруй хугацааны сурлагын хоцрогдолтой явааг илтгэж,
- Сумын сурагчид аймгийнхаас, аймгийн сурагчид хотын сургуулийн сурагчдаас гурван чиглэлийн сорилд тус бүр бага дүн үзүүлсэн нь сумдын сурагчид хотын сурагчдаас даруй хоёр жил гаруй хугацааны сурлагын хоцрогдолтойг илтгэнэ.
Дээр өгүүлсэн баримт бол улс нийтээрээ шуугиж боловсролын тогтолцооныхоо багийг хуулуулсан ПИСА үнэлгээний Монгол улсын авсан дүн. 2022 онд Монгол сурагчид “Суу дунд” гэсэн дүнг ПИСА хэмээх олон улсын багшаасаа авчээ.

Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага(OECD)-аас гурван жил тутамд Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ(PISA)-г зохион байгуулдаг. 15 настай сурагчдын мэдлэг, ур чадварыг унших чадвар, математик, байгалийн ухааны чиглэлээр үнэлдэг энэхүү үнэлгээнд манай улс анх удаа 2022 онд анх хамрагдаж байсан бол өнгөрсөн жил 2 дахь удаагаа хамрагдаж, дүнгээ удахгүй сонсох гэж буй.
Анхны үнэлгээгээр “анхаарал шаардлагатай” үнэлгээ авсан шалтгаан нь монгол сурагчдын уншаад ойлгох ур чадвар тааруу байгаатай холбоотой байсныг мэргэжилтнүүд онцолж байлаа. Хамгийн гүйцэтгэл султай хэмээн үнэлэгдсэн унших чадварын үнэлгээгээр монголын 15 настай сурагчдын 64 орчим хувь нь унших чадвар эзэмшээгүй буюу гурван сурагч тутмын хоёр нь эх хэлээрээ уншсан зүйлээ ойлгож, эргэцүүлэх, бусдад өөрийгөө илэрхийлэх болон бичгийн чадвар сул гарсан. Монгол сурагчдын ердөө 30 гаруй хувь нь л унших чадварын суурь түвшинг хангаж буй нь тун чамлууштай үзүүлэлт юм.
Монгол Улсын хүн амын бичиг үсэг тайлагдалт, ЕБС-д хамрагдсан байдал өндөр. Дэлхийн банкны 2024 оны судалгаагаар 15 ба түүнээс дээш насны хүн амын бичиг үсэг тайлагдсан байда 98.64 хувь, Бага боловсролын сургуулийн хамран сургалт 92.34 хувь, харин Дунд боловсролын хамран сургалт 96.82 хувьтай гарчээ.
Дээрх дүнгээс харахад бид ерөнхий боловсролд сурагчдаа бүрэн сайн хамруулдаг мэт. Харин боловсрол олгох талаа бүрэн орхигдуулсан бололтой.

Унших, уншсанаа ойлгох чадвар зөвхөн гадаад дотоод хэлний чадвараа хөгжүүлэхэд “зориулагдсан” дасгал төдий зүйл биш аж. Тив дэлхийн математик, хими, физик гэхчлэн тоон суурьтай олимпиадад монгол сурагчид чамгүй амжилт гаргадаг ч нийтээрээ яагаад уншсанаа ойлгох гэдэг дээр “дунд” дүн тавиулав. Эх хэл дээрээ байгаа өгүүлбэртэй бодлого уншаад өгөгдлийг нь бүрэн ойлгодоггүй, уртавтар бичвэрийг тогтож сууж уншиж сураагүйгээс байгалийн ухааны хичээлүүдээрээ ч гавихгүй болцгоожээ.
ПИСА-д авсан энэ цочир үнэлгээ нь бид боловсролын салбарын бодлого зохицуулалт, үнэлэмж үнэлгээнд анхаарах болсныг илтгэсэн. Эндээс бид цээжлүүлж цээжилж сургах аргаас илүүтэй хийж бүтээдэг, уншиж судалдаг арга зүйд шилжих хэрэгтэй нь харагдсан. Гэхдээ багш нар математик, монгол хэлээ муу заагаад байгаа гэж ойлговол өрөөсгөл. Харин сургалтын агуулга, сурах бичгийн боловсруулалт юунд чиглэгдсэн байна вэ? Хүүхэд тухайн хичээлээр үзэж судласан зүйлээ өөрөө эргэцүүлж, эргэж бодох хэмжээний чадвар эзэмшүүлж байна уу, өөрт нь үлдэхүйц сэдвийг насанд нь тохирсон агуулгаар олгож, түүнийгээ бататгаж байна уу, бие даах чадварыг систем нь олгож байна уу гэдэг том асуултыг бидэнд үлдээсэн.
Багш ярьж, сурагч робот шиг түүнийг нь давтан цээжилдэг, багш төвтэй, салбарын сайдын сонирхол, карьераар шийдэгддэг тогтворгүй тогтолцоотой хэвээрээ байвал ПИСА-гийн үнэлгээ төдийхнөөр зогсохгүй хоёр зууны өмнөх хөмөрсөн тогоон доторх шиг монгол маягийн боловсролтойгоо гацах бололтой.
Жил бүрийн зун, намрын хэрүүлийн алим болсон Элсэлтийн шалгалтыг нийгэм нийтээрээ анхаардаг шиг ПИСА-гийн дүндээ зөв дүгнэлт хийж, алдаанаасаа суралцахад анхаарцгаая. Монголдоо бид яаж ийгээд их, дээд сургуулийн босго оноог мөлхөөд ч болов, мөнгөөр чирүүлээд ч болов давдаг. Гэхдээ дэлхийн шалгуурт тэнцэхийн тулд ядаж эх хэлээрээ уншаад ойлгох хэмжээгээрээ тэнцдэг болохын тулд хаанаас эхэлж, юугаа засах хэрэгтэйгээ үнэн зөвөөр тодорхойлохоос эхэлцгээх үү?