Орос улс Украины өмнөд хэсгийн стратегийн ач холбогдолтой Одесса муж дахь довтолгоогоо эрчимжүүлж, өргөн хүрээний цахилгаан тасалдал үүсгэн, боомт болон далайн тээврийн дэд бүтцэд ноцтой хохирол учрууллаа.
Украины Шадар сайд Олексий Кулеба Москва энэ бүс нутагт тогтмол, зорилготой халдлага үйлдэж буйг онцолж, дайны голомт нь Одесса болж магадгүйг анхаарууллаа. Харин Ерөнхийлөгч Володимир Зеленский энэ бол Украины далайн тээвэр, экспортын гарцыг хаах гэсэн оролдлого хэмээн мэдэгдэв.
Арван хоёрдугаар сарын эхээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хар тэнгист Оросын “сүүдрийн флот”-ын танкерууд дроны халдлагад өртсөний хариуд Украиныг далайд гарах боломжгүй болгоно гэж анхааруулж байсан. “Сүүдрийн флот” гэдэг нь 2022 онд Украинд бүрэн хэмжээний дайн эхэлснээс хойш барууны хориг арга хэмжээг “тойроход” ашиглагдаж буй нефть тээвэрлэгч хөлгүүдийг хэлдэг.
Сүүлийн өдрүүдэд Одессын боомт дараалсан цохилтод өртжээ. Даваа гарагийн орой болсон халдлагын улмаас энгийн иргэний нэг хөлөг онгоц гэмтсэн тухай бүс нутгийн захирагч мэдээлсэн байна. Энэ нь сүүлийн хэд хоногийн турш үргэлжилсэн олон зуун довтолгооны хамгийн сүүлийнх бөгөөд цахилгаан хангамж тасалдаж, хүний амь эрсдэв.
Ням гарагийн шөнө болсон цохилтын улмаас 120 мянган хүн цахилгаангүй болж, томоохон боомтод гал гарч, гурил болон ургамлын тос ачсан олон арван чингэлэг бүрэн шатсан байна. Харин өмнөх долоо хоногт Пивденний боомтод баллистик пуужингаар цохилт өгснөөр найман хүн амиа алдаж, дор хаяж 30 хүн шархаджээ. Мөн долоо хоногийн эхэнд болсон өөр нэг халдлагын үеэр гурван хүүхдийн хамт машинаар зорчиж явсан эмэгтэй амиа алдаж, Украин ба Молдавийг холбодог Одесса мужийн цорын ганц гүүр түр хугацаанд хаагдсан юм.
Ерөнхийлөгч Зеленский амралтын өдрүүдэд Агаарын цэргийн командлагч Дмытро Карпенког албан тушаалаас нь чөлөөлсөн бөгөөд бүс нутгийн агаарын хамгаалалтын шинэ удирдлагыг ойрын хугацаанд томилно гэдгээ мэдэгдсэн.
Одесса хот нь Киев, Харьковын дараа ордог Украины гурав дахь том хот бөгөөд тус улсын эдийн засгийн гол тулгуур боомт юм. Запорожье, Херсон, Миколаевын бүс нутгийн боомтууд Оросын эзлэн түрэмгийллийн улмаас Украины хяналтаас гарсан нөхцөлд Одесса стратегийн онцгой ач холбогдолтой болох юм.
Дайны хүнд нөхцөлд ч Украин дэлхийн улаан буудай, эрдэнэ шишийн томоохон нийлүүлэгч хэвээр байна. 2023 оны наймдугаар сараас эхлэн Одессоос Румын, Болгарын эргийг даган Турк хүрэх үр тарианы экспортын чухал гарц тасралтгүй ажиллаж байгаа юм.
Зеленский “Орост бодит дарамт үзүүлэхгүй л бол тэд түрэмгийллээ зогсоох ямар ч сонирхолгүй байгаа” хэмээн мэдэгдсэн нь Майамид болсон АНУ-ын удирдсан ээлжит дипломат хэлэлцээ өндөрлөхтэй давхцав. Хэдийгээр АНУ Украин, Оросын төлөөлөгчидтэй тус тусад нь уулзаж, өөдрөг мэдэгдэл хийсэн ч бараг дөрвөн жил үргэлжилж буй дайныг дуусгах бодит ахиц гарсангүй.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Стив Виткофф Украины Батлан хамгаалахын сайд Рустем Умеровтой хамт Украины дэвшүүлсэн 20 заалт бүхий энхийн хэлэлцээрийн төслийн талаар байр сууриа ойртуулахад анхаарч ажилласан гэж мэдэгдэв.
Кремлийн зүгээс Европ болон Украины оруулж буй өөрчлөлтүүд энх тайвны боломжийг нэмэгдүүлэхгүй хэмээн мэдэгдсээр байна. ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков Европын холбооны орнууд Орос–АНУ-ын боломжит тохиролцоог тасалдуулахыг зорьж байна гэж буруутгаад, Орос улс Европын холбоо болон НАТО-д халдах ямар ч санаа зорилгогүй гэдгээ хууль эрх зүйн баримтаар баталгаажуулахад бэлэн гэж онцоллоо.