Монгол Улс Бүгд найрамдах Солонгос улсын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ ойн хүрээнд БНСУ-ын уран бүтээлчид манай улсад ирж Ж.Пуччини “Чио Чио Сан” дуурьт хамтран тоглохоор болжээ.

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа зургаадугаар сарын 7, 8-д болох “Чио Чио Сан” дуурийн гол дүрд БНСУ-ын дуучид дуулна. Энэ удаа найруулагч Ан Жо болон дуучин Жо Хёюн, Квон Субин нарын уран бүтээлчид тоглолтод оролцоно. Зочин дуучид энэ удаа Чио Чио Сан болон Сүзүкигийн дүрийг бүтээнэ.

Италийн нэрт хөгжмийн зохиолч Ж.Пуччини “Чио Чио Сан” буюу “Эрвээхэй хатан” дууриа анх хоёр үзэгдэлтэй бичжээ. Уг дуурийн хамгийн анхны тоглолтыг 1904 онд алдарт Ла Скала театрт тоглоход үзэгчид огтхон ч хүлээж аваагүй байна. Тиймээс Пуччини богино хугацаанд дууриа засч гурван үзэгдэлтэй болгон бичсэнийг Брессиагийн театрт тоглоход гайхалтай амжилттай олжээ.

Дуурийн цомнолыг Л.Иллиса, Ж.Жакоса нар зохиолч Ж.Л.Лонгийн “Эрвээхэй хатан” туужаас сэдэвлэн бичсэн байна. 1906 онд Пуччини 3 дахь хувилбараа бичиж Нью- Йоркийн театрт тоглуулаад 1907 онд дөрөв дэх хувилбар болгож зарим хоолойг нэмсэн нь Парист анх тоглогджээ.

Хамгийн сүүлд буюу 1907 оны сүүлээр Пуччини нэгтгэн засварлаж эцсийн хувилбарыг гаргасан нь “Үндсэн эх” хэмээн нэрлэгдэж дэлхий дахинаа тоглогдож байна. “Чио Чио Сан” дуурь дэлхий дахинаа тогтвортойгоор хамгийн их тоглогддог дуурийн зургаадугаарт бичигдэж байна.