
Япон улсын Нагоя хотод болж буй Азийн пара наадмын байт харвааны медалийн төлөө өрсөлдөх тамирчид эхнээсээ тодорч эхэллээ. Өнөөдөр болсон пара байт харвааны эмэгтэйчүүдийн рекурв 70 метрийн зайн харваанд Монгол Улсын тамирчин Д.Сэлэнгээ мөнгөн медалийн болзол хангалаа. Тэрээр алтан медалийн төлөөх шийдвэрлэх харвааг БНХАУ-ын тамирчин Гао Зы Ханьтай ирэх бямба гарагт буюу энэ сарын 24-ний өдөр хийнэ.
Д.Сэлэнгээ урьдчилсан харваанд 564 оноо авч долоодугаар байрт эрэмбэлэгдсэн. Улмаар эхний тойрогт Ираны харваач Бабахабиб Мохадесехийг 6:5-аар, шөвгийн наймд Энэтхэгийн тамирчин Бхавнаг 6:2-оор, хагас шигшээд Индонезийн Новера Россыг мөн 6:2-оор хожиж, алтан медалийн төлөө харвах эрхтэй боллоо.
Харин Б.Оюун-Эрдэнийг эхний тойрогт ялсан БНХАУ-ын харваач Гао Зы Хань шигшээ харваанд шалгарсан.
Монголын пара байт харвааны баг ганцаарчилсан төрлөөс гадна холимог хос, багийн төрөлд өрсөлдөж байна.
