
Дэлхийн хамгийн өндөр настай хүн болох Их Британийн иргэн Этель Катерхэм баасан гарагт 117 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ.
Лондон хотоос ойролцоогоор 25 милийн зайд орших Суррей мужийн асрамжийн газарт амьдардаг Катерхэм нь 117 нас хүрсэн анхны британи иргэн болсон тухай Guinness World Records мэдээлжээ.
Катерхэм Их Британийн PA Media агентлагт “Би гэр бүл, найз нөхдийнхөө хамт сайхан өдөр өнгөрүүлж, баяраа тэмдэглэлээ. Ирэх жил юу авчрахыг харахыг тэсэн ядан хүлээж байна” гэжээ.
Мөн дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй, Бразилын иргэн Жоау Маринью Нету үе чацуутан Катерхэмд төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Катерхэм 116 насныхаа төрсөн өдрийн дараахан, өнгөрсөн оны есдүгээр сард Их Британийн хаан III Чарльзтай уулзжээ.
Тэр үеэр Катерхэм Чарльз 1969 онд 21 настайдаа Уэльсийн хунтайжийн цол хүртсэн ёслолыг дурсаж “Бүх охид танд дурлаж, тантай гэрлэхийг хүсдэг байсан” хэмээн хэлж байжээ.
Хоёр дэлхийн дайнаас эхлээд Ковид-19 хүртэлх 117 жил
Катерхэмийн амьдралын 117 жилд Дэлхийн нэгдүгээр болон хоёрдугаар дайн, “Титаник” хөлөг онгоц живсэн явдал, Оросын хувьсгал, Ковид19 цар тахал зэрэг дэлхийн түүхийн томоохон үйл явдлууд тохиожээ.
Тэрбээр 2020 онд 110 настайдаа Ковид 19 халдвар авч байсан ч эдгэрсэн бөгөөд уг вирусийг даван туулсан хамгийн өндөр настай хүмүүсийн нэг гэж Guinness World Records тэмдэглэсэн байна.
Этель Катерхэм 1909 оны наймдугаар сарын 21-нд Английн өмнөд хэсгийн Хэмпшир мужийн Шиптон Беллинжер тосгонд найман хүүхдийн долоо дахь нь болон төржээ. Тэрбээр VII Эдвард хааны хаанчлалын үед төрсөн одоо хүртэл амьд байгаа сүүлчийн хүн юм. 18 настайдаа Катерхэм ганцаараа Энэтхэг рүү аялж, тэнд цэргийн гэр бүлийн хүүхэд асрагчаар ажиллаж байжээ.
Хожим тэрээр 1931 онд болсон нэгэн оройн зоогийн үеэр Британийн армийн хошууч Норман Катерхэмтэй танилцаж, хоёр жилийн дараа гэрлэсэн байна. Хосууд эхлээд Солсбери хотод амьдарч байгаад хожим гадаадад, тэр дундаа Хонконгод суурьшжээ. Катерхэм Хонконгод байхдаа цэцэрлэг байгуулсан байна.
Дараа нь тэд Их Британид буцаж ирж, хоёр охиноо өсгөжээ. Хоёр охин нь нас барсан бол нөхөр Норман Катерхэм нь 1976 онд өөд болжээ. Этель Катерхэм одоо гурван ач охин, таван гучтай.
117 нас хүрсэн нь гайхамшигтай амжилт боловч Катерхэм хүн төрөлхтний түүхэнд баталгаажсан хамгийн урт насалсан хүний дээд амжилтаас нэлээн “залуу” байгаа юм.
Хамгийн урт насласан хүний дээд амжилтыг Францын иргэн Жанна Кальман эзэмшдэг. Тэрбээр 1997 онд 122 нас, 164 хоногтойдоо нас барсан нь хүн төрөлхтний түүхэнд албан ёсоор баталгаажсан хамгийн урт насалсан хүн болгожээ.