
Чамаас илүү "хатуу гараар" хүмүүжсэн
Айлын ууган хүүхэд гэр бүлд шинэ хүн мэндлэх хүртэл хэсэг хугацаанд айлын ганц хүүхэд байдаг. Өөрөөр хэлбэл аав ээжүүд дөнгөж эцэг эх байхад суралцаж байх тэр үе. Туршлагагүй эцэг эх юуг зөв, юуг буруу хийж байгаагаа мэддэггүй учир алдаа гаргахаас үргэлж айдаг. Тиймээс анхны хүүхдэдээ арай хатуу ханддаг гэнэ. Харин дараагийн хүүхэд төрөхөд туршлага сууж, хэрхэхээ мэддэг болсон байдаг тул илүү уян хатан болдог аж.
Ээж аав нь түүнд айлын том нь гэдгийг үргэлж сануулдаг
"Ах хүн дүүгээ хамгаалдаг юм, эгч нь юм чинь энэ удаад гэрээ хараад үлд, өдий том болчихоод аав ээждээ эрхэлж болохгүй, чихрээ дүүтэйгээ хуваа" гэсэн үгсийг айлын ууган хүүхэд л сонсож өсдөг. Тэд бүхнээ дүүтэйгээ хувааж, дүүгийнхээ төлөө хариуцлагатай байж, дүүгээ сэрээхгүй гэсэндээ чимээгүй уйлдаг. Хэн чамайг цэцэрлэгт чинь хүргэж, сургуулиас чинь тосож, ээж аавыг байхгүйд эцэг эхийн хуралд суудаг байсныг санаж байна уу. Ах эгч нар хүүхэд байхаасаа л чиний төлөө олон үүрэг хариуцлага үүрдэг юм шүү дээ.
Дүүдээ сайн үлгэр дууриал үзүүлэхийг хичээдэг

Чамайг байдаг болохоор л тэд төлөв даруу байж, аливаад хэрсүү загнадаг. Тэд залуу, жаахан хүүхэд байсан ч яг л том хүн шиг сэтгэж, шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Дүү нь тэднийг харж, дууриана гэдгийг ах эгч нар сайн мэднэ. Тиймээс ах эгч нар чинь чамд нөлөөлөөд зогсохгүй, чи тэдэнд нөлөөлдөг байх нь.
"Залхаан цээрлүүлт" биш туршлага юм шүү
Тэдэнд ч гэсэн аав ээжтэйгээ муудалцаж, найз нартайгаа ам мурийж, сургууль дээрээ асуудалтай тулгарах зэрэг бэрхшээл мундахгүй. Заримдаа зөвхөн өөрийнхөө асуудлыг тоочиж, чамайг залхааж байгаа мэт санагдаж болох юм. Үнэн хэрэгтээ чамайг ийм алдаа битгий гаргаасай гэсэндээ л туршлагаа хуваалцаж байгаа хэрэг шүү дээ.
Дүүгээ алдаа гаргана гэдгийг мэддэг

Дүү нар зарим бэрхшээлийг бидэнгүйгээр шийдэх үе ирэх нь гарцаагүй гэдгийг тэд мэддэг. Чихээ халууцтал хэлээд ойлгоогүй зүйлсийг чи өөрөө биеэр туулах нь хамгийн том сургамж. Зааж зөвлөх ах эгчгүй өссөн айлын ууган хүүхэд үүнийг хамгийн сайн мэднэ. "Өөрөө бүхнийг ойлгож авах гэсэн юм байлгүй, өнөөдөр байгаа байдал нь нэг л аальгүй" гээд дуу хүртэл байдаг биз дээ. Гэхдээ чамайг алдаа гаргаад уйлж суухад ах эгч нар чинь л аргадаж тайвшруулж байсныг мартаагүй байх.
Аав ээж чинь чамайг ойлгоход тэд л тусалдаг
Заримдаа тэд аав ээж, дүү нарынхаа хооронд "зуучлагч" хийдэг. Чиний зөв байгаагүй ч чиний л талд зогсож, чиний гаргасан үйлдлийг тэдэнд зөвөөр ойлгуулахыг хичээдэг. Оройтож ирээд сэмхэн өрөө рүүгээ алхаж байгааг чинь харсан ч өглөө нь босоод "дүү эрт ирсээн" гээд хэлээд зогсож байдаг хүмүүс хэн билээ?
Чамайг өсч, томрох тусам чиний төлөө санаа зовнидог

Гэр бүлээрээ кино үзээд сууж байтал "том хүмүүсийн" хэсэг гарвал тэнд хэлгүй дүлийчүүдийн цугларалт болсноос өөрцгүй. Ихэнх нь эцэг эхчүүд иймэрхүү сэдвээр хүүхэдтэйгээ ярилцахаас жийрхдэг. Тэгвэл аав ээжээсээ асуухад ам эвлэхгүй асуудалд чинь ах эгч нар л хариулт өгдөг. Жишээ нь эгч нар дүүгээ ахлах ангид ороход хэрхэн хөвгүүдтэй ярих, нүүрээ будах, хувцасаа сонгох зэрэгт зөвлөгөө өгдөг. Бас чамайг дурласан хөвгүүндээ хаягдах вий, сургууль дээрээ хүүхдүүдэд зодуулчих вий гэж санаа зовниж явдаг хүн байдагт баярлах хэрэгтэй.
Будилах үе гаралгүй яахав
Ах эгч нар олон үүрэг рольд бэлэн байх шаардлагатай болдог. Тэд багш, найз, тэр бүү хэл бие хамгаалагч ч болдог. Ихэнхдээ тэд эдгээр дүрийг бүтээж байгаагаа ч өөрөө анзаардаггүй. Чи хүүхдүүдэд шоглуулаад "Ахдаа хэлнэ шүү" гэж уйлж байснаа санаж байна уу?
Чамд туслаад сэтгэл нь баярладаг

Чамайг тусламж гуйхад чинь баярлах хамгийн анхны хүн бол ах эгч нар. Тэд биеэ үл хайрлан чамайг асуудлаас гаргахыг хичээнэ. Яг л өөрөө асуудалд орсон мэт.
Ах эгч чинь өнөөдрийг хүртэл энэ бүхнийг чамд хэлж байгаагүй байх, магадгүй цаашид ч хэлэхгүй биз. Учир нь хэн нэгний ах бас эгч нь байна гэдэг хамгийн хүндтэй бөгөөд эрхэм ҮҮРЭГ болохоор...
