Цайны цагаараа ажлын ойрхон нэгэн кафе орж жаал суулаа. Ширээн дээр шингэн тамхи буюу электрон тамхи байв. Хэн нэгэн орхисон бололтой тамхийг сонирхон ажиглахад эргэн тойрны гадаргууд нь цэцгэн шигтгээ наачихсан наалддаг зурагтай хүүхдийн гэмээр чимгэлчихсэн байх нь тэр.
Төд удалгүй кафен үүдэнд 10 жилийн жаахан охин зөөгчөөс электрон тамхиа асууж учирлаад аваад явчихав. Хаа сайгүй олон өнгийн, хэлбэр дүрстэй, үнэр амттай тамхийг хүүхдүүд хээв нэг татан сууж харагдана. Электрон тамхи дэлгүүрээр чихэр шиг зарагддаг болсон нь түүний талаар дурдахгүй өнгөрч болохгүй чухал сэдвийн нэг болоод буй. Энэхүү тамхи хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйгөөс гадна түүний пластик эд анги, хаягдал нь байгаль экологид ноцтой хор хөнөөл учруулж чимээгүй тахал бий болоод байна. Электрон тамхийг хамгийн анх 2003 онд Хятадад бүтээжээ. Уламжлалт тамхинаас ялгаатай нь хэрэглэгч утаа биш олон төрлийн амттай уур сордог. Өөрөөр хэлбэл шингэнийг уур болгон сордог байна. Англиар vapor гэх бөгөөд түүнээс вэйп гэх нэршил үүсэж, татах үйл явцыг вэйпинг гэж нэрлэх болсон байна. Үйлдвэрлэгчид электрон тамхи нь тамхинаас гарахад зориулсан, эрүүл мэндэд учруулах хор уршиг харьцангуй бага гэж сурталчилдаг ч баттай судалгаа байхгүй хэвээр байна. Электрон тамхины хог хаягдал нь нэг удаагийн сав баглаа, электрон шингэн агуулсан хуванцар, баттерейтай бөгөөд электрон хог хаягдлын тоонд багтах юм. Уг тамхины хаягдал нь хуванцар хог хаягдал, аюултай хорт бодис агуулсан тул байгаль орчинд хоруу чанар ихтэй. Учир нь, электрон тамхины хуванцар нь органик материал шиг байгальд задардаггүй. Электрон тамхины шингэн агуулдаг сав нь хуванцар, никотины давс, хүнд металл, хар тугалга, мөнгөн ус, шатамхай литиион баттерей агуулдаг. Тиймээс энгийн хог хаягдалтай хамт хаягдах нь эсрэгээрээ байгаль экологид сөрөг нөлөөтэй. Олон төрлийн электрон тамхи нь ууршуулж сордог шингэнээ хадгалахын тулд хуванцар сав ашигладаг. Электрон тамхи хэрэглэгчид татаж буй шингэн нь дууссаны дараа нэг удаагийн савыг сольж ашигладаг. Сард дунджаар гурван удаа шингэнийг агуулдаг савыг авч цэнэглэлт хийдэг. Гэвч эдгээр савнууд нь аюултай хог хаягдал болох никотин агуулсан тул бусад хуванцар хог хаягдалтай хамт дахин боловсруулах боломжгүй байдаг аж. Тус хаягдлыг авах зориулалтын тусгай газар манай улсад байдаггүй учир одоогоор хэрэглэсэн электрон тамхины хог хаягдал энгийн хог хаягдалтай хөрсөнд хаягдаж байна. Мөн илүү их хог хаягдал үүсгэж буй нэг удаагийн хэрэглээнд зориулагдсан электрон тамхи нь химийн хорт хог хаягдлыг нэмэгдүүлэх үндэс болж буй.
“Truth Initiative”-ээс 2020 онд хийсэн судалгаагаар залуучуудын 49.1 хувь нь электрон тамхины хог хаягдлаа хаана хаяхаа мэдэхгүй гэж хариулжээ. Тус судалгаанаас харахад хэрэглэгчид электрон тамхины хог хаягдал төлөврүүлэх цэг хэрхэн хаяах талаар мэдээлэлгүй байгаа нь харагдаж байна. Үүнтэй адил Монгол Улсад энэ төрлийн хог хаягдлыг авч боловсруулах цэг байдаггүй.
Хэрэглэгчид электрон хог хаягдал хаана хаяхаа мэдэхгүй хэвээр байна. Мөн электрон тамхи борлуулагч, үйлдвэрлэгчид тамхины хог хаягдлыг хэрхэн хаях, зохих арга хэмжээг хариуцдаггүй, мэдээлэл өгдөггүй. Энэ мэт ойлгомжгүй асуудлуудад шийдэл алга.

Электрон тамхинд тодорхой зохицуулалт хийх шаардлага нэгэнтээ үүссэн гэдгийг олон судалгаа харуулж байна. Бид ажиллаж байгаа.
Электрон тамхи нь залуучуудын эрүүл мэндэд ихээхэн эрсдэл учруулаад зогсохгүй байгаль орчинд аюул учруулдаг бөгөөд энгийн тамхитай харьцуулахад электрон тамхины хаягдал нь биологийн аргаар задардаггүй. Гудамжинд хаягдсан электрон тамхи нь эцэстээ микропластик болон химийн бодис болж задарч ус, хөрсийг бохирдуулдаг аж.
Хэрэглээнд тохирсон хариуцдага Бид хамгийн эхэнд электрон тамхийг хэрхэн аюулгүй хаях вэ гэдэг асуултад хариулж байж байгаль экологид эерэгээр нөлөөлж чадна. Электрон тамхийг аюулгүй устгана гэдэг нь баттерей болон электрон тамхитай зөв харьцах явдал юм. Энэ хүрээнд электрон тамхийг хаяхын тулд эхлээд зайг нь салгаж зай авдаг тусгай газарт өгөх шаардлагатай. Дараа нь химийн нэгдэлтэй шингэн савыг хорт бодис, хорт хий нэгдэлтэй хог хаягдал төлөвлүүлдэг газар аваачиж өгөх хэрэгтэй. Мөн дэлгүүр, хороо зарим явуулын цэгт энэ төрлийн хог хаягдлыг төлөвлүүлэх, хэрэглэгчдэд электрон тамхины хаягдал байгаль орчинд хэр хор хөнөөлтэйг сурталчлах шаардлагатай байна. Цахим тамхины хаягдлыг хогийн цэгт хаяснаар байгаль орчинд үзүүлэх хоруу чанар, аюулын талаарх хэрэглэгчдийн мэдлэгийг нэмэгдүүлэх нь байгаль орчныг электрон тамхины хог хаягдлаас хамгаалах хамгийн сайн арга зам болох юм. ДЭМБ-аас электрон тамхи болон никотин ялгаруулдаг бусад бүтээгдэхүүний борлуулалтыг хязгаарлахыг зөвлөсөн. Манай улсад Баянзүрх дүүргийн хэмжээнд 21-ээс доош насны иргэдэд тамхи, электрон тамхи худалдахыг хориглоод байгаа юм. Мөн зарим аймаг электрон тамхины эсрэг шийдвэр гаргаж, Төв аймгийн Зуунмод суманд электрон тамхины худалдааг хориглоод буй. Электрон тамхины асуудал цаашид улам дордож магадгүй хэвээр байна. Учир нь, 2020 оны эхээр өсвөр үеийнхний тамхины тахал эцэстээ Хүнс, Эмийн Захиргаа (FDA)-аас арга хэмжээ авахад хүргэсэн билээ. Залуу үеийг хамарсан чимээгүй тахал байгальд хүртэл сөрөг нөлөөлөл авчирсан нь энэ төрлийн зах зээлийг эзэлсэн электрон тамхины салбарын лобби хэр амин хувиа хичээсэн хүчтэй байгааг анхаарах шаардлагатай болсны илрэл юм.