Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааг зарж, шилжүүлэн, бэлэглэж байна гэх мэдээлэл тархаж, улмаар олны хөл хөдөлгөөн ихтэй зарим газруудад хувьцаагаа зарахыг хүссэн иргэдийн бөөгнөрөл үүсээд буй. Тэгвэл энэ асуудлаар Цагдаагийн ерөнхий газар болон Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсны мэдээлэл хийлээ.
Г.Жамбаажамц: Хувьцааг худалдаж авсан ч өмчлөх эрх үүсэхгүй
Санхүүгийн зохицуулах хорооны орлогч дарга Г.Жамбаажав хэлэхдээ “Сүүлийн үед иргэд хувьцаагаа зарж байна гэж ярих болсон. Гэхдээ энэ бол ямар ч боломжгүй зүйл юм. 2010 онд Засгийн газраас бүх иргэдэд 1072 хувьцаа эзэмшүүлсэн. Түүнээс хойш хувьцаа арилжаалах одоогоор хориотой байгаа. Өөрөөр хэлбэл, Эрдэнэс Таван толгой" ХХК-ийн 1072 хувьцаа нь идэвхжээгүй байгаа бөгөөд өмчлөх эрх нь хүн бүрийн нэр дээр байгаа. Хувьцааг шилжүүлж, зарахын тулд Засгийн газраас шийдвэр гарч, Хөрөнгийн биржээр дамжуулж олгодог. Тиймээс одоо энэ яригдаж байгаа асуудал бол хууль бус.
Тиймээс хувьцаа зарж, худалдан авч байгаа гэх мэдээллүүд худлаа, хуурамч, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл гэдгийг дахин хэлье.
Яг хэдийнээс энэ хувьцаа арилжаалагдаж, эзэмшигч нь хэдийнээс зарж үрж болдог болох вэ гэдэг асуудал одоогоор тодорхойгүй байна. Эрх бүхий, шийдвэр гаргах түвшний байгууллагуудын шийдэх хэрэг. Тиймээс хувьцаа зарж, худалдан авч байгаа гэх мэдээллүүд худлаа, хуурамч, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл гэдгийг дахин хэлье” гэлээ.
Түүнчлэн энэ асуудалтай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос тус газарт бүртгэлтэй хэд хэдэн брокер теллерийн компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарласан байна.
-Хувьцааны данс нээх ажлыг идэвхжүүлэхийг хүссэн иргэн цуу яриа тараасан гэв-
Харин энэ асуудлаар Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Хувьцаа зарж байна гэх мэдээллийг иргэн А гэгч хувьцааны данс нээх үйл ажиллагааг идэвхжүүлэхийн тулд иргэдэд тараасан байсан. Одоо түүнийг цагдаагийн байгууллагад шалгаж байна. Мөн иргэдийн санаатайгаар төөрөгдүүлж, худал мэдээлэл тараасан асуудалд холбогдуулан хувьцаа зарна гэсэн иргэд болон хэд хэдэн ААН-ийг шалгаж байна. Шалгалтын дүнд хувьцаагаа зарсан, ямарваа нэг хүн худалдан авсан асуудал одоо хүртэл тогтоогдоогүй. Энэ бол худал ташаа, иргэдийн ам дамжсан яриа.
Шалгалтын дүнд хувьцаагаа зарсан, ямарваа нэг хүн худалдан авсан асуудал одоо хүртэл тогтоогдоогүй.
Цагдаагийн байгууллагаас энэхүү шалгалтыг үргэлжлүүлээд энэ худал мэдээллийг санаатайгаар тарааж, зохион байгуулж, иргэдийг бөөгнүүлж, ямар зорилго агуулж, худал мэдээлэл тараасан бэ гэх хүмүүсийг олж илрүүлэн, холбогдох хуулийн дагуу хариуцлага ноогдуулна. Тодорхой үр дүн гарсны дараа эргэн мэдээллэх болно. Энэ асуудалтай холбоотойгоор иргэдээс маш их гомдол ирж байгаа. Нийгмийн хэв журмыг алдагдуулах, тухайн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэлтэйгээ зорчиж байсан иргэний өмч хөрөнгөд халдсан тохиолдол хүртэл цагдаагийн байгууллагад бүртгэгдлээ. Энэ мэтчилэн нийгмийн дэг журам зөрчигдөх асуудал ихсэх хандлагатай байна” гэсэн юм.
Энэ үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн хувьцаа хариуцсан мэргэжилтэн Ч.Төмөрсүх сэтгүүлчдэд тайлбар хийлээ. Тэрээр “ Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн 80 хувийг төр эзэмшдэг. Тиймээс төр шийдвэр ЭТТ хувьцааг хуулийн дагуу арилжаалахад бэлэн. Одоогоор энэ хувьцаа нь зах зээлд худалдаалагдаж эхлээгүй байгаа” гэдгийг хэлэв.
Дашрамд дурдахад, Өнгөрсөн баасан гарагт /2016.04.29/ "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн хувьцаа эзэмшигчид хуралдаж, жилийн тайлангаа танилцуулжээ. Энэ хуралд төр болон хувьцаа эзэмшигч иргэд, ААН-ийн төлөөлөл оролцсон байна. Тус компанийн хувьцааны 80 хувийг төр, 20 орчим хувийг иргэд, үлдсэн 3 хувийг 553 ААН эзэмшдэг аж.