Дэлхийн зах зээлийг олон эгнээ лангуутай нэг том дэлгүүр гэж үзвэл тэр дэлгүүрт Монгол Улсын ондоошил, онцлог шингэсэн ямар бүтээгдэхүүн худалдаалагдаж байна вэ?
Монгол Улсын эдийн засаг “авсаархан”. Нийт экспортын 92 хувийг дан ганц уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлдэг. Үлдсэн цөөхөн хувийг нь мал аж ахуй, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн эзэлдэг. Хэдийгээр алхам тутамдаа экспортыг төрөлжүүлэх, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих талаар ярьдаг ч ажил болсон зүйлгүй. Ингэхийн тулд юун түрүүнд дэлхий Монгол Улсыг юу гэж харж байна вэ гэдгээс эхлэх ёстой юм. Улс орнууд үндэсний ижилслээ тодорхойлж, өөрсдийн брэндийг бий болгоод бараа бүтээгдэхүүнээ олон улсын зах зээл дээр таниулж эдийн засгаа сайжруулдаг. Гэтэл манай улсад ондоошил, онцлогоо ч ойлгож байгаа юм алга. Брэнд гэдэг нь дэлхийн 202 орноос Монгол гэдэг улс өөрсдийн өв соёл, бусдаас ялгарах язгуур мөн чанараа ялгаж дэлхийд таниулахын нэр юм. Бид Чингис хаан, өргөн уудам тал нутаг, байгалийн баялаг ихтэй улс орон гэдгээс өөрөөр өөрсдийгөө тодорхойлж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, даяаршиж буй энэ дэлхийд Монголын тухай тодорхой имиж байхгүй. Өнгөрсөндөө оршиж байгаа улс. Энэ бол “Монгол Улсын брэндингийн хөгжил” ТББ-аас олон улсын судалгааны байгууллагатай хамтарч хийсэн судалгаанаас гарсан дүгнэлт. Монгол Улсын талаар ямар ойлголттой болох талаар дэлхийн 36 улсын иргэдийн дунд 2016 онд энэ судалгааг хийсэн аж. Судалгаанд оролцогчдын 80 хувь нь мэддэггүй гэсэн бол 20 хувь нь сонсож байсан гэжээ. Сонсож байсан гэж хариулсан хүмүүсийн гуравны хоёр нь биднийг Өвөрмонгол гэж ойлгодог гэсэн байна. Дэлхий монголчуудыг ингэж л харж байна. Хэдийгээр уг судалгаа гараад зургаан жил өнгөрсөн ч одоо ч энэ дүгнэлт өөрчлөгдөөгүй болов уу. Учир нь үүнээс хойш үндэсний брэндээ тодорхойлох дорвитой алхам хийгээгүй, тогтвортой бодлого ч алга. 2017 онд Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар “Монголын үндэсний брэндийн зөвлөл” байгуулсан. Зөвлөлийн даргаар тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ажиллаж байсан. Энэхүү зөвлөл нь Монгол Улсын үнэлэмж, байр суурь, монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэн таниулах, бүтээгдэхүүн үйлчилгээг таниулах бодлогыг зохицуулах, төрөөс баримтлах бодлогын талаар санал боловсруулах, хэрэгжилтэд үнэлэлт өгөх, зөвлөмж гаргах үүрэгтэйгээр байгуулагдаад үйл ажиллагаа явуулж байжээ. Гэвч Засгийн газрын 2020 оны наймдугаар сарын 19-ны 32 дугаар тогтоолоор татан буулгасан байна.

Гаднын улсууд Монголыг яаж хардаг юм бэ гэсэн судалгааны үр дүнд Монгол Улсын брэнд нэрийг “Energetic Mongolia” гэж нэрлэхээр болсон. Эрчит монгол гэж орчуулж байна. Монголыг эрчим хүчний орон гэдэг. Цаашдаа манай улс эрчим хүчний экспортлогч орон болох ёстой, нүүрсээр баян. Өмнө нь манай брэндинг нэр “Nomadic Mongolia” байсан. Гэтэл энэ үгийн язгуур нь дэвсгэр гудасгүй хүн, орон гэргүй хүн гэсэн агуулгатай юм байна лээ. Энэ сайн брэндинг нэр байгаагүй. Бидний боддог нүүдэлчин гэдэг бол өөр агуулга юм. Ингэж үзээд “Energetic Mongolia” гэе гэх санал гарч ирсэн юм. Олон утгаараа ийм брэндинг хийвэл их зүгээр юм болов уу гэж бодсон. Улс орнууд үндэсний брэндээ үүнийг маш урт хугацааны бодлогоор хийдэг. Манайд харин нэг Засгийн газрын үед үр дүнг нь үзэх гээд, болохгүй бол татан буулгачихаад байдаг. Тогтвортой бодлого, залгамж халаа асуудал болчихоод байна.
Эдийн засгийн хувьд хүчирхэгжсэн дэлхийн 60 улсыг хамруулан “National Brand Index” судалгааг жил бүр хийдэг. 2021 онд тус судалгааг ХБНГУ тэргүүлж, Канад, Япон улсууд удаалжээ. Гадаадын улс орнууд улс үндэстнийхээ үнэлэмжийг нэмэгдүүлэх, өөрсдийн сөрөг имижээ эерэг болгох зорилгоор үндэсний брэндээ хөгжүүлж, дэлхийд танигдах бодлого, стратегиараа өрсөлдөж байна. Гэтэл манайд энэ чиглэлд ажиллах бүтэц бүрэлдэхүүнийг бий болгож, бас ч гэж тодорхой ахиц дэвшил гарч байсан ч засаг солигдоход дагаж зогсдог олон шийдвэрийн нэг нь болжээ. Үнэхээр л манайд тогтвортой бодлого, залгамж халаа асуудал болдог нь үнэн билээ. Гуравхан жил ажилласан энэ зөвлөлөөс бид Монголын брэндийг хөгжүүлсэн үү, тодорхойлсон уу гэж асуухаас илүүтэй үйл ажиллагаа нь тогтвортой ядаж арван жил ажилласан бол ямар үр дүн гарч болох байсан талаар бодолцох хэрэгтэй юм.
Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн ажлын албаны даргаар ажиллаж байсан Н.Дэмбэрэл 2019 оны зургаадугаар сард манай сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Брэнд гэхээр манайхан нүүрс, ноолуураа гадаадын зах зээлд гаргаад зарна гэсэн уламжлалт маркетингаар ойлгоод байдаг. Гэтэл энэ маркетингаас тусдаа салбарыг дээр дооргүй ойлгоогүй явж иржээ. Энэ алдаатай ойлголтыг залруулж, олон улсын түвшинд буй утгаар нь ойлгоод, тэр хүрээндээ ямар ажил хийх вэ гэдгээ тодорхойлох ёстой юм. Үүнийгээ шийдвэр гаргагчдад санал болгох үүрэг чиглэлтэй байгууллага. Өнөөдрийн хувьд зөрүүтэй ойлголт нийгэмд байна. Жишээ нь, язгуур урлагийн тоглолт хийе гэж бодоход манай байгууллага зар сурталчилгаа, маркетингийг нь хийх юм шиг ойлгодог. Гэтэл яг үнэндээ бид гадаад ертөнцөд юу болж байна, дотоодод зорьж буй стратеги чиглэл юу юм бэ, бусад улс үндэстнээс юугаараа ялгарах вэ гэдгийг тодорхойлж, ойлгуулах ёстой зөвлөл. Үнэндээ нэг жилийн дотор хийх боломжгүй өргөн ойлголт. Стратегийн хувьд төлөвлөх, тооцоолох, судлах, нотлох шаардлага байгаа. Судалгаан дээр суурилж тодорхойлсон зүйлүүдээ эхлээд эрх баригчдад дараа нь улс нийтээрээ ойлгоод гадаад дотоод сурталчилгаандаа ашиглаад явах зорилготой. Ингэж хийхгүйгээр, эхлээд тодорхой болгохгүйгээр биднийг гадаад ертөнцөд нэгдмэл ойлголтоор харахад хэцүү байна” гэж байжээ. Ийм том зорилготой эхэлсэн зөвлөлийн ажил үр дүнд хүрэлгүй зогсжээ. Одоо бид үндэсний брэндийн талаар ярьж эхлэхдээ ахиад л бүхнийг шинээр эхлэх нь. Манай улсыг илэрхийлэх өнгө ямар байх вэ, брэндинг нэр юу байвал зохилтойв гээд дахин судалж цаг, мөнгөө үрэх нь. Тэглээ гээд энэ асуудлыг шийдэлгүй орхичих боломжгүй. Даяаршиж буй дэлхийд бидний үндэсний ижилсэл, үнэт зүйл юу вэ гэдэг асуултад хариулт олох зайлшгүй шаардлагатай.