"Тоонот" студийн уран бүтээлч Jason-г бид "5 minutes", "Бүхнийг март", "Хавар та хоёрт хайртай" зэрэг уран бүтээлээр нь мэддэг. 2012 онд КУДС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн Б.Баяржавхлан /Jason/ тайз, дэлгэцийн олон уран бүтээлд дүр бүтээж байсан бөгөөд хамгийн сүүлд "Хүлэгү пикчерс"-ийн бүтээл “Хавтаст хэрэг” олон ангит кинонд мөрдөгч Мандахын дүрд тоглосон юм. Бид түүнтэй цөөн хором ярилцлаа.

Хүүхэд насны тань талаар хоёулаа яриагаа эхэлье. Хүүхэд байхдаа урлагт сонирхолтой, дуртай байв уу? Айлын хэд дэх хүүхэд вэ?

Би айлын том хүү. Нэг дүүтэй, дүү маань надаас хоёр насаар дүү. Бид тэрсхэн өссөн болохоор их хөдөлгөөнтэй хүүхдүүд байлаа. Манайх Дорноговь аймгийн Сайншанд сумын айл. Би аймгийнхаа нэгдүгээр арван жилийн сургуулийг төгссөн. Сурагч байхдаа урлаг соёлын арга хэмжээнд их идэвхтэй хүүхэд байлаа. Хичээлд сууж байхад хөгжмийн багш дуудаад аваад явчихдаг байсан. “Яргуй” наадам, “Ирээдүйн одод” гээд тэмцээнүүдэд их ордог, медаль цуглуулаад явж байдаг хүүхэд байсан.

Тэгвэл уран бүтээлийн гараагаа багаасаа эхлүүлсэн юм байна. Анхны уран бүтээлийнхээ талаар ярихгүй юу?

Би 7 дугаар ангид байхдаа анхны кинондоо тоглож байлаа. “Хотын охид” гэдэг киноны проб 21 аймгаар явагдаж, хүүхдүүдийг шалгаруулж тоглуулсан юм. Энэ киноны үйл явдал хүүхдийн зуслан дээр өрнөдөг. 10 жилд байхдаа “Only Top” гээд хамтлагтай байлаа. Бид соёлын төвдөө тоглолт хийдэг байсан. Манай хамтлагийнхан нэг байранд амьдардаг байрны найзууд байсан юм. Тэр үедээ биднийг сургуулийнхан, үе тэнгийнхэн, байрныхан таньдаг, энд тэнд явахаар “Only top”-ынхон явж байна гэдэг байсан. Бас ганц дуутай тэр нь FM-ээр явдаг байсан. Ийм хамтлагтай байж байгаад сүүлд Замын-Үүдийн “SS” гээд хамтлагийн гишүүн болсон. Бид нар хэдэн дуутай, клиптэй. Үүний дараа оюутан болж хотод орж ирээд “Mic avenue” гэдэг хамтлаг байгуулаад нэлээд хэдэн дуу хийсэн юм. Би КУДС-д жүжигчний мэргэжлээр сурч байсан үе л дээ. Тэгээд сургуулиа төгсөөд УДЭТ-д таван жил хэртэй ажилласан. Тэр хугацаандаа жүжигчин, туслах найруулагч хийж байлаа. Тэгээд л гадагшаа явсан даа.

Таныг жүжигчин болохоор шийдэхэд чинь аав, ээж нь яаж хүлээж авч байв? Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ?

Хүүхэд байхдаа аймгийнхаа Саран хөхөө театрт “Бөмбөлдэй баатрын домог” гэдэг нэртэй хүүхдийн жүжиг үзсэн юм. Энэ жүжгээс надад маш гүн сэтгэгдэл үлдэж байлаа. Тайзан дээр тоглох гоё юм байна, жүжигчин байх гоё юм байна гэсэн бодол төрсөн. Үүнээс л болоод жүжигчин мэргэжилд бүр татагдчихсан. Вампирдуулсан гэж ярьдаг даа. Тэгээд л жүжигчин болохоор шийдсэн. Жүжигчин болно гэх үед манай гэр бүлийнхэн айхтар сүртэй дэмжээгүй, бас эсэргүүцээгүй. Аав, ээж хоёр маань “чи юу хүсэж байна, юу хиймээр байна тэр зүйлээ хий, тэгвэл хүн амжилтад хүрэх магадлалтай, бодсоноороо хий” гэсэн.

Таныг одоо залуус “Тоонот” студийн уран бүтээлч, сүүлийн үед “Хавтаст хэрэг” киноны Мандах гэдгээр тань түлхүү мэднэ. Харин УДЭТ-т ажиллаж байсан гэдгийг төдийлөн мэддэггүй шүү дээ. Энэ талаар дэлгэрүүлээч.

Би бүр багаасаа л Монголын хамгийн том театрын тайзан дээр тоглож үзэх юмсан гэдэг мөрөөдөлтай байсан. КУДС-ийг С.Болормаа багшийн удирдлага доор жүжигчин мэргэжлээр төгсөөд театрт шалгалт өгсөн чинь аз болж тэнцсэн юм. Эхлээд студи ангид явж байгаад, үндсэн жүжигчин, туслах найруулагч болоод явсан. “Ромео Жульета”-аас өмнөх бүх жүжигт л оролцож байсан. Театрт ажиллаж байсан таван жилийн хугацаандаа Монгол орноо бүтэн тойрсон байна. Олон сайхан тайзан дээр урлагийн томчуудтай гараад үзсэн би өөрийгөө азтай гэж боддог.

Сүүлд тоглосон “Хавтаст хэрэг” олон ангит уран сайхны киног олон хүн шимтэн үзэж байна. Мандах та хоёрт адил, төстэй зүйл байна уу?

Мандах бид хоёр их өөр, Мандах чинь ийм төрлийн залуу шүү дээ. IT чиглэлийн ажил хийдэг, оффис дээр голдуу ажилладаг, кофе их уудаг, сонирхолтой гаргалгаа бодож олдог залуу. Мандахын дүр дээр зохиол их гоё хөнгөхөн бичигдсэн. Олон жилийн туршлагатай том жүжигчидтэй тоглож байгаа учраас юугаараа өөр байх вэ гэж их бодсон. Энэ кинонд элдэв гэмт хэрэг, аллага гээд янз бүрийн зүйл болж байгаа шүү дээ. Үүн дээр Мандах нийгмийн нэг төлөөлөл байгаад, түүнийг гарч ирэх хэсэгхээн хугацаанд үзэгчид амсхийгээд тэгээд кинондоо эргээд ордог тийм дүр байгаасай гэж бодсон. Кино зохиолч, найруулагч нар ч бас ингэж л бодсон болов уу.

Кинон дээрх Мандах маш их кофе их уудаг. Та ер нь кофе уудаг уу?

Би өглөө сэрэнгүүтээ кофе ууж, нойроо сэргээдэг. Өдрөө эхлүүлдэг. Кофенд дуртай талаараа Мандахтай төстэй юм байна шүү.

“Хавтаст хэрэг” кинон дээр Мандах Халиун хоёрын харилцаа цаашид хэрхэн үргэлжлэх бол? Илүү дотно болох юм шиг санагдаад байгаа.

Сүүлийн ангиуд дээр бидний харилцаа илүү нааштай болно. Үүнээс өөр зүйл хэлж болохгүй. Кино маань хүмүүст их сайн хүрч байгаа. Тийм болохоор “Season 2” хийгдээсэй гэж битүүхэн хүсэж байна.

Энэ цуврал шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдээс сэдэвлэсэн гэдгээрээ бас онцлогтой байгаа шүү дээ. Кинонд тоглоход хэцүү зүйл юу байв? Эмзэглэл, гайхшрал гээд...

Энэ киног хийхийн тулд маш их судалгааны ажил хийгдсэн юм байна лээ. Шүүхээр шийдвэрлэгдсэн, нууцлалын зэрэгт байдаг хэргүүд байдаг юм байна. Тэндээс 60 хэрэг гаргаж аваад 15-ыг нь сонгож авсан. Маш хүнд хэргүүд байсан л даа. Жишээ нь, говьд хүүхэд хатаад үхдэг хэргийн талаар сонсоход их хэцүү байсан. Бас гаж донтой, цуврал алуурчин Монголд байсан юм байна гэдгийг мэдээд надад маш их эвгүй санагдсан. Үнэхээр цочирдсон. Бид нар чинь тийм зүйлийг гаднын кинон дээр л байдаг, Монголд тийм зүйл байдаггүй гэж ойлгодог шүү дээ. Манай киноны нэг анги дээр л гэхэд маш олон жүжигчин оролцсон. Тэд цөм мэргэжлийн жүжигчид гэдгээрээ онцлог. Зураг авалт зургаан сар үргэлжилсэн. Идэр есийн хүйтэнд ч зураг авч байлаа. Гэмт хэрэг ихэвчлэн шөнө оройн цагаар үйлдэгддэг учраас шөнийн зураг авалт ихтэй байсан. Гэхдээ их аз жаргалтайгаар даарч байсан шүү.

Цагдаагийн дүр, тэр тусмаа IT-ийн хүний дүр бүтээхэд таниас ямар чадвар шаардаж байв? Хэцүү, хүндрэлтэй зүйл байсан уу?

Би компьютер дээр ажилладаг төрлийн хүн биш шүү дээ. Тэгээд бусад кинон дээрээс IT-ийн хүмүүс ер нь яадаг юм байна гэж ажиглаж, судалж байлаа. Мөн энэ чиглэлд ажилладаг хүн зөвлөж байсан. Түүнчлэн кино багийнхны зүгээс тусламж их байсан учраас их айхтар түүртээгүй, асуудалгүй байсан. Киноны ард маш том баг ажилладаг, тэр тусмаа олон ангит кино маш олон хүний хүч хөдөлмөрөөр бүтдэг. Энэ ташрамд грүпийнхэндээ баяр хүргэе. Тусалж дэмжиж байсанд баярлалаа гэж хэлье. Би монгол жүжигчдээс С.Болд-Эрдэнэ ахыг хүндэлж, үлгэр дуурайл авдаг. Боогий ахаасаа олон зүйлийг сурдаг. Түүнтэй хамт нэг уран бүтээлд тоглосондоо тун баяртай байгаа. Бас С.Болормаа багш маань байна. Мөн Шагай ахыг их хүндэлдэг. Олон мундаг жүжигчидтэй нэг уран бүтээл тоглосондоо маш их баяртай байна.

Монгол жүжигчдээс С.Болд-Эрдэнийг хүндэлдэг гэж байна. Гаднын ямар жүжигчдийг шүтдэг вэ? Бас ямар төрлийн кино түлхүү үздэг бол?

Бүх төрлийн кинонд дуртай. Гэхдээ төрөл жанрын хувьд гэмт хэрэг, адал явдалтай кино илүү үзэх дуртай. Жишээ нь “Загалмайлсан эцэг”-ийг олон давтаж үздэг. Харин жүжигчдээс Аль Пачино, Том Хэнкс, Том Харди, Жаред Лето гээд тоолбол олон. Найруулагчдаас Тарантинод дуртай.

Та “Тоонот” студийг үүсгэн байгуулсан уран бүтээлчдийн нэг. Та энэ студийнхээ талаар, уран бүтээлийнхээ талаар ярихгүй юу. Анхны бие даасан уран бүтээл юу байв?

Театрт таван жил ажиллаад гадагшаа хоёр жил явж ирсэн юм. Ингээд “Шинэ үе” продакшнд ажилд орсон. Тэнд манай ангийн найзууд ажиллаж байлаа. Энэ үед “Тоонот” студийн захирал, продюсер Дээгий гоё юм хийнэ, бодсон юм байгаа гэсэн юм. Тэгээд ирээд дуугаа хийх гэсэн миний дууг бараг бүтэн жил бичээгүй. Бичихгүй байсан шалтгаан нь “Тоонот” төслийг хэрэгжүүлэх гэж байсан болохоор дуунуудыг минь бичихгүй байсан юм. Ингээд “Тоонот” студийн продюсераар Дээгий, Десант ажиллаж, OZ, Bilgang бид нар хамтарч эхлүүлж байсан. Саяхан бид гурван жилийн ойгоо хийлээ. 10 жилийн ойгоо хамтдаа хийнэ л гэж боддог. “Тоонот”-оос анх цацагдсан миний анхны соло уран бүтээл “5 MINUTES” дуу байдаг.

Яагаад Jason гэдэг нэрийг тайзны нэрээрээ сонгосон юм бэ?

Оюутан байхад бид хамтлагаараа клип хийгээд, клипэн дээр нэр гарах болоод бид өөрсдөдөө нэр сонгосон юм. JASON гэсний учир нь JA нь Жавхаа, SON гэдэг нь хүү гээд нийлээд Жавхаа хүү. Би аав, ээжээсээ ургаж гарсан амь гэдэг утгаараа тэднийгээ бэлгэдэж бодсон нэр.

Цар тахал үргэлжилсэн энэ жилүүдэд уран бүтээлчид, үзэгчид нэгнээрээ их дутлаа. Одоо цар тахалтай зохицож амьдарч эхлээд, бүх зүйл нээгдэж байна. “Тоонот”-ынхон ямар уран бүтээл, тоглолтоор үзэгчдэдээ бэлэг барих гэж байна?

Он гарахаас өмнө бид “Тоонот Volume3” тоглолтоо хийсэн. Мөн Эрдэнэт хотод тоглоод ирсэн. Сая Эрка ах тоглолтоо хийж бид бүгдээрээ очсон. Одоо манай студийн OZ-ийн цомог гарах гэж байна. Араас нь миний цомог орж ирэх байх. Дуунууд нь бэлэн болсон. Одоогийн байдлаар цацаагүй 7, 8 дуу байна. Одоо хамтрал биш соло уран бүтээл дээрээ түлхүү ажиллаж, хүмүүст сонин содон хөгжим сонсгох гээд хичээгээд явж байна. Түүнчлэн манай “Тоонот”-ынхон энэ зун 21 аймгаа тойрч аялан тоглолт хийх төлөвлөгөөтэй, ярилцаж байна. Бид тайзан дээр гарах үедээ маш их кайф авдаг, аз жаргалыг мэдэрдэг.

Залуу уран бүтээлч, хийж бүтээж байгаа хүний нүдээр харахад манай нийгэмд болж байгаа нь юу байна, болохгүй зүйл ч бас бий шүү дээ.

Монголд болж байгаа нь олон гэж хардаг. Одоо залуучууд өндөр боловсролтой болсон. Бас мэдлэгтэй, үзэл бодол, өөрийн гэсэн ертөнцтэй, түүндээ үнэнч болжээ. Гоё хөгжөөд л байна шүү дээ. Залуучууд хийж бүтээхийг хүсэж байна гээд сайн сайхан зүйл олон. Болохгүй байгаа зүйлс бас байгаа, байгаа. Гэхдээ би нэг зүйлийг л боддог юм. Хүмүүс хүнд өвчин тусаад өндөр зардлаар гаднын орныг зорих шаардлагатай болж хандивын үйл ажиллагаа маш их зохион байгуулагддаг. Манай “Тоонот”-ын уран бүтээлчид чадах чинээгээрээ туслаж, очиж дуулдаг, нэмэр болохыг хичээдэг. Гэхдээ монголчууд бид хэдий болтол хандив, тусламжаар нэгнийгээ аврах юм бэ. Эрүүл мэндийн салбараа анхаараач ээ л гэж дарга, албан тушаалтнуудад хэлмээр байгаа юм. Эрүүл мэндийн асуудал тулгарахад эмнэлэг ороод асуудлаа шийдэх хэмжээний боломж бололцоотой, боловсон хүчин, техник технологитой болчихмоор байгаа юм. Эрүүл байвал хамгийн сайхан, бүх зүйл бүтнэ шүү дээ.