-Багшийн алт шиг үнэтэй үгээр хүмүүжих учиртай үрс эсрэгээрээ мөс шиг хүйтэн үгэнд нь зүрхээ зүсүүлэх тохиолдол олон...-
Боловсрол, шинжлэх ухааны яам 2022 оныг “Ёс зүйн жил” болгон зарласан билээ. Сайндаа ч биш, 2021 онд бүх шатны боловсролын байгууллагын багш ажилтнуудын ёс зүйгүй үйлдлүүд олон нийтэд мэдэгдэж, хэл ам ихтэй байсан тул тусгайлан ажил болгож зарласан байдаг. Харамсалтай нь, сайдын тушаал тунхгийн шинжтэй байсан бололтой. Украин, ОХУ хоорондоо дайтаж буй энэ үед Дархан-Уул аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга С.Галбадрах, Дархан хот дахь ОХУ-ын Консулын газар, аймгийн Цэргийн штабын даргатай хамтраад “Миний мэдэх Орос орон, “Орос цэрэг 2022” уралдааныг аймгийн хэмжээнд бүх ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд зарласан байх юм. Удирдамж баталдаг өдрийнх нь үүрээр (гуравдугаар сарын 2) Монгол Улс Украин-ОХУ-ын дайнтай холбоотой асуудалд төвийг сахисан байр сууриа илэрхийлж, өглөө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдчихаад байхад гарын үсэг зурсан байна. Мөн тухайн өдөр Гадаад харилцааны сайд хэвлэлийн хурал хийж, “Манай улсын байр суурь тодорхой. Монгол Улс бол энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт зарчим баримталдаг. ...Холбогдох талууд дипломат байдлаар яриа хэлэлцээ хийж, сайн санааны үндсэн дээр галыг даруй зогсоож, хурцадмал байдлыг намжаах нь чухал байна" гэсэн байр суурийг илэрхийлсэн байдаг. Дэлхий нийт, улс орны хувь заяатай холбоотой чухал шийдвэр гарах үед Монгол Улс хойч үедээ өндөр ач холбогдол өгч, ЕБС-ийн сурагчдад улсынхаа байр суурийн талаар ухуулан таниулдаг уламжлалтай. Ийм үед “Миний мэдэх Орос орон, Орос цэрэг” (Орос цэрэг нь ч юу вэ) гэж гүйхийн оронд “Монгол Улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейд илэрхийлсэн байр суурь, Гадаад харилцааны яамны албан ёсны мэдэгдэл”-ийн талаар нэгдсэн журмаар мэдээлэл өгсөн бол хүүхдэд эх оронч үзэл суух нь илүү байх байж дээ. Боловсролын байгууллагын багш, ажилтнуудын ёс зүйд сүжиг алдрах шалтгаан энэ мэтчилэн гарч ирээд л байх юм.
Уг нь, хүүхдийн хүмүүжил төлөвшил, харилцаа хандлагад сургуулийн орчин, багш сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг оролцоо асар их. Харамсалтай нь Монголын багш нарын хандлага, ёс суртахуун сургуулийн орчин дахь хүчирхийлэл, гадуурхалтын шалтгаан болсоор л байх юм.
Сурагчдаа “Чамайг юу хийх, хийхгүйг чинь би мэднэ”, “Сурч чадахгүй бол зайлаарай”, “Хоосон толгойт”, “Нойлын ногоон тэг”, “Чиний ах, эгч чамаас сайн байсан”, “Чамайг төгсгөхгүй ээ” гэх зэргээр доромжилно. Амнаас нь гарч байгаа дээрх үгс агуулгаараа өнөөгийн Монгол Улсын төрийн хэлбэр, хөгжүүлэх гэж оролдож байгаа нийгэм, хангах гэж оролдож, ойлгуулах гэж махраад байгаа хүний эрх, эрх чөлөө, заяагдмал эрх, ялгаварлан гадуурхалтгүй эрх тэгш нийгмийн үнэт зүйлсийг бүгдийг нь уландаа гишгэж эсрэгээр сурталчилж байгаагаа ойлгох ч ухаан ч алга. Өөрөө мэдэхгүйгээр төр улсынхаа бодлогыг үгүйсгэж, эрх мэдэлтэй л бол нийтээр тогтсон хэм хэмжээг үл тоож болдог гэсэн ойлголт өгч, тэр ч байтугай хүчирхийлэл үзүүлэн шавь нараа “алж” байгаа багш нарыг яах ёстой вэ.
Жишээ 1
Хэнтий аймгийн Бор-Өндөр цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Нийгмийн ухааны багш Н-д зодуулсны улмаас элэг нь бяцарч ГССҮТ-д хүргэгдэн ирсэн хэрэг хоёр жилийн өмнө гарсан. Түүний зодуулсан шалтгаан нь ердөө хичээлээсээ хоцорсноос болсон. Хүүг хичээлээсээ хоцорсон гэж гарыг нь өргүүлж шийтгэх үедээ элэг рүү нь хүчтэй цохисны улмаас ийм хэмжээний гэмтэл учирчээ. Азаар амьд үлдсэн хүү багшийгаа буруутгаагүй. Үүнийг хүчирхийлэл байж болно гэдгийг хүлээн зөвшөөрсний шинж гэж ойлгох уу. Тийм бол цаашид бусдыг хүчирхийлэх үү гээд олон асуулт тодорхойгүй.
Жишээ 2
Хоёр сарын өмнө нийслэлийн БГД-ийн 78 дугаар сургуулийн англи хэлний багшид зодуулсан сурагчдын нэг болох С нуруу, толгойндоо гэмтэл авч хэвтэрт орсон тухай мэдээлэгдэж бид хэсэгтээ л шуугисан. Гэвч сурагчаа зодсон А-д 300 мянган төгрөгийн торгууль ногдуулаад л өнгөрсөн.
Хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлийнхээ нөлөөллийг мэдэх чадваргүй багш нар шавиа сургаж байгаа нь энэ, хурцалж байгаа нь энэ гээд элдэв янзаар доромжлох, загнах, заналхийлэх явдал тоймгүй. Энэ бүхэнд хүүхдийн сэтгэл зүй гэмтэж, сургуульдаа ирэх сонирхолгүй болж, цаашлаад байнга түгших эмгэгтэй болох, өөртөө итгэх итгэлээ алдах зэрэг асар том сөрөг нөлөөтэй байдаг аж. Түүнчлэн өмссөн зүүснээр нь гоочлох, хичээлд нь суулгахгүй байх, ЭЕШ өгүүлэхгүй, шалгалтанд оруулахгүй, төгсгөхгүй гэж заналхийлэх тохиолдол ч байна. Үүгээр ч зогсохгүй даалгавар хийгээгүй, шалгалтандаа унасан сурагчдыг бусдын өмнө шившиглэх, самбарын өмнө гарыг нь өргүүлж зогсоох, анги хэсүүлэх зэргээр шийтгэх балмад үзэгдэл XXI зуунд амь бөхтэй оршсоор байна.
Багш, сурган хүмүүжүүлэгчдийн ёс зүйн зөрчил дан ганц ерөнхий боловсролын сургууль дээр ч байгаа юм биш. Энэ асуудал хүүхэд анх сургалтын байгууллагад хөл тавьсан цагаас л эхэлж байна. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгийн түвшинд хүүхдэд гар хүрдэг, зоддог асуудал байсаар байна. Нэг л жишээ дурдъя. Хэдхэн сарын өмнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ирээдүй” цэцэрлэгийн багш М дөрвөн настай хүүхдүүдийг цохих, түлхэх, чимхэх, алгадах зэргээр зодож шийтгэж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тарсан. Ингээд тус цэцэрлэгийн эрхлэгч болон хүүхэд зодсон багш нар мэргэжлийн бус, дипломгүй байсан уу, үгүй юу гэдэг асуудал сөхөгдөх үед эрхлэгч нь энэ бүхнийг дэлгэсэн гэх шалтгаанаар нягтлан бодогчоо зодож буй бичлэг бас байдаг. Ийм л “ёс суртахуунтай” хүмүүс түмний олон хүүхдийн амь нас, ирээдүйг хариуцаж ажиллаж байжээ.
Багш, сурган хүмүүжүүлэгчдийн ёс зүйн зөрчил Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургууль, МСҮТ, их дээд сургууль гээд бүх шатандаа байгааг салбарын сайд нь ч хүлээн зөвшөөрч буй.

“Сайдад захидал бичээрэй” 14 хоногийн аян зарласан. Аяны хүрээнд 1052 захидал ирсэн. Нийт захидлын 50 гаруй хувь нь тухайн сургууль, цэцэрлэг дээр байгаа ёс зүйн асуудлуудыг хөндсөн байна. Иймээс юун түрүүнд бид 2022 оныг “Ёс зүйн жил” болгон зарлаж, ёс зүйн жилийн хүрээнд юунд анхаарч ажиллах вэ гэдэгт төвлөрч байна. Захидлуудыг ангилбал цэцэрлэг, сургууль дээр байгаа хүний нөөц, байгууллагатай холбоотой зөрчлүүд хамгийн ихээр асуудал дагуулж байна. Тухайлбал, сургуулийн захирлууд, удирдах ажилтнууд нь хүртэл ахлах ангийнхаа хүүхдүүдтэй архи ууж, тамхи татдаг, эсвэл янз бүрийн бэлгийн дарамт үзүүлдэг тухай сэтгэл эмзэглэм зүйлүүдийг бичиж ирүүлсэн байна. Мөн багш нь оюутнаа хүчирхийлдэг, сургуулийн захирал нь түүнийг нуун дарагдуулдаг тухай бас бичжээ. Түүнчлэн мөнгө нэхдэг үгүй бол шалгалтанд унагаана гэж дарамталдаг зэрэг асуудлууд ч байна. Үүнийг аймаг сургууль дээр ажиллаж буй ёс зүйн зөвлөлд нь хүргүүлнэ. Шаардлагатай гэвэл хууль хяналтын байгууллагад шалгуулна. Сэтгэл зүйн судалгаагаар гурван хүүхэд тутмын нэг нь цахим, сургуулийн орчноос маш их гадуурхалтад өртдөг гэсэн судалгаа гарсан.
2021 онд багш, ажилтны ёс зүйн зөрчлийн талаарх 58 өргөдлийг аймаг, дүүргийн Ёс зүйн зөвлөлд ирүүлжээ. Ингээд зөрчил гаргасан 41 албан хаагчид сахилгын хариуцлага оногдуулсан байна. Үүнээс 12 албан хаагчид уучлал гуйхыг үүрэг болгож, 18 ажилтанд сануулах арга хэмжээ авч, 11 алба хаагчийг ажлаас чөлөөлжээ. Гэвч ийм арга хэмжээ авах нь тун хангалтгүй байна. Ноцтой зөрчил гаргасан багш хэдий ажлаасаа халагдсан ч өөр сургуульд очиж ажиллах эрх нь нээлттэй хэвээр. “Баас хатавч өмхийгөө тавьдаггүй” гэгчээр ахин өөр нэг сурагчийн эрхийг зөрчих, хэрэг давтагдах эрсдэлтэй хэвээр үлдэж байна. Иймээс боловсролын байгууллагууд багш сурган хүмүүжүүлэгч, ажилтнаа сонгож авахдаа зан төлвийн доголдолтой эсэх, хүүхэдтэй ажиллаж чадах эсэх, оюун санаа сэтгэц, мэдрэлийн хувьд эрүүл эсэх гэдэгт өндөр шалгуур тавьдаг болмоор байна.
Ёс зүйгүй багшаас болж хохирсон тохиолдол жилээс жилд гарсаар байхад зөвхөн нэг жилийг Ёс зүйн жил болгож зарлалаа гээд энэ бүхэн шийдэгдчихгүй. Харин ёс зүйн асуудал гаргадаггүй боловсон хүчин бэлтгэхээс нь эхлээд цогцоор нь анхаарах шаардлагатай байна.