Хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ “Чингис эмгэнэлт жүжиг” хэмээх нэн сонирхолтой номыг уншигч олноо өргөн барьжээ. Тэрбээр өдгөө АНУ-ын Конгрессын номын сангийн монгол ном хариуцсан мэргэжилтэнэр ажиллаж буй. Нэн сонирхолтой хэмээн тодотгож буй түүний шинэ бүтээл нь 1769 онд Лондон хотын Друри лэйн дэх Вангийн театрт тоглосон “Чингис эмгэнэлт жүжиг”-ийн монгол орчуулга. Орчуулгын хамт англи эхийг ч мөн өргөн барьсан байна.

Уг жүжгийн зохиолын анхны хэвлэл нь АНУ-ын Конгрессын номын сангийн ховор хуучин номын тасагт “Zingis: A Tragedy. As it performed at the Theatre-Royal in Drury-Lane” нэрээр, PR1241 L6 дугаартай хадгалагдаж байсныг М.Саруул-Эрдэнэ ийнхүү олж, уншигч олноо хүргэж байна.
М.Саруул-Эрдэнэ “Чингис эмгэнэлт жүжиг” номынхоо өмнөх үгд “Эрхэм уншигч танаа тэртээ 1769 онд Лондон хотын Друри лэйн дэх Вангийн театрт тоглосон Чингис эмгэнэлт жүжгийн монгол орчуулгыг уг англи эхийн хамтаар өргөн барьж байна. Энэхүү жүжгийг Шотландын зохиолч, офицер Александер Доү “Тарик Могулистан” хэмээх түүхийн бүтээлд үндэслэн зохиожээ. Александер Доү болбоос зохиолчоос гадна түүхч, перс хэлнээс түүхийн томоохон бүтээлүүд орчуулсан судлаач хүн байлаа. “Чингис” хэмээх эмгэнэлт жүжгийг “Друри лэйн дэх Вангийн театрт тоглосноор...” хэмээн бараг жүжгийн нэрний нэг хэсэг болгон нүүр хуудсанд дурдсан нь учиртай. Тэр үед Британийн гэлтгүй ерөөс дэлхийн хамгийн нэр хүндтэй театр нь Друри лэйн хэмээх төв гудамжнаа орших Вангийн театр байсан аж. Үүнээс урьд Францын эрдэмтэн Пети дела Круагийн “Агуу их Чингис хааны түүх” хэмээх түүхийн бүтээл (1720 он), эмэгтэй зохиолч Аннэ дэ Ла Рош-Гильений “Чингис нэрт нэгэн Татаарын түүх” хэмээх романыг (1691 он) орчуулж байсан туршлагадаа дулдуйдан 1769 оны энэхүү жүжгийг зориглон орчуулахаар барьж авчээ. Тэрээр “Хэдийгээр энэ гурван ном, нэг нь түүхийн бүтээл, нөгөө нь хайр сэтгэлийн роман, гурав дахь нь мөн уран зохиолын төрөлд хамаарах жүжгийн зохиол, тодруулбал огт өөр төрлийн бүтээлүүд боловч адил шинжүүд бас буй. Эдгээр адил тал нь Цагаадайн улс орчимд, перс хэлээр өвлөн ирсэн түүхийн бүтээлүүдээр дамжин Европ дахинд тархсан Чингис хааны талаарх ойлголт юм. Тухайлбал түүх, уран зохиолын аль алинд Цагаадай болон Цагаадайн зөвлөх Харашар ноёныг илт дөвийлгөсөн, мөн Чингис хааныг Ван ханы охин Есүйжинтэй хайр сэтгэлийн холбоотой байсан гэх өгүүлэмж, Жамуха мөн тэр бүсгүйд санаатай байснаас зөрчил үүссэн гэх тайлбар буй. XVIII зууны үеийн англи үг хэллэгийг таних ойлгох нэг бэрхшээлээс гадна шүлэглэж бичсэн жүжгийн зохиол учраас шүлэглэн буулгах, ингэхдээ үг утгыг хадгалах бас нэгэн бэрхшээл нэмэгдэв. Ойлгоход бэрхшээлтэй нэн хуучны үг хэллэгтэй хэсгийг орчуулахдаа утга санааг нь англи хэлтний утга зохиолыг судалдаг Конгрессын номын сангийн номын санч нартайгаа зөвлөн ярьж, асуун ярилцсан болно. Чингис хааны үүх түүхээр тэртээ 1769 онд жүжиг зохиогоод, тухайн үеийн дэлхийн хамгийн нэр хүндтэй театрт тоглож байсан явдал нь Монголыг харийнхан хэрхэн ойлгож, тайлбарлаж, ухаж ирсэн түүхэнд холбогдох нэн чухал баримт болох юм. Тийм ч учраас хэрэг болгон цагийг гаргаж, чадан ядан орчуулж монгол уншигч нартаа барив” гэсэн юм.

Жүжгийн зохиолч Александер Доү гэж хэн бэ
Орчуулагчийн өгүүлснээр Шотландын зохиолч, дорно дахины судлаач, Армийн офицер Александер Доү нь 1735/1736 онд Пертшир дүүргийн Крифф хотноо төржээ. Эцэг нь Дунбар хотын гаальд ажилладаг байсан тул багадаа тэнд сурч боловсорсон байна. Тэрээр 1760 онд “Бенгалын явган цэрэг” хэмээх нэгтгэлд элсэн орж, гурван жилийн дараа дэслэгч, дөрвөн жилийн дараа буюу 1764 онд ахмад цол хүртэн дэвшсэн аж. Тэрээр цэргийн албанаас чөлөө авч, Британидаа 1768 онд ирээд хоёр ч чухал орчуулгаа хэвлүүлжээ. Tales translated from the Persian of Inatulla of Delhi - “Перс хэлнээс орчуулсан “Делигийн Инатуллагийн үлгэрүүд”, History of Hindostan, translated from the Persian of Ferishta - “Перс хэлнээс орчуулсан “Фериштагийн Хиндостаны түүх” гэсэн хоёр орчуулга нь их амжилт олсон байна. Хойтон жил нь буюу 1769 онд Чингис хааны тухай “Чингис” хэмээх таван үзэгдэлт эмгэнэлт жүжгээ бичсэн нь алдарт Друри лэйнд тавигдаж, мөн л амжилтад хүрсэн ажээ. Александер Доү “Чингис” жүжгээ тавьснаасаа хойш удалгүй Энэтхэг рүү буцаж, очсон даруйдаа буюу 1769 оны хоёрдугаар сарын 25-нд дэд хурандаа цол хүртэв. 1772 онд Хиндостаны түүх номоо үргэлжлүүлэн, ахин хоёр ботийг нэмж хэвлүүлжээ. 1774 онд эргээд Англид ирж, “Чингис” жүжигтээ хамтран ажилласан алдарт Давид Гарриктай нийлж, эртний Мисирийн түүхээс сэдэвлэсэн “Сэтонта” хэмээх жүжгээ бичиж, мөн Друри лэйнд тоглуулсан байна. Гэвч энэ жүжиг нь “Чингис”-тэй харьцуулахад их хол яваагүй гэдэг. Доү Энэтхэгт буцаж очин амьдарч байгаад 1779 оны долоодугаар сарын 31-ний өдөр нас баржээ.
Вангийн театр нь Лондонд ажиллаж буй хамгийн эртний театр

Тэртээ 1769 онд “Чингис” эмгэнэлт жүжгийг тоглож байсан Друри Лэйн дэх Вангийн театр одоо ч “амьд” оршиж байна. Яг энэ нэрээрээ нүүрэн тал нь Катерин гудамж руу харж, ар тал нь Друри лэйн гудамж дагуу байршиж байна. Өнөөгийн энэ барилга нь адил суурин дээр ахин дахин баригдсан дөрвөн байшингийн сүүлчийнх нь юм. Анхны барилга нь энэ суурин дээр 1663 онд баригдсанаар тооцож үзвэл тус театр нь Лондонд өдгөө ажиллаж буй хамгийн эртний театр болж байна. Зохиолч Петер Томсоны дүгнэж хэлснээр “Вангийн театр нь анх байгуулагдсанаасаа хойш эхний 200 жилдээ Лондоны тэргүүлэх театр” байжээ. Учир нь Английн ван II Чарльз театрыг үүсгэн байгуулагчдад жүжгийн патент олгох, хадгалах онцгой эрхийг өгснөөр шууд монополь шинжтэй болсон байна.
Уг жүжиг нь хэдийгээр “Чингис” нэртэй ч гол дүр нь Чингис хаан биш
“Чингис эмгэнэлт жүжиг” номын тэргүүнд Соёл урлагийн их сургуулийн Театрын урлагийн сургуулийн багш Я.Баяраа “Чингисийн Монголд ирсэн “Чингис” жүжгийн тухайд...” хэмээх шүүмжийг бичжээ. Энэхүү шүүмжид “Перс хэлнээс судар шастир орчуулдаг энэхүү бичгийн хүн Чингис хааны туулсан түүхийг өөрийн эргэцүүлэл, дүгнэлтээр задлан авч үзэж, хуумгай гэхийн аргагүй гаргалгаанууд дээр жүжгийн зөрчлөө зангидаж чадсан нь 300 гаруй жилийн дараа ч сонирхол татаж байна. Уг жүжиг нь хэдийгээр “Чингис” нэртэй ч гол дүр нь Чингис хаан биш юм. Драмын онолч Лаёош Эгридийн дэвшүүлсэн “тулгуур дүр” гэсэн санаа бий. Хэдий гол дүр биш ч, жүжгийн үйл явдал, учир шалтгааны гинжин холбоонд чухал үүрэг бүхий, гол баатруудын сэтгэлзүйн үйлдлүүдийг өдөөгч дүр бол тулгуур дүр юм. “Чингис” жүжгийн тулгуур дүр нь ялагдаж, сүйрч буй Ван ханы гүнж Есүйжин юм. Хунтайж Төмөр чухам Есүйжин гүнжид л дурласны улмаас эцэгтээ донгодуулж, жүжгийн гол хуйвалдааныг үүтгэгч Жамуха ч түүнд сэтгэл алдарсан байдаг. Есүйжин гүнж эрэлхэг зоригт Төмөр хунтайжийг чин сэтгэлээсээ өрөвдөн хайрлах хэдий ч, гал голомтыг нь үнсээр хийсгэсэн Чингис хааны хүү гэдэгтэй нь эвлэрч ядна. Харин Төмөр хунтайж түүний гоо үзэсгэлэн болоод үзэл бодолд нь татагдана. Тэр нь эрх мэдлийн төлөөх цуст тэмцлийг үзэн ядах хүсэл. Энэ нь эцэстээ эцгийнхээ эсрэг зэвсэг барин тэмцэхэд хүргэнэ. Жүжгийн төгсгөлд Ван хаан алагдаж, Төмөр хунтайж Жамухын илдэнд хөнөөгдсөний дараа Есүйжин гүнж Чингис хааны нүдний өмнө амиа егүүтгэнэ. Зохиолч жүжигтээ түүх, уран сайхны харьцааг тусгасан байдлаас гадна ерөөс Монголын түүхэнд хандах хандлага нь эрхгүй анхаарал татна. Хожмын романтик яруу найрагч С.Т.Кольерижийн нэгэн адил Александер Доү Монголын эзэнт гүрний түүхэнд хүндэтгэлтэй ханджээ. Ертөнцийг байлдан дагуулагч Чингис хааны тухай нэгэн жүжиг түүх монгол хэлэнд ийнхүү ирж байна. Агуу их түүх, асар их нууц үлдээсэн өвөг дээдсийнх нь тухай энэ бүтээлийг хойч үе нь сонирхон уншихын сацуу тайзнаа амилуулах өдөр холгүй биз ээ” хэмээн өгүүлжээ.
