Хувь хүний хөгжил, дадал зуршлын тухай шилдэг номуудын талаар хүргэдэг "Burii University" подкаст сувгийн хөтлөгч Г.Бөридэмтэй ном унших дадал зуршлын талаар ярилцлаа.

Анх хэзээ Burii University сувгаа нээж байсан вэ. Яагаад номын талаар подкаст хийхээр болов?

-Нэг жил хагасын өмнө подкастны анхны дугаараа хийж байсан. Өмнө нь дандаа гадаад сувгаас номын талаар хураангуй контент үздэг байлаа. Мөн уншсан номоо бусдад ярих дуртай хүүхэд байсан юм. Гэхдээ хүмүүс хаанаа ч хамаагүй завгүй үедээ сонсож болох хураангуй подкаст Монголд тийм ч олон байдаггүй болохоор энэ төрлийн контентыг хийхээр шийдсэн. Түүнээс хойш тогтмол өөрийн уншсан номоо хураангуй хэлбэрээр сонсогчдодоо хүргэж байна.

Одоогоор сонсогчдодоо хэдэн ном хүргээд байна. Ямар төрлийн номыг ихэвчлэн уншдаг вэ?

-Подкаст хэлбэрээр номын талаар нийтэлсэн 30 гаруй бичлэг миний youtube сувагт байгаа. Би дийлэнхдээ хувь хүний хөгжил, дадал зуршил, намтар төрлийн номыг шимтэн унших дуртай. Тэгээд уншсан номоо товч болгож гол агуулгыг нь сонсогчдодоо хүргэдэг.

Бүтэн нэг номыг 10-20 минутад багтааж ярина гэдэг их чадвар шүү дээ. Нэг номыг ингэж хураангуйлахын тулд тэмдэглэл хөтөлж гол санаагаа буулгадаг уу?

-Ном болгоны агуулга хуудасны тоо өөр өөр байдаг. Гэхдээ миний харснаар өөрийгөө хөгжүүлэх номуудад хуудасны тоог нэмэхийн тулд олон хэрэгтэй, хэрэггүй санаануудыг оруулсан байдаг. Зарим  зохиолчид ихэвчлэн эхлэл болон төгсгөл хэсэгтээ гол агуулгаа өгүүлсэн санагддаг. Би номыг заавал бүтэн уншихыг чухалчилдаггүй. Харин номын гол агуулгыг ойлгож өөрт хэрэгтэй зүйлээ олж харах гэж уншдаг. Номын тэмдэглэлээ номоос хэрэгтэй санаагаа олж авсны дараа буулгадаг. Тэмдэглэлээ бусдад ойлгогдохоор ярьж өгөх тул хэрэгтэй санаагаа бичиж авч найруулдаг. Тэмдэглэлээ 8 цаг бичиж байж бүтэн номыг 20 минутад багтааж ярьж чаддаг.

Ном их уншдаг хүмүүс цаг төлөвлөлт сайтай байдаг шүү дээ. Нэг номыг хэр хугацаанд уншдаг вэ?

-Өдөрт нэг цагийг ном уншихад зарцуулдаг. Мэдээж жилийн 365 өдөрт тогтмол нэг цагийг ном уншихад зарцуулдаг гэж хэлэхгүй. Гэхдээ тодорхой хэмжээнд өөртөө цаг гаргаж ном унших дадал суулгах гэж хичээдэг. Цаг төлөвлөлтийн тухайд би нэг зүйлд анхаарлаа хандуулсан бол бусад зүйлд сатаарахыг хүсдэггүй учир өдрийн хамгийн тайван амгалан нөхцөлд ном уншихыг илүүд үздэг.

Хэр их цаг зарцуулж байж ном унших дадал тогтох вэ? Сайн уншигч байхын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Ямар ч зүйлийг 10 мянган цаг тогтмол хийхэд дадал болж үлддэг. Үүнтэй адил ном уншихад тогтмол цаг зав гарган унших хэрэгтэй. Эхний ээлжид ном унших цагийн хуваарьтай болж тогтсон цагтаа номоо барьж аваад заавал уншдаг байх хэрэгтэй. Хувь хүний хөгжлийн номыг дээр дурдсанчлан бүтэн унших албагүй зүгээр хэрэгтэй, хэлэх гэсэн зүйлийг нь л ойлгож уншихад болно. Зарим хүмүүс номыг бүтэн уншиж чадахгүй байна гэж шантардаг. Тиймээс өөрт сонирхолтой гэж бодсон номоо л унших хэрэгтэй. Хэрвээ гадаад зохиолчийн ном унших гэж байгаа бол goodreads.com сайтаас унших номынхоо талаарх үнэлгээ, сэтгэгдлүүдийг харах хэрэгтэй. Унших номоо зөв сонгох нь маш чухал. Сонирхолгүй ном гэж байхгүй. Зүгээр л чиний сонголт л хэр зөв байх вэ гэдгээс хамаарна.

Өөрийн уншиж байсан номоосоо манай уншигчдад санал болгох хоёр номыг нэрлэвэл?

-Уншиж үзээсэй гэж санал болгож буй ном гэвэл “Ад үзэгдэх зориг”, “Амьсгал агаар болохуйц” гэж хоёр номыг нэрлэе. Эхний  номын тухайд сэтгэл зүйн асуудал гэдэг хүнийг байнга дагаж байдаг нэн чухал асуудал. Бидний харах өнцөг тэр чигтээ мухардалд орсон бол яах вэ гэх мэт сонирхолтой зүйлд асуулт хариулт хэлбэрээр бичигдсэн ном. Харин дараагийн номын тухайд мэс заслын эмчийн намтрыг өгүүлсэн бас л амьдралын чухал мөч бүрийг өөрийн өнцгөөр дүрслэн харуулсан нь таалагдсан юм. Тиймээс заавал уншиж үзэхийг санал болгож байна.

Бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.