
Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлыг эргэн сануулж, тоймлон хүргэж байна.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, дагалдуулан боловсруулсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн мэдүүллээ.
2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.
Хуулийн төсөлд тусгасан төсвийн тусгай шаардлагуудыг дараах байдлаар тооцсон байна. Тухайлбал,
Тэнцвэржүүлсэн орлого: Гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг олон улсын санхүүгийн мэдээллийн байгууллагуудын гаргасан үнийн төсөөлөлд үндэслэн, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт болон экспортын төлөвтэй уялдуулан тооцож, төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тодорхойлсон.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл: Уг тэнцлийг төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 2 хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байхаар тооцож, төсвийн тусгай шаардлагыг хангахаар тусгасан байна.
Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ: Тухайн жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлт болон өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байхаар тооцож, эдийн засгийн суурь өсөлттэй уялдуулан төсвийн зарлагыг төлөвлөх зохицуулалтыг тусгажээ. Мөн 2027 оны хувьд нэмэгдсэн орлогын хэмжээгээр нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг нэмэгдүүлэн тооцож уг тусгай шаардлагыг 2027 онд мөрдөхгүй байхаар, 2028-2029 онд төсвийн тусгай шаардлагыг хангахаар тусгажээ.
Засгийн газрын өр: Уг өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлсэн үлдэгдлийг 2027-2028 онд тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 50 хувиас, 2029 онд 45 хувиас хэтрэхгүй байхаар тус тус тооцсон. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлсэн үлдэгдэл тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 60 хувиас хэтрэхгүй байх шаардлагыг хангаж байгаа аж.
Ардчилсан намын зүгээс 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон төсвийн төслийг сонгуульд зориулсан, хэт тэлсэн, инфляц өдөөх эрсдэлтэй гэж үзэн эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
Засгийн газраас 2027 оны төсвийн төслөөс гадна 2026 оны төсөвт хийх тодотголыг УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьсан. Төсвийн тодотгол өргөн барьсантай холбоотойгоор Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ танилцуулах хуультай бөгөөд дүгнэлтээ танилцуулах хугацаа 14 хоног байдаг. Тиймээс ээлжит бус чуулган хуралдаж төсвийн тодотголыг ирэх долоо хоногт хэлэлцэх аж.
Энэ долоо хоногт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо. Харин Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцож байна. Чуулга уулзалтын хүрээнд өчигдөр Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд хуралдаанд ажиглагчийн хувиар оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэлсэн юм. Ингэхдээ Монгол Улс гадаад бодлогын залгамж чанараа тууштай хадгалж, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого баримтлан, бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох эрмэлзэлтэй гэдгийг нотоллоо. Тэрээр цааш хэлсэн үгэндээ кибер халдлага, үндэстэн дамнасан гэмт хэрэг, мансууруулах бодисын хууль бус эргэлтийг бууруулах зорилгоор шуурхай мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, улс орнуудын кибер дархлааг бэхжүүлэх чиглэлээр ШХАБ-ын гишүүн орнуудтай хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлсэн.
Киргиз Улс энэ удаагийн хуралдааныг “Тогтвортой энх тайван, хөгжил дэвшил, цэцэглэлтийн төлөө хамтдаа” уриан дор “Дэлхийн шударга дэг журмын гол тулгуур болох НҮБ: Олон туйлт дэлхий ертөнцийг цогцлооход ШХАБ+орнуудын оруулах хувь нэмэр” сэдвээр зохион байгууллаа.
Ерөнхий сайд Н.Учралыг ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинд бараалхах үеэр хөрш улсын ерөнхийлөгч “Хоёр улсын худалдааны эргэлт өнгөрсөн онд дөрөв гаруй хувиар өссөн. Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудын хооронд байгуулсан худалдааны Түр хэлэлцээр өнгөрсөн долоодугаар сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд таатай нөхцөл үүснэ” гэж тодотгосон байна.
2026-2027 оны хичээлийн шинэ жил эхэллээ. Энэ хичээлийн жилд бүх түвшний 2457 боловсролын сургалтын байгууллагад 1 305 552 суралцагч хамрагдах төлөвтэй байна. Үүнээс, сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт 242 742 хүүхэд, ерөнхий боловсролын сургуульд 843 095 сурагч суралцахаар байна. Харин нэгдүгээр ангид 75 838 хүүхэд элсэн сурах юм.
Мөн энэ жил хичээлийн жилийн бүтцийг шинэчилснээр ЕБС-ийн сурагчид дөрвөн улирлаар хичээллэхээр болсон юм. Өмнөх хичээлийн жилийн бүтэц гурван улиралтай байсан бөгөөд нэгдүгээр улирал 16 долоо хоног үргэлжилж байсан. Шинэ бүтцийн дагуу нийслэлийн суралцагчид өвөл 12 дугаар сарын гурав дахь долоо хоногт бие даалтад шилжиж, үргэлжүүлээд гурван долоо хоног амарна. Хичээлийн жилд хоёр удаагийн бие даалтын долоо хоног байх бөгөөд нэг бие даалт нь хот хөдөөгийн хувьд ялгаагүй цагаан сарын баяртай уялдаж байгаа бол хоёр дахь бие даалт нь хотод өвлийн амралтын өмнө, орон нутагт мал төллөх хугацаатай уялдан хаврын амралтын өмнө байна.
Энэ хичээлийн жил Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчид шинэчлэн боловсруулсан хөтөлбөрийн дагуу суралцана. Хүүхдийн чадамжид суурилсан, нас, сэтгэхүйн онцлогт тохирсон хөтөлбөр боловсруулсан аж.
Эдгээрээс гадна орон нутгийн түвшинд 42 байршилд бүтцийн төлөвлөлт хийж, сум дундын сургууль бий болгожээ. Нийслэлийн хэмжээнд ачаалал ихтэй сургуулиудын ачааллыг бууруулах, анги дүүргэлтийг 45-аас бага байлгах зорилгоор 22 сургууль дээр зохицуулалт хийж, хотхоны бага сургууль буюу гэрт ойр сургуулийг ажиллуулахаар ажиллаж байгаа аж.
Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ. Дархлаажуулалтад зорилтот бүлгийн иргэдийг бүрэн хамруулснаар томуугийн халдвараас үүдэх эрсдэлийг 75 хүртэлх хувиар бууруулах боломжтой аж.
Өнгөрсөн жил нийслэлд 146 мянган иргэнийг вакцинд хамруулж, томуугаар өвдөх эрсдэлийг 13 хувиар бууруулжээ. Энэ жил томуугаар өвдөх өндөр эрсдэлтэй зорилтот бүлгийн иргэд буюу 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан, архаг суурь өвчтэй 293,619 иргэнийг вакцинд хамруулахаар төлөвлөж буй.
Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар “Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд томуугийн 106 912 тохиолдол бүртгэгдсэний 50 хүртэлх хувийг 0-6 насны хүүхдүүд эзэлсэн. Нийслэлд энэ насны 230 орчим мянган хүүхэд амьдардаг бөгөөд тэдний 210 мянга буюу 80-аас дээш хувийг томуугийн вакцинд хамруулахаар төлөвлөж байна. Томуугийн улирлын идэвхжил аравдугаар сарын дунд үеэс нэмэгддэг. Тиймээс өвчлөл эрчимжихээс өмнө иргэдийг вакцинжуулалтад хамруулахыг зорьж байна. Вакцин хийлгэснээс хойш 10-14 хоногийн хугацаанд дархлаа тогтож, томуугийн халдвараас сэргийлэх хамгаалалт үүсдэг. Иргэд өөрт хамгийн ойр өрхийн эмнэлэг болон эрүүл мэндийн төвд хандаж, томуугийн вакцинд хамрагдах боломжтой” гэв.