
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах "Emerald" хотхоноос иргэн А (36 настай) 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 18:47 цагийн орчимд гэрээсээ гарч яваад сураггүй алга болсон. Энэ талаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө.
Тэрээр "Энэ оны 10 дугаар сарын 29-ны өдөр иргэн А Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооноос гарч гэртээ ирэхгүй байна гэх мэдээлэл мөн сарын 30-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тухайн иргэнийг эрэн хайх ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Тэрээр 2.6 километр явганаар явсан гэдгийг камераар тогтоосон. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нийт 19 мянган камер ажилладаг. Харин тус дүүргийн 26, 36 хорооны нутаг дэвсгэрт 2000 орчим камер байсан. Хамгийн сүүлд цэцэрлэгт хүрээлэнгийн камерт өртөөд, цаашаа аж ахуйн нэгж, айл өрх байдаггүй газарт буюу камергүй бүс рүү тухайн иргэн орсон. Тиймээс бид мөн хугацаанд тухайн орчмоор явсан 216 тээврийн хэрэгслийг олж тогтоон, гэрчийн мэдүүлэг авахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 1150 албан хаагчийн хүчээр таван удаагийн самналтын ажиллагаа явуулсан. Дрон, эрэлч нохой ажиллуулж, бүх газрыг нэг бүрчлэн шалгаад ажиллаж байна. Эрэн хайх ажиллагаатай зэрэгцээд эрүүгийн албаны холбогдох шалгалтууд хийгдэж байгаа" гэв.