Увс аймгийн Завхан сумын харьяат, олон түмнээ “Улаан” хэмээн алдаршсан улсын начин Моломын Мижиддоржтой ярилцлаа.

-Таны төрж өссөн нутаг ус, аав ээжийн тань талаар ярилцлагаа эхлүүлье?

-1947 онд Увс аймгийн Завхан суманд төрсөн. Хөдөөгийн хүүхдийн өдөр тутмын хийдэг ажлыг хийж, адуу малтай ноцолдож өссөн дөө. Миний аав Молом гэж нутаг усандаа нэртэй, буянтай буурал байлаа.

-Бөхийн спортод орсон нь хэдэн он бэ?

-1964 оны намар манай бригадын наадам болов оо. Тэгэхэд Увсын гурав, Завханы хоёр сумаас бөхчүүд ирж зодоглолоо. Манай нутгийн наадмын түрүүг авах дайны нэлээд шаггүй эрчүүд цугласан юм. Сум орон нутгийн удирдлагууд маань бөхийнхөө түрүүг алдах нь гээд орох байх газраа олж ядаж байтал манай ах Батжаргал намайг бүртгүүлчихдэг юм байна. Тэгсэн би тэр барилдаанд нь түрүүлчихлээ. Хадлангийн ажилд туслалцаж, усанд сэлж, үеийн залуустай ноцолдон тэрүүхэндээ подхийсэн бэлтгэл сургуулилт хийдэг байсандаа нутгийнхаа түрүүг алдаагүй. Түрүүлсэндээ урамшаад ойр хавийн сумын наадамд ногт ганзагалалаа. Дөрвөн ч суманд түрүүлсэн. Тиймээс нутгийн ах нар “Ирээдүйтэй сайн бөх болох хүү” хэмээн урамшуулдаг болов. Тэгээд удалгүй цэрэгт татагдсан даа.

-Таныг армид нэлээд хожуу мордсон гэдэг?

-Тэгсэн. Аавын минь бие барагтайхан болохоор цэрэгт явалгүй хэдэн жил өнжсөн. Эцгээ асраад 23-тайдаа л явсан даа. Би тэр үед нэгдлийн 700-гаад адуу маллаж байлаа. Тэгсэн чинь манай нутгийн цэргийн хэлтсийн дарга, дэд хурандаа Ширэндэв гуай “Мижиддоржийг энэ хонхорт уяад яах вэ. Цэрэгт явуул. Юм үзэж, нүд тайлаг. Би хүнээ мэдье. Та нар малаа хариуц” гээд цэргийн албанд татаж байлаа. Тэгээд Улаангомын заставт татагдлаа. Цэрэгт очоод удаагүй байтал 70 гаруй албан хаагчийн дунд барилдаан болов. Би түүнд нь давгүй барилдсан. Дараа нь Улиастайд мянган цэргийн карантенд очлоо. Тэндээс “Алдар” нийгэмлэгийн орлогч дарга Даш, дасгалжуулагч Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав нар намайг жигтэйхэн сонжсоноо “Энэ чинь харин овоо барилдчихмаар тэнхээтэй хүү байна” гээд тэр даруй “Алдар” руу шилжүүлсэн. Ингэж би монгол бөхийн их айлд хөл тавьж байлаа.

-“Алдар”-т хамт бэлтгэл сургуулилт хийж байсан алдартай бөхчүүд хэн хэн бэ?

-Дархан аварга Д.Цэрэнтогтох, аварга Д.Хадбаатар, заан Д.Цэнд-Аюуш, Булганы Ж.Батбилэг (Олимпийн наадмын мөнгөн медаль Ж.Даваажавын төрсөн ах), Тэсийн Д.Ойдов гээд мундгуудтай хамт бэлтгэл сургуулилт хийдэг байлаа. Тэднээс Д.Ойдов тун ирээдүйтэй залуу байсан. Түүнийг самбо, чөлөөт бөхийн улсын шигшээ баг хүртэл дуудаж байлаа. Цаадахь чинь энэ сайхан боломжоо орхиод нутаг руугаа явчихсан юм. Хэрэв Д.Ойдов энд үлдсэн бол олимп, дэлхийгээс хангалттай медаль хүртчихээр сайн бөх байлаа. Бидний багш Ч.Дамдиншарав мэх, дасгалыг маш ойлгомжтойгоор таниулдаг хүн. Бид тэр хүний заасан эрдмийн 30 хувийг нь л сурсан. Багш “Та нар заасан юм яагаад сурдаггүй юм” гээд зэмлэдэг байв. Хэрэв Д.Цэрэнтогтох, Д.Хадбаатар нар багшийн заасан зүйлийг ягштал сурсан бол олимп, дэлхийн аварга болчихсон байх байлаа.

-Армид байхдаа улсын баяр наадамд зодоглосон уу?

-1970 оны наадмын гурвын даваанд аварга Ш.Батсуурьт унасан. Дараа жил нь гурвын даваанд улсын заан Д.Барамсай намайг амлав. Заанаар гурав давчихдаг юм байна. Цэргийн хүү улсын баяр наадамд гурав давна гэдэг чинь том амжилт байхгүй юу. Дараагийн даваанд Г.Дэмүүл арсланд амлууллаа. Уг нь арслан харих талруугаа хандаж байсандаг. Тэгсэн харцага Д.Сэрээтэр “Дэмүүл арслан гэдгэр унадаг хүн. Эгзэгийг нь тааруулаад этчих, цаадах чинь уначихна” гэлээ. Би хэлсэн ёсоор этээдэхсэн чинь арслан барьцаа алдаад нэлээд тэвдэв. Би энэ үед нь ямар нэгэн дайралт хийж чадалгүй харж зогссоор байгаад өнгөрсөн. Энэ миний арсланг хаях хамгийн том боломж байлаа. Тэгээд удалгүй арсланд унасан даа. Уг нь ганцхан түлхэхэд л Дэмүүл гуай унахаар байсан.

-Багш нартаа баахан зэмлүүлсэн үү?

-Манай генерал “Чи яасан хариуцлагагүй, задарсан цэрэг вэ. Чамайг сахилгын арга хэмжээ авна” гэлээ. Дарга намайг армийнхаа нэрийг гаргаж чадаагүйд л хор шар нь хөдлөөд тэгж хэлсэн. Гэхдээ сахилгад хийгээгүй л дээ (инээв). Улсын цол хүртэх боломж зөндөө л тохиосон. Хэрэв би тэгэхэд л давчихсан бол тавын даваанд Бээжин, Жамц нарын аль нэг нь намайг дэмжээд цолонд хүргэчих байсан юм билээ. Дэмүүл арсланг хаях боломжоо алдсан тэр өдрөөс миний өм харьчихсан юм. Сүүлдээ засуулууд хүртэл надаас залхах маягтай болсон. Дэвжээндээ цолгүй өтлөх чинь их муухай зүйл байдаг юм билээ. Ямар сайндаа Ж.Мөнхбат аварга “Дэвжээндээ өтөлсөн хүн” гэж дуудаж байхав. Миний үеийнхэн намайг дөрөв давбал дэмжинэ гэдгээ ил далд хэлдэг л байлаа. Улсын баяр наадамд өмнө нь 20 гаруй удаа давж байсан заан Ч.Гочоосүрэндээ ч уначихдаг юм байна. Тэгээд улсын дэвжээнд 14 жил зодоглоод 1984 оны баяр наадмаар цол хүртсэн.

-Дэмүүл арсланг хөл алдах тэр үед танд юу бодогдсон бэ?

-Уг нь хариуцлагатай даваанд барилдаж байгаа хүн өмнөх даваагаа л хардаг баймаар. Тэгсэн би начин болчихоод орон нутгийн чөлөө аваад Увсад тэнэж явах юм бодож байдаг байгаа. Дараа нь Дэмүүл арслан “Чи тухай үед мөн ч их бяртай байж билээ. Тэгэхэд би унаж дууссан шүү” хэмээн хөөрөлдсөн дөө.

-Танхимын барилдаанд олон түрүүлсэн үү?

-Давгүй л амжилт үзүүлдэг байсан. Танхимын барилдаанд түрүүлэхэд 250 төгрөгөөр урамшуулна. Тухайн үед их мөнгө шүү дээ. Д.Хадбаатар бид хоёр шагналын мөнгөөрөө ресторанд пиво уугаад подхийтэл наргичихдаг байсан.

-Таны онжав Д.Цэрэнтогтох, Д.Хадбаатар нар аварга цолонд хүрчихсэн тэр он жилүүдэд тавын даваанд дэмжүүлэх бодол төрж байсан уу?

-Яг тухайн үедээ бол хүнээс гуйхаас санаа зовдог байлаа. Нэг гараанаас зэрэг хөдөлсөн нөхдөөсөө гуйх чинь шившиг шүү дээ.

-Таныг хожуу цолонд хүрсэн болохоор тань хэнз начин гэж дууддаг байсан гэдэг. Тэр үнэн үү?

-Үнэн, үнэн. 1984 оны улсын баяр наадмын тавын даваанд дархан аварга Д.Дамдинд амлуулсан. Аварга харьж, хоёр Мөнх ид үе гарч ирж байлаа. Тэгсэн Дамдин аваргаа давахааргүй болоод ирэв. Аваргын хоёр гар улам чангараад л. Дамдин аварга “Намайг давбал зол чинь, эс чадвал хохь чинь. Чи олон жил цолонд зүтгэсэн хүн. Би ямартай ч чамайг амласан. Намайг давахгүй бол 50 гарсан Дамдинд хүч хүрсэнгүй гэж сонинд бичүүлээд л өнгөрнө дөө, чи” гэж хэлж билээ. За, тэгээд цолонд хүрээд баярласан гэж жигтэйхэн.

-Цолны даваанд олон унаад ирэхээр юу бодогдох юм дээ?

-Эхний гурав, дөрвөн жилд тоодоггүй л байсан. Арав гаруй жил болсны дараа бол сүхдүүлчихсэн юм шиг л болдог юм билээ. Би 10 гаруй удаа гурав давсан хүн.

-Та Сэлэнгэ нутагтаа одоо хэр нь амьдарч байна уу?

-Одоо бол хотын захад цэвэр агаарт амьдарч байгаа. 1978 онд хуулийн сургууль төгссөн. Тэгээд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Нямбуу, Зүүнхараа хотын дарга Жамъян, намын хорооны дарга Ш.Гунгаадорж, Санхүү хорооны дарга Буянхишиг нар намайг Зүүнхараад дасгалжуулагчаар ажилла. Сэлэнгээс улсын цолтой бөх төрүүл. Манай нутгаас бөх тасарлаа. Зүүнхараад бөхийн секц ажиллуул” гэж хэлж, намайг дэмжиж байлаа. Ингээд Сэлэнгийн хүн болов. Энэ нутагт ирээд би ханьтайгаа танилцаж, амьдралдаа маш том өөрчлөлт хийсэн. Миний секцнээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь улсын аварга Г.Эрхэмбаяр байна. Түүний аав Гунаажав бид хоёр дотны нөхөр. Найз маань нэг өдөр тэг дөрвөлжин цээжтэй хүүхэд хөтөлж ирээд бөх болгоод өг гэдэг юм байна. Г.Эрхэмбаяр дөнгөж арван нас хүрч байсандаг. Тэгээд Г.Эрхэмбаярыг секцэнд хэдэн сар бэлдэж байтал аав нь “Чи яасан айхавтар дасгал хийлгэдэг юм. Хүүгийн ууц нурууг тасдах нь уу, чи” гэж хэлж байлаа. Би ухаандаа Ч.Дамдиншарав багшийнхаа заасан эрдмийг шавь нартаа зааж сургаж байгаа юм. Г.Эрхэмбаяр заасан зүйлийг тун хурдан сурсан даа. Удалгүй Улаан-Үд хотод болсон олон улсын тэмцээнээс анхны медалиа хүртсэн. Миний шавь нараас олон улсын циркийн гранпри шагнал хүртсэн шавь ч бий.

-Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмын түрүү, үзүүрт нутгийн хүү С.Мөнхбат, шавь Г.Эрхэмбаяр нар тань шалгарч, аварга цолны төлөө барилдахад та хэнийг нь дэмжсэн бэ?

-Тэр барилдааныг үзэхэд үнэндээ хэцүү байсан. Хүн нутгийн бөхөө дэмжинэ ээ дээ. Гэтэл би шавиа л илүү дэмжиж байгаа юм. Г.Эрхэмбаярыг давчихаасай гэж бодсон. Үнэнээ л хэлье.

-Шавь нь хоёр жилийн дараа (2013 онд) аварга болоход магнайгаа хагартал баярласан уу?

-Ёстой л тэгсэн дээ. 30 орчим жил дасгалжуулагч хийснийхээ үр шимийг амсах тэр өдөр сайхан байсан. Бараг л гартаа нар атгасан юм шиг л болдог юм билээ. Тэгэхэд арван настай жаахан хүү нүдэнд харагдаад, баярын нулимсаа барьж дийлээгүй.

-Зүүнхараад дасгалжуулагчийн хажуугаар хорих ангид хэдэн жил ажилласан гэдэг?

-1978-1988 он хүртэл. Намайг тэнд ажиллаж байх үед миний онжав Д.Хадбаатар хоригдож байсан. Д.Хадбаатар гурван удаа хэрэгт холбогдсон. Гэхдээ түүний холбогдсон хэргийн нэг нь ч төгс хэрэг байгаагүй. Гэнэн цайлган зангаасаа болж ташаа мэдүүлэг өгчихсөн юм билээ, чааваас... Би нэг өдөр Д.Хадбаатарыгаа хорихоос дагуулаад өөрийнхөө гэрт хоёр хонуулчихлаа л даа. Тэгсэн Гүнсэн гээд прокурор М.Мижиддорж Д.Хадбаатарыг шоронгоос оргуулчихлаа гээд худал матчихгүй юу. Тэгээд тэнд чинь түргэн аваад бөөн юм болно биз дээ. Ямар юмных нь оргуулах байхав дээ. Халхын аваргаа ядарсан үед нь орон гэртээ цайлах ямар ч монгол хүний хийх үйлдэл гэж боддог юм. Тэгээд Д.Хадбаатарыг нөгөө байранд нь аваачаад эхэлж байцааж байгаа юм. Хад маань мэдүүлэгтээ “М.Мижиддорж намайг дагуулж яваагүй. Би өөрөө тэднийд очсон” гэж хэлсэн байгаа юм, хөөрхий. Тэгэхээр нь миний зэвүү хүрээд “Наадахь чинь худал хэлж байна. Би Хадбаатарыг гэртээ дагуулж аваачсан” гэж хэллээ. Тэгсэн миний ажилдаа үлдэх эсэх яригдаж эхлэв. Удалгүй манай ажилд улсын хэмжээний шалгалт хийхээр өргөн хүрээтэй комисс ирлээ. Хоёр хоног шалгалаа. Тэгсэн зөрчилгүй, харин ч ажлын үр дүн сайн байна гэлээ. Гүнсэн гуай болохоор “Наад нөхөр чинь хоригдлыг оргуулж, гэртээ орогнуулсан” гэв. Тэгсэн улсын комиссын хүмүүс “Яадаг юм. Ядарч яваа улсын аварга хүнийг гэртээ хэд хонуулахад болохгүй нь юу байгаа юм” гэсэн. Тэнд Хадаас гадна Нэгдэл начин, Ц.Лохууз нарын хүмүүс хоригдож байсан. Би тэдний дэглэмийг дээшлүүлээгүй. Тэнд зарим овгор нь Хадыг дээрэлхдэг байлаа. Тэгэхээр нь би тэр зохисгүй байдлыг зогсоосон юм. Манай хоригдлууд надад их амь байдаг байлаа. Намайг Улсын баяр наадамд барилдахад миний хоригдлууд хойноос хар цайныхаа дээжийг өргөдөг байсан. Манай Хадбаатар ялыг тун сайн гүйцэтгэдэг байлаа. “Зил-130” автомашины шатахууны савны талаар нь хүрз хийгээд газар шорооны ажлыг түргэн хугацаанд хийдэг байсан. Тэр үед Бэрлэгийн колонийн дарга Идэрмөнх гэж их сайхан сэтгэлтэй хүн ажиллаж байв. Мод бэлтгэлийн газар, тэнд 1000 гаруй хоригдол хоригдож байлаа. Тэр дарга Хадбаатарыг адууны өрөөл мах тэргүүтнээр дайлж, нэг цоохор гэрт хэд хоног амрааж хүртэл тусалж дэмжсэн.

-Ярилцсанд баярлалаа. Танд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе?

-“Увс нуур” бөхийн галаас санаачлан Монгол бөхийн өргөөнд Энэ сарын 8-нд миний нэрэмжит барилдааныг зохион байгуулах гэж байгаад баярласнаа илэрхийлье. Манай галын тэргүүн Д.Дорлигжав, Д.Цэрэнсамбуу нарт их баярлаж байна. Тэд нутгийн бөхчүүдээ дэмжин их зүйл хийж яваа. Мөн УИХ-ын Ц.Нямдорж гэж агуу их хуульч хүнд баярлалаа гэж хэлье. Энэ мундаг хүнтэй нэгэн үед хэрэг танилцуулж явлаа ах нь. Үнэн үгийг шулуун шударга хэлдэг Ц.Нямдорж шиг хүн олон байгаасай гэж хүсдэг.