Монголбанкны удирдлагууд өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Орос, Украины хооронд үүссэн асуудал Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх тухай сэтгүүлчийн асуултад хариулахдаа "Олон улсад төлөр тооцоо SWIFT сүлжээгээр явдаг. Бүх банк энэ сүлжээгээр дамжуулж төлбөр тооцоогоо хийдэг. Гэтэл үүсээд байгаа нөхцөл байдлаас болоод ОХУ-ыг энэ системээс хасах хоригт оруулж, хаалт хийсэн. Тодруулбал, ОХУ-ын Төв банк болон нэр бүхий таван том банкийг SWIFT системээс хассан гэж мэдэгдсэн. Хэрвээ манай улсын төлбөр тооцоо дамждаг банк үүнд багтсан бол гадаад төлбөр тооцоо зогсох эрсдэлтэй байдал үүснэ. Гэхдээ АНУ-ын талаас эрчим хүч, нефтийн төлбөр тооцоог хоригт багтаахгүй гэсэн мэдээлэл байна. Манай улс ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүн авахаас гадна Зүүн Европоос ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор хүнс болон хэрэглээний бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг. Өнөөдөр үдээс хойш Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл эдгээр асуудлаар хуралдаж, тодорхой гарц шийдэл хайна" гэлээ.

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнд Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн Сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал багтдаг. Тус зөвлөл улиралд нэгээс доошгүй удаа ээлжит хуралдаанаа хийдэг юм. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл өнөөдрийн хуралдаанаараа ОХУ-аас авч буй бараа бүтээгдэхүүнийхээ төлбөрийг хоригт багтаагүй банк санхүүгийн хэрэгслээр хийх боломжуудыг эрэлхийлэх, сард хэчнээн хэмжээний төлбөр тооцоо хийгдэж, хэдий хэр бараа бүтээгдэхүүн ОХУ-аас авч байгаа талаар нарийвчлан ярилцах юм байна. Мөн нефтийн бүтээгдэхүүний хомсдол үүсэхээс сэргийлж, нөөц бэлтгэх талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.