“Үндэстний ТОЙМ” сэтгүүл уран зураг болон дэлхийн алдарт уран зураачдын талаарх мэдээллийг цувралаар хүргэж буй. Бид энэ удаагийн дугаартаа Оросын реалист зураач Илья Ефимович Репинийн нэгэн алдарт бүтээлийг онцолж, Дүрслэх урлагийн академийн Дүрслэх урлаг, онол түүхийн тэнхимийн эрхлэгч, урлаг судлаач М.Амина болон тус академийн уран зургийн ангийн оюутан Ж.Энхжин нартай хамтран танилцуулж байна.
Уран зургийн утга агуулга, хийц хэлбэр, гоо сайхныг ойлгохын тулд мэдрэмж, мэдлэг зайлшгүй шаардлагатай. Үүнээс гадна тухайн зургийг урласан уран бүтээлчийн амьдрал ахуй, үзэл бодол, амьдарч байсан хот суурин, зураг туурвисан цаг үеийг мэддэг байх нь нэн чухал. Тиймээс юун түрүүнд алдарт зураач Илья Ефимивич Репинийн талаарх товч мэдээллийг хүргэе.
Зураачийн тухай

Илья Репинийг эргэн тойрныхон нь суут ухаантан, хамгийн аугаа зураачдын нэг гэж үзэж, хүндэтгэдэг байсан ч тэрээр өөрийгөө эгэл жирийн нэгэнд тооцдог байв. Улмаар бусдын авьяас чадварыг биширч, өөрийнхөө авьяаст хэт эргэлздэг байсан гэдэг. Илья Репин ихэвчлэн хөрөг зураг болон аж байдлын зураг зурдаг байсан бөгөөд тухай үеийн цөөнгүй алдартны зургийг мөнхөлсөн байдаг. Тухайлбал, тэрээр алдарт зохиолч Лев Толстойтой ойр байсан төдийгүй түүний хөргийг нь зурдаг байж. Түүнчлэн эзэн хаан II Николас, гүнж Мария Тенишева нарын хөргийг зурж үлдээсэн нь бий.
Сонирхуулахад, Репинд 1901 онд тухайн үеийн эрх баригчдаас 35 кв.м бүхий “Төрийн Хүндэтгэлийн хурлын танхим” гэх нэртэй зураг бүтээх захиалга ирсэн гэдэг. Тэрээр тус зургийг тухайн үеийн алдарт зураач болох Б.М.Кустодиев, И.С.Куликов нартай хамтран хоёр жилийн турш зурсан байдаг. Тус зурагт Репин 80 гаруй хүний төрх, 50 гаруй судалбар болон таталбар зураг зуржээ.
Репин хэт их ачаалалтай ажилласны улмаас бие нь өвдөж, баруун гар нь мэдээгүй болсон удаатай. Гэсэн ч тэрээр зураг зурах хүслээ дарж дийлээгүйн улмаас зүүн гараараа зурж сурсан гэдэг.
Гэнэтийн зочин

Алдарт зураач Илья Ефимович Репинийн “Unexpected Guest” буюу “Гэнэтийн зочид” гэх сэдэвт зураг нь түүний алдарт бүтээлийн нэгд зүй ёсоор тооцогддог. Энэхүү зурагт цөллөгт явсан хувьсгалч гэртээ гэнэт буцаж ирж буй агшныг дүрсэлжээ. Зургийн гол баатар болох залуугийн царай ширүүн харагдах бөгөөд ээж рүүгээ хүйтэн, гайхширсан харцаар ширтэнэ. Зураач түүний царайг сүүдэр туссан байдлаар дүрсэлсэн ч нүдийг нь маш тод зуржээ. Харин ээж нь сандлаасаа өндийхдөө үл ялиг бөхийсөн харагдана. Түүний царайнаас итгэл найдвар, айдас, баяр баясгалан анзаарагддаг. Харин эхнэрийнх нь царай зурагт тал дүрслэгдсэн байх бөгөөд төгөлдөр хуурын урд буй эхнэр нөхрөө хараад ихэд гайхширна. Харин бяцхан охиныг аавыгаа таньж ядан, бишүүрхэж буйгаар зуржээ. Хүү нь аавынхаа зүг баяртайгаар харсан байна. Үйлчлэгч нар үүдэнд зогсоод үйл явдал хэрхэн өрнөхийг ажиглана. Зурагт буй хүн бүрийн харц гол баатар руу чиглэх хэдий ч тэдний сэтгэл хөдлөл, биеийн илэрхийлэмж харилцан адилгүй байна.
“Хамгийн чухал, төгс бүтээл”
Репиний бүтээлүүддээ хүний дотоод сэтгэл зүй, түгшүүр, нийгмийн амьдрал зэргийг ихэвчлэн дүрсэлдэг бөгөөд дүрүүдийн сэтгэл хөдлөлийн оргил, торгон агшинг тун мэдрэмжтэй урласан байдаг. Тэрээр “Unexpected Guest” зурагт ч мөн хүний сэтгэл хөдлөл, мөн чанар, итгэл найдварын нарийн утсыг тод тусгаж чадсан. Тиймдээ ч урлаг, уран зураг сонирхогчдоос талархал хүлээдэг уран бүтээл юм. Репиний дотнын найз, урлаг, уран зураг шүүмжлэгч Владимир Стасов энэхүү бүтээлийг “Түүний хамгийн том, хамгийн чухал, төгс бүтээл” гэж онцолсон байдаг.
Зурагт зураачийн “амьдрал” ч багтдаг
Уг зурагт Репиний эхнэр Вера Шевцовог болон охин, хадам ээж, найзуудаа дүрсэлсэн байдаг. Түүнчлэн дүрүүдийн зогсож буй орчин нь зураачийн гэрийнх нь зочны өрөө байсан гэдэг. Ханан дээр Александр II хаан, Шевченко, Некрасов нарын гэрэл зургийг өлгөжээ. Эдгээр хөрөг зургууд нь улс төрийн далд агуулгатай гэж зарим урлаг судлаач үздэг