Өсвөр насны хүү “Би хэнийг ч буудсан манай аав арын маань даачихна” гэж ярих дүрс бичлэг цахим орчинд тархсан. Үүнийг иргэд хэн нэгэн албан тушаалтны хүү гэж таамаглаж байв. Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газраас тодруулахад “Хоёр сурагчаас сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн эсэх шинжилгээ авсан. Урьдчилсан байдлаар пиво хэрэглэсэн нь тогтоогдсон. Мөн хүүхдүүдийн эцэг, эх нь өндөр албан тушаалтан байгаагүй. Энгийн иргэд. Найзуудаараа хаалттай бүлэгт лайв хийсэн нь задарсан байна” гэлээ.
Тэгвэл бичлэг хийсэн сурагчид сэтгүүлч Ч.Лодойсамбуу, реппер Баабар нарын хүүхдүүд байсан талаар эх сурвалж мэдээлээд байна. Өнөөдөр Ч.Лодойсамбуу нийгмийн сүлжээнд хүүгийнхээ талаар тайлбар бичжээ. Тэрээр "Би ч бас 15 настай байж үзсэн хөөн. Айлын хүүхдүүдтэй алаг үзэлгүй нөхөрлөөд л анхны гэж дурсагдах сайн муу юм бүхнийг л хамтдаа хийж сахилгагүйтэж явлаа. Хүүхэд ямар аав ээждээ алга ташилт цуглуулж өгөх үүрэгтэй төрдөг биш. Намайг тухтай байлгая гэж амлаад гуйж энэ хорвоод ирсэн ч биш. Гай гавьяа хоёроо даагаад гарчихдаг ухаантай, хүнд түвэг удалгүй урдахаа хараад амьдарчихдаг хариуцлагатай л хүн болж байвал болчих нь тэр. Учир мэдэхгүй дээрээ алдаж эндчих вий гэж бодох л юм. Тэглээ гээд яалтайв. Өөрийнхөө хүсэлд тааруулж эвдэлтэй нь биш. Анхнаасаа өөрөө шийдвэр гаргаад сурчихсан хүүхэд цаанаа л ондоо байдгийг мэдэх болохоор үг хэлэхээс илүү үлгэрлэе л гэж хичээх юм. Өөрөө аав болохоороо ойлгоноо яахав энэ бацаан. Одоо яаж ч хэлээд ойд нь буухгүй тэр мэдрэмжийг өөрийнх нь хүү нас биед хүрэх үед л мэдэрнэ. Хүүгээр минь яллах гэж үзээд байгаа бололтой баруун солгойгүй хүчилж сэвээд сүйд. Олигтойхон жигшээд өгөөрэй таанууд" гэлээ.
Харин хип хоп холбооны ерөнхийлөгч Ш.Баавар "Өчигдрийн цацагдсан бичлэгийг эрүүгийн цагдаагийн газраас шалгаад гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн. Харин хүүгийн маань сэтгэл санаа маш хүнд байна. Бичлэг цахим орчинд тарснаас хойш хоёр ч удаа амиа хорлох оролдлого хийсэн. Хүү маань найзуудынхаа грүппт л лайв хийсэн юм байна. Харин цагдаагийн газраас хүүгийнхээ биеийн болоод сэтгэл санааны байдалд сайн анхаараарай гэж сануулсан. Уг асуудлыг зөвөөр ойлгоосой гэж хүсч байна. Бид цаашдаа хүүхдэдээ сайн анхаарал хандуулах болно оо" гэв.