
Олон улсын Олимпийн хорооноос 2009 оны аравдугаар сард Бразил улсын Рио Де Жанейро хотод 2016 оны Олимпийг зохион байгуулах эрхийг олгосон билээ. Тухайн үед тус хот Токио, Прага, Баку, Москва, Доха, Чикаго, Мадрид зэрэг хүчтэй өрсөлдөгчдөө ялж дээрх эрхийг авч байсан юм. Гэвч яг Олимп болох жил зохион байгуулагч орон багагүй барцадтай байна.

Учир нь Олимпийн наадам болоход гурван сар үлдсэн эдгээр өдрүүдэд Бразил улсын дотоод асуудал спортын хамгийн том наадмыг сүүдэртүүлэхүйц хэмжээнд дэлхий нийтэд ил боллоо. Тухайлбал, дэлхий нийтэд аюулын харанга дэлдээд буй “Зика” вирусын халдварын гол голомт нь Олимпийн наадам болох Бразил улс юм. Тус халдвар дэлхийн 35 оронд тархаад байгаа бөгөөд энэ оны эцэс гэхэд дөрвөн сая хүн тус халдварт өртөх тооцоо гарсан. Түүнчлэн тус улсын ерөнхийлөгч авлигын хэрэгт холбогдож, огцрох тухай асуудал яригдаж эхэлсэн. Тэгвэл Олимпийн үеэр тус улс Ерөнхийлөгчтэй байх уу гэдэг асуулт гарч ирэв. Олимп болоход хэдхэн сар үлдсэн энэ үед тус наадамд зориулсан цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажил дуусаагүй, цахилгааны хомсдолд орсон, Олимпийн наадамд зориулан барьсан дугуйн зам нурж хүний амь эрсэдсэн зэрэг асуудлаас болж "Бразил улс Олимпийн наадмыг зохион байгуулахад бэлэн үү, Олимпийн наадам саатах уу" гэх асуулт тавигдаж байна.
Зика вирус
Дэлхий нийтэд аюулын харанга дэлдээд буй “Зика” вирусын халдварын гол голомт нь Олимпийн наадам болох Бразил улс юм.
Африк тивийг сандаргаж, 10 мянга гаруй хүний аминд хүрээд байсан Эбола вирусыг устгах вакциныг эрдэмтэд дөнгөж гаргаж аваад байтал Өмнөд Америкт бас нэгэн вирус тархсан нь “Зика”юм.
Дэлхий даяар, ялангуяа Өмнөд Америк тивд “Зика” вирус асар хурдтай тархаад буй. Гэвч үүнтэй холбоотойгоор Бразилд болох 2016 оны Олимпийн наадмыг хойшлуулах, цуцлах, эсвэл уралдаан тэмцээний хуваарьт өөрчлөлт оруулах ямар нэгэн шийдвэр гараагүй гэдгийг албаныхан онцолж байгаа юм. Мөн Олон улсын Олимпийн хороо нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгдсэн.

Хятадын Нанжин хотод 2014 онд Залуучуудын олимпийн тоглолт болох үеэр дэлхий даяар Эбола вирус тархаж байсан тул Африк тивийн хэд хэдэн орны баг тамирчдыг уг наадамд оролцуулаагүй юм. Тэгвэл “Зика” вирус тархсан эгзэгтэй энэ үед Бразилийн Рио Де Жанейро хотноо хүн төрөлхтний спортын их наадам олимп болох гэж байна. Бразилчууд спортын энэ нүсэр наадмыг амжилттай зохион байгуулахын тулд боломжтой бүхнийг хийж байгаа аж. Тухайлбал, вирусын тархалтыг зогсоохын тулд Рио Де Жанейро болон хөлбөмбөгийн тэмцээн болох зэргэлдээх дөрвөн хотын спортын бүх обьектуудад өдөр бүр үзлэг хийж, тухайн барилга байгууламж дотор вирус тээгч шумуул үржихэд таатай нөхцөл бий болгодог тогтоол ус хуралдсан эсэхийг сайтар хянаж байгаа аж.
Тамирчдыг бохир уснаас халдвар авахгүйн тулд урьдчилан бэлтгэлтэй ирэх хэрэгтэй хэмээн шинжээчид хэллээ.
Одоогоор тус улсын нийслэлд вирус тархсан гэх тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд Рио Де Жанейро шиг томоохон хотуудад шумуул амьдрах нөхцөл байхгүй учир тамирчид, жуулчид, болон үзэгчид сэтгэл амар байж болно хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
Түүнчлэн “Зика” вирус нь цельсийн 25-аас дээш хэмийн дулаанд амьдрах чадвартай. Тэгвэл Рио Де Жанейро хотод наймдугаар сард агаарын хэм өдөртөө хамгийн дээд тал нь нэмэх 24 градусын хүрч Бразил улсад өвөл болох тул олимпийн тосгонд өвчин дэгдэх магадлал бага гэж мэргэжилтнүүд үзжээ.
“Зика” вирус нь 25-аас дээш хэмийн дулаанд амьдрах чадвартай. Тэгвэл Рио Де Жанейро хотод наймдугаар сард агаарын хэм өдөртөө хамгийн дээд тал нь нэмэх 24 градус байна.
Зөвхөн “Зика” вирус тараагч шумуулыг устгах ажилд гэхэд Бразил даяар 500 мянган хүн дайчлагдан ажиллаж байна. Үүний 200 мянга нь армийн алба хаагчид бол бусад нь сайн дурынхан аж. Тэд вирусаас хэрхэн хамгаалах тухай товхимол, санамжуудыг иргэдэд түгээж байгаа юм.
Жирэмсэн эх уг вирусын халдварыг авснаар урагт нөлөөлж жижиг тархитай тархи нь устсан, оюуны хомсдолтой хүүхэд төрөх аюултай. "Зика" вирус хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор Латин Америкийн орнууд эмэгтэйчүүдээ ойрын жилүүдэд жирэмслэхгүй байхыг уриалж, жирэмсэн эмэгтэйчүүдийг аборт хийлгэхийг зөвлөх болсон юм. Өөрөөр хэлбэл, "Зика" вирусын тархалт газар авсан улсуудад хүн амын өсөлт байхгүй болно гэсэн үг юм. BBC агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн жилийн аравдугаар сараас хойш Бразил улсад зика вирусын халдвар авсан 3670 хүүхэд төржээ. Уг үзүүлэлт 2016 онд 4 сая болж нэмэгдэнэ гэсэн тооцооллыг эрдэмтэд гаргаад байна. Энэ вирус хүн амын өсөлтийг үгүй хийснээр аминд халтай өвчнөөс ч илүү сөрөг үр дагавартай тухай эмч нар сануулжээ.

Хэдийгээр вирус асар хурдтай тархаж байгаа ч Бразилд очихоос албан ёсоор татгалзаж байгаагаа мэдэгдсэн үндэсний шигшээ баг одоогоор гараагүй байна.
ОХУ-ын Спортын сайд Виталий Мутко “Оросын тамирчдын хувьд вирусаас айх зүйл үгүй. Онцгой тохиолдолд шигшээ багийн нийт тамирчдын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авна” гэсэн бол БНСУ-ын Олимпийн хороо тамирчдадаа зориулан “Зика” вирусын халдвар тараагч шумуулын хатгалтаас хамгаалах урт ханцуйтай цамц, өмд зэргийг гаргажээ. Тамирчдын хувцсанд шумуул үргээгч химийн бодис шингээсэн байна. Түүнчлэн, олимпийн үеэр тамирчдад шумуулын эсрэг цацлага хэрэглэхийг зөвшөөрсөн байна.
Дильма Русеф

Зөвхөн “Зика” вирус тараагч шумуулыг устгах ажилд гэхэд Бразил даяар 500 мянган хүн дайчлагдан ажиллаж байна.
Бразилийн Ерөнхийлөгч Дильма Русеф 2010 онд улсынхаа анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдож, иргэдийнхээ дунд ч маш өндөр рейтингтэй байсан юм. Гэвч 2015 оноос тэрээр авлигын хэрэгт холбогдох болсноор нэр хүнд нь унаж, 2016 онд хамгийн их итгэл алдсан ерөнхийлөгчөөр нэрлэгджээ. Бразилын эдийн засаг доройтож, төрийн өмчит газрын тосны “Петробрас” корпорацийн авлигын хэрэгт Ерөнхийлөгч Дильма Русеф тэргүүтэй нөлөө бүхий улстөрчид, нэртэй бизнесмэнүүд холбогдсон нь Ерөнхийлөгчийг огцруулах тухай асуудлыг хөндөхөд хүргэсэн юм. Улмаар Конгрессын доод танхим Дильма Русефт хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзсэн учраас асуудлыг дээд танхим буюу Сенат хэлэлцэхээр болсон. Хэрэв Сенатын зүгээс Ерөнхийлөгчийг гэмт буруутай хэмээн үзвэл Дильма Русеф албан тушаалаасаа огцрох юм. Одоогоор Бразилын дараагийн Ерөнхийлөгч хэн байх нь тодорхойгүй байна.
Олимпийн наадам ерөнхийлөгчгүй улсад явагдах уу гэдэг асуулт улс орнуудын анхаарлыг татаж байна.
Харин Дильма Русеф уг явдлыг шударга бус бөгөөд өөрийг нь санаатайгаар унагах зохион байгуулалттай ажил гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. Тухайлбал, тус улсын дэд Ерөнхийлөгч Мишел Тэмерийг өөрийг нь огцруулах улс төрийн хуйвалдааныг удирдаж байна хэмээн буруушаасан юм. Учир нь Мишел Тэмерийн дуу хураагуурт бичигдсэн яриа үүнийг батлаад байгаа юм. Тус бичлэгт Бразилийн дэд Ерөнхийлөгч одоогийн Ерөнхийлөгчийн байр сууринд очих тухай ярьсан төдийгүй Ерөнхийлөгч болоод хэлэх үгээ бэлдэж буй нь хүртэл бичигдсэн байжээ. Тиймээс Дильма Руссеф болж буй үйл явдал бол урьдаас зохион байгуулсан хуйваалдаан хэмээн үзэж байгаа аж.
Түүний хувьд олимп зохион байгуулах эрх авахаас эхлээд эхнээс нь хамт байж, оролцсон энэ үйл ажиллагаанд оролцохгүй бол маш харамсалтай байна хэмээн дурдсан.
Олимпийн наадам ерөнхийлөгчгүй улсад явагдах уу гэдэг асуулт улс орнуудын анхаарал татаж буй бас нэг сэдэв юм.
Бэлэн бус байдал

Олон улсын Олимпийн хорооны баг Олимп зохион байгуулах байгууламжуудын барилгын ажил 98 хувийн гүйцэтгэлтэй гэж байгаа ч урьдчилсан шалгалт хийхэд гимнастик болон усанд сэлэлтийн тэмцээн явагдах байгууламжид цахилгаан байнга тасрах, усны чанар хангалтгүй, барилга байгууламжийн гүйцэтгэл дутуу зэрэг олон асуудал тулгарч байгаа нь тогтоогджээ.
Олимпийн наадамд зориулан шинээр барьсан, дугуйн тэмцээн болох гүүрэн зам нуран хоёр хүн амиа алдаж, гурван хүн сураггүй алга болжээ.
Рио Де Жанейро хотын Гуанабара усан сангийн усны чанарыг шалгаж үзэхэд бохирдолтой байсан бөгөөд бохирын хоолой гэмтсэн ч тодорхой арга хэмжээ авалгүй өдий хүрсэн байна. Энэ нь маш хангалтгүй үзүүлэлт бөгөөд тамирчдыг бохир уснаас халдвар авахгүйн тулд урьдчилан бэлтгэлтэй ирэх хэрэгтэй хэмээн шинжээчид хэлжээ. “Бидний харснаар нийт шалгалт хийсэн тайлбайн 60 хувь нь цэвэр гэж дүгнэлт гарсан. Үүнийг гэгээлгээр харахыг хичээж байна” гэж шинжээчдийн багийн ахлагч Томас Бах мэдэгдсэн байна. Нөхцөл байдал муу байгаа нь үүгээр дууссангүй.
Таван сая гаруй тасалбар борлуулахаар төлөвлөснөөс 70 хувийг Бразилын иргэдэд худалдана.
Олимпийн наадамд зориулан шинээр барьсан, дугуйн тэмцээн болох гүүрэн зам нуран хоёр хүн амиа алдаж, гурван хүн сураггүй алга болоод байна. Уг замын барилгын ажилд нийтдээ 31 сая реал /8 сая ам.доллар /зарцуулсан бөгөөд энэ нь 17 тэрбум 186 сая төгрөгтэй тэнцэх юм. Дугуйн тэмцээн болох замын нурсан гүүрэн хэсэг нь далайгаас дээш 50 метрийн өндөрт баригдсан бөгөөд хүчтэй давалгаанд цохигдон нуржээ. Гүүрийг нурах үед дээр нь явж байсан таван иргэн далайд эндсэн бөгөөд аврагчид хоёрынх нь цогцсыг олсон байна. Дугуйн тэмцээн явагдах замын гүүрэн хэсэг нурснаар наймдугаар сард Зуны олимп зохиогдоход тулгараад байгаа асуудлыг нэгээр нэмлээ.

Зохион байгуулагчид нийт 85 мянган цэрэг, цагдаагийн бие бүрэлдэхүүн Риогийн олимпийн үеэр үүрэг гүйцэтгэнэ гэж мэдэгдсэн. Энэ нь Лондон 2012 тэмцээнийхтэй харьцуулбал хэд дахин өндөр тоо юм. Лондонгийн олимпод 40 мянга орчим хүн үүрэг гүйцэтгэсний 17 мянга нь цэрэг цагдаа нар байжээ.
Олимпийн наадмын тасалбарыг өнгөрсөн сараас эхлэн онлайнаар худалдаж эхэлсэн. Таван сая гаруй тасалбар борлуулахаар төлөвлөснөөс 70 хувийг Бразилын иргэдэд худалдаалахаар төлөвлөжээ. Тасалбарын тал хувь нь 27 ам.доллараас доош үнэтэй бол хамгийн доод үнэ нь 15 ам.доллараас эхэлж байгаа аж. Одоогоор нийт тасалбарын 85 хувь буюу гурван сая гаруй тасалбар борлогдсон байгаа тухай зохион байгуулагчид мэдэгджээ.