“Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн 505 дахь дугаар уншигчдын гарт очлоо. Манай дугаар бүр нийгэм, улс төр, эдийн засгийн ил үзэгдэх бодит төрхийг дэлгэн үзүүлэхээс гадна тэдгээрийн цаана лугшиж буй шалтгаан, судсыг барьж авахыг зорьдог билээ.
Шинэ дугаараас онцлох есөн сэдвийг танилцуулъя.
НЭГ. Аймгууд тусгаар тогтнох эрсдэл бий болов уу
Жижиг мажоритар тогтолцооноос болоод сум, аймгийн Засаг дарга нь тойрогтоо нэр нүүр олохын тулд иргэдээ УИХ, Засгийн газрын эсрэг турхираад сууж байгаа жишээ олон байна. Аймгуудын хөгжлийн харилцан адилгүй байдал нь энэ эрсдэлийг нэмнэ үү гэхээс багасгахгүй. Өмнөговь аймгийн удирдлага харьяат иргэддээ “Нутгийн хишиг” хэмээн сар бүр 50 000 төгрөг олгож байсан жишээ бий. Одоо хэвээрээ эсэхийг мэдэхгүй ч Засаг даргынх нь мөрийн хөтөлбөр “Нутгийн хишиг” нэртэй байгаагаас үзэхэд энэ нэр иргэдэд онцгой таалагддаг болох нь харагдаж байгаа юм. Энэ нь яваандаа нөгөө л Үндсэн хуулийн 2-ын 1.”Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна” гэсэн заалтыг эрсдэлд оруулж буй. Байгалийн баялагтай хэсэг нь аминч үзэл гаргаснаас болж Судан хэмээх нэгдмэл улс хоёр хуваагдсан түүх бий шүү дээ. Орон нутагт хэтэрхий их эрх мэдэл олгох нь сайны ёр яавч биш.
Х.Батсайхан "Олон толгойтой улс"
ХОЁР. Гадаадад гацсан иргэд
Эх орон болох эцэг, эх нь дотроосоо хаалгаа түгжээд үр хүүхэд нь орц хонгилд ганц биш зуу, зуун өдрийг өнгөрүүлээд ирэхэд гэртээ л байсан бид яаж хүлээж авсан бэ. Киноны төгсгөлд “Эх орон гэдэг их л үнэтэй юм билээ” хэмээн өгүүлдэг. Нээрээ л цар тахлын үед эх орон минь яасан ч их “үнэтэй” байв даа. Нутагтаа ирэхээ хүлээсэн тэд “Шиврээ бороо шивэрч, сэвэлзүүр салхи сэвэлзэхэд эх орноо бид санадаг” хэмээн хоолой нь зангирдаг. Энэ нэг жилийн хугацаанд эх орных нь шиврээ бороо, сэвэлзүүр салхи гадаадад гацаасан монголчуудад дэндүү хол байлаа. Дахин бидэнд ийм сорилт ирвэл дэлхийд байхгүй жишиг тогтоож, хагацал, гашуудлын нулимсаар хооллолгүй, насандаа мартахгүй гүн шархтай үлдсэн тэднийг санаж хүнлэг байя, хүн ёсны шийдвэр гаргая.
О.Эрдэнэчимэг " Эх орондоо л очихсон"
ГУРАВ. Түгжрэлэс шалтгаалах өвчлөл
Нийслэлийн оршин суугчид өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрөөж байна гэсэн судалгаа бий. Замын түгжрэлд зогсохдоо биологийн хэрэгцээгээ хангах буюу бие засах шаардлагатай болдог. Энэ үед хэрхэн ашиггүй бодисоо гадагшлуулдаг вэ. Нисэх, Яармагт амьдарч буй иргэд хамгийн олон цагийг түгжрэлд өнгөрүүлдэг болсон. Тэдний төлөөлөл нэгэн иргэн “Манай гэр Яармагт байдаг. Харин ажил маань Улаанбаатар их дэлгүүрийн хажууд. Би өглөө 06.00 цагт гэрээсээ гардаг. Харин ажил дээр 07.00 цаг өнгөрөөгөөд ирдэг. Оргил түгжрэлийн үеэр гурван цаг явдаг. Замд явж байхад бие засах зайлшгүй шаардлага гарвал цайны газар, караоке гэх мэт үйлчилгээний газар машинаа зогсоож бие засдаг. Заримдаа шээс хүрсэн тохиолдолд ажилдаа ирэх хүртэл тэвчдэг. Өөр сонголт байхгүй шүү дээ” гэсэн юм.
Ж.Лувсан-Ёндон "Эхний зогсоол түгжрэл, дараагийн зогсоол өвчин"
ДӨРӨВ. Хил орчмын аялал жуучлалаа нээе
Дэлхийн аялал жуулчлалын байгууллага 2020 онд “Дэлхий даяар жилд жуулчилж буй 1.6 тэрбум жуулчдын 17 хувь нь хятад жуулчин” гэж мэдээлж байлаа. Манай улс жилд нэг сая жуулчин авдаг болох зорилт дэвшүүлсэн. Гэтэл бидний энэ мөрөөдлийн тоог Эрээн хот 2017 оноос хойш дотоодоосоо авч эхэлжээ. Нэгэнт Эрээнд ирсэн жуулчид Монголыг үзэх сонирхолтой байдаг ч тэдний хүслийг бид хязгаарлажээ. Хил орчмын аялал жуулчлалыг нээсэн 2015 онд өдөрт хамгийн ихдээ 600 жуулчин Замын[1]Үүдээр орж ирсэн байна. Нэг жуулчин өдрийн аялалдаа дунджаар 700 юань үрдэг гэсэн тооцоолол гарчээ. Тэд манай улсаас махан бүтээгдэхүүн, борц, сүү бас зөгийн балыг ихэд сонирхон худалдан авдаг байжээ. Монголчууд, дэлхий нийт үргэлж цар тахалд дарлуулахгүй. Нэг л өдөр одоогийн саад бэрхшээл ард үлдэнэ. Тэр цагт хил орчмын аялал жуулчлалаа нээе.
С.Шийлэгтөмөр "Хятадууд хадны мангаа биш, харин мөнгө"
ТАВ. Ерөнхийлөгчийн хязгаартай эрх
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ, Засгийн газар, шүүх гэсэн гурван засаглалын хуульд өөрчлөлт оруулсан ч өнөөг хүртэл Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулаагүй байгаа. Гүйцэтгэх засаглал гэсэн малгайн дор Засгийн газартай зэрэгцэж, заримдаа давхардаж ирсэн Ерөнхийлөгч, түүний институц ирээдүйд ямар байдлаар ажиллах вэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой цөөхөн заалт орсон. Гэхдээ тэр заалтууд нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг багагүй хэмжээнд хязгаарлаж байгаа. Тухайлбал, Ерөнхийлөгч хүссэн хуулиа санаачлах эрхгүй болсон. Эцэг хуулийн 26.1-т “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ” хэмээн заасан байсныг “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” хэмээн өөрчилсөн. Тэгэхээр Ерөнхийлөгчийн тухай хуулиар Ерөнхийлөгч ямар хууль санаачилж болох, болохгүйг зааж өгнө гэсэн үг. Өмнөх Ерөнхийлөгч нар хууль батлах замаар Үндсэн хуулиар олоогүй эрх мэдлийг өөртөө бий болгосон гэсэн шүүмжлэл гарсан. Энэ ч бодитой. Тиймээс “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно” гэсэн Үндсэн хуулийн 33.4 дэх заалтыг “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” хэмээн өөрчилсөн юм.
С.Шийлэгтөмөр "Хуучин Ерөнхийлөгч, шинэ хууль"
ЗУРГАА. Гээгдсэн баяр, орхигдсон ёс уламжлал
Ураг удмынхан бие биеийнхээрээ зочилж, мэнд мэдээд зогсохгүй хэнийх ирэх жил хүүгээ гэрлүүлж, охиноо мордуулж байна, хэнийх бүл нэмж, хэнд тус, дэм хэрэгтэй байна гэдгийг нүдээрээ харж, таньж мэдэх учиртай. Тэгэхээр энэ их нарийн, нандин баяр ёслол төдийгүй цогц системийн шинжтэй байгаа биз. Гэвч бид энэ сайхан ёслолыг жинхэнэ утгаар нь хөгжүүлж чадахгүй байна. Энэ баярын гол утга учрыг зааглаж, хамгийн чухал агуулгыг нь ялгаж харах ёстой юм. Өв уламжлалын зангилаа болсон энэ том баярыг үндсэн утгаар нь цааш авч явахгүй бол ард түмний түүх, соёл ч өөрчлөгдөх эрсдэлтэй. Тиймээс цар тахлын дараа Цагаан сарыг сэргээхдээ хуучин хэв, загвар руу нь үндсэн утгаар нь оруулах нь зүй.
"На.Сүхбаатар: Цагаан сарын баяр Монгол түмний оршин тогтнолын чухал үндэс" ярилцлагаас
ДОЛОО. Аварга төрөх замнал
Сайн малчны цол, шагнал улстөрчдийн “оноо цуглуулах”-аар барьж гүйдэг “пайз” болон хувираад олон жил өнгөрөв. Сонгуулийн жил жалга болгоноос аварга малчин, дов бүрээс хошой аварга төрдөг нь тэдний зорилгыг илчилнэ. Хамгийн сүүлд болж өнгөрсөн нэг жишээ дурдахад, 2020 онд улсын хэмжээнд Улсын аварга малчин 149 тодорсон бол 13 хүн улсын хошой аваргаар шалгарсан. Уг нь өнгөрсөн жилүүдэд 60-100 өрх улсын аваргаар, найман хүн хошой аваргаар тодордог байв. Тэгвэл сонгуулийн дараа жил буюу өнгөрсөн онд улсын аварга 60, хошой аварга найм шалгарсан. Харин энэ жил дээрх журмыг дахин шинэчилж, аварга малчны тоог 100, хошой аваргыг найм болгож цөөрүүлсэн юм. Энэ хугацаанд малын тоо толгой ч, малаас авах ашиг шим ч цөөрч, буураагүйг онцлох нь зүй.
Д.Саран "Ууцаар наймаалцсан УЛСЫН АВАРГА”
НАЙМ.Чихэрлэг ундаанд татвар ногдуулъя
Өндөр хөгжилтэй улс орнууд 100 мл тутамд чихэрлэг нь таван граммаас их агууламжтай ундаа болон хүнсний бүтээгдэхүүнд ногдуулах татвараа нэмэгдүүлж эхнээсээ үр дүнгээ үзээд эхэлжээ. Тухайлбал, Бруней, Филиппин, Тайланд зэрэг 46 улс, АНУ-ын найман муж чихэрлэг ундаанд албан татвар тогтоожээ. Хэрвээ манай улс чихэрлэг ундаанд 20 хувийн онцгой татвар ногдуулбал нэг хүнд ногдох ундааны хэрэглээ 22.8 литрээр буурах тооцоотой. Иймээс манайд энэ хязгаарлалт зайлшгүй хэрэгтэй байна. Учир нь, худалдаалагдаж буй ундаануудын дийлэнх нь 100 мл тутамд 12-15 гр сахар агуулж байна. Энэ нь монгол хүний эрүүл мэндэд ноцтой хохирол үзүүлэхээр хэмжээ юм.
Г.Хонгорзул "Амтат ТАХАЛ"
ЕС. Олаф Шольцын эрин эхэллээ
Тэрээр хэдий яриасаг биш, хэвлэлээр гараад байдаггүй, дотогшоо хүн ч гэсэн маш амбийцтай, өөртөө итгэлтэй бие хүн байсан нь олон жил төрийн дээд албан тушаал хашихад нөлөөлсөн нь гарцаагүй. Цар тахал олон улстөрчийн чадварыг нээж, нэр хүндийг нь өсгөсөн. Олаф ч тэдний нэг бөгөөд Канцлерын дайтай ажиллаж, удирдагч болох чадвартай гэсэн үнэлгээг сүүлийн нэг жилийн дотор л олж авсан юм. Германчуудад түүний цар тахалтай амжилттай тэмцэж байгаа нь таалагдсан аж. Саяхан болсон үерийн гамшгийн хор уршгийг арилгах тал дээр амжилт олсон нь ч нөлөөлжээ. Дүр төрх бүрдүүлэгчид ч гадна төрхөн дээр нь сайн ажилласан байна. Тэрээр олон нийтийн сүлжээнд идэвхитэй байж, цааш харалгүй, инээмсэглэн байж өөртөө итгэлтэйгээр ярьдаг, яс зарчимтай, сэтгэл хөдлөлөө үе, үехэн гаргадаг жирийн герман эрийн дүрийг сайтар бүтээн сонгуульд оролцсон нь оносон юм. Шашны хувьд Олафт бас ярих юм бий. Тэрээр протестант сүмд загалмайлуулсан ч хожим итгэл үнэмшлээсээ татгалзсан юм.
Х.Батсайхан "Германы хамгийн нууцлаг улстөрч"