Монгол генералуудын баярын өдөр өчигдөр тохиолоо. Дал гаруй генерал нэгэн дор хуран цугларч Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, их жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөсөн юм. Үүний дараа зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн ёслолын парад жагсан нийт генералуудад хүндэтгэл үзүүлэв. Ийнхүү 12 дахь жилдээ цэргийн дээд цолтнууддаа хүндэтгэл үзүүлж, генералуудын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Манай улс 1944 оны дөрөвдүгээр сарын 28-нд анх генерал цолыг бий болгож, 11 хүнд хүртээсэн түүхтэй. Тиймээс энэ өдрийг генералуудын өдөр болгон тэмдэглэх болсон юм. Өнгөрсөн 72 жилийн хугацаанд нийт 170 генерал төрөн гарсан бөгөөд тэдний 87 нь амьд сэрүүн байгаа ажээ.
Генерал цол олгож эхэлсний 72 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд генерал цолтнуудын уулзалт өчигдөр Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд боллоо. Уулзалтад Шадар сайд Ц.Оюунбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нар оролцсон юм. Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулж, Монгол Улсын цэргийн дээд генерал цол хүртсэн хүмүүст баяр хүргэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн мэндчилгээг уламжилсан. Мөн тэрээр Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн улс орны аюулгүй байдлыг хангах, зэвсэгт хүчний байгуулалтыг боловсронгуй болгоход чиглэсэн багц хуулийг баталгаажуулж хэрэгжүүлснээр төрийн цэргийн шинэчлэлийн нэгэн шинэ үе шат эхэлнэ. Энэ үйлсэд генералуудын мэдлэг, дадлага туршлага, манлайлал үлэмж ач холбогдолтой гэдгийг онцолсон юм.
Генералуудын өдрийг зэвсэгт хүчин, цагдаа, онцгой байдал, тагнуул, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зэрэг найман байгууллага ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд энэ жил Онцгой байдлын ерөнхий газраас уг арга хэмжээг зохион байгуулжээ. Цаашид генералуудын өдрийг тэмдэглэлт баярын өдөр болгох талаар Засгийн газрын тогтоол гарах гэж байгаа гэдэг мэдээ монгол цэргийн сүлд хийморь, сүр хүчийг илтгэсэн алтан мөрдэстнүүдэд баяр дээр нь баяр нэмсэн биз ээ.
Генерал цол хийгээд генералуудын тухай
Генерал хэмээх нэр хүндтэй цэргийн дээд цолыг анх Франц улсад XVI зуунд буюу Францын их хувьсгалын үеэр хэрэглэжээ. Ерөнхий, гол чухал гэсэн утга бүхий англи үгнээс гаралтай энэ цолыг цэргийн болон иргэний байгууллагын удирдлагад байдаг дээд тушаалын удирдах бүрэлдэхүүнд олгодог. Генерал цолыг анх Францад хэрэглэснээс хойш дэлхийн бусад орнуудад ч ашиглах болжээ. Тухайлбал, 1652 онд Орост I Петр хаан анх армидаа хэрэглэж, Москвагийн сонгомол цэргийн тойргийн захирагч А.А.Щепелевт анхны генерал цолыг олгосон байна. Мөн тухайн үед онцгой район дахь онцгой бүрэн эрхтэй орон нутгийн иргэний дээд албан тушаалтан Варшав, Киевийн цэргийн удирдлагуудад генерал губернатор цолыг олгож байсан байна.
Өнөөдөр дэлхийн 200 гаруй улс орноос 185 нь арми, зэвсэгт хүчинтэй. Эдгээр улс орнуудын 170-аад нь дээд офицерынхоо цолонд таван хошууг бэлгэдэн хэрэглэдэг бөгөөд генерал хэмээх эрхэм цол бараг бүх улсын цэргийн цолонд хэрэглэгддэг ажээ.
Генерал цолыг “Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгоно” хэмээн журамласан байдаг. БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор анх Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын есөн офицерт хошууч генерал цол олгожээ.
Маршал Ю.Цэдэнбал хамгийн залуу буюу 1944 онд 28 настайдаа генерал болж байв.
Армийн генерал цолыг 1971 онд Б.Доржид, хурандаа генерал цолыг 1961 онд Ж.Лхагвасүрэнд, дэслэгч генерал цолыг 1944 онд Ж.Лхагвасүрэн, Ю.Цэдэнбал нарт, хошууч генерал цолыг 1944 онд Д.Дамдинхүү нарын есөн хүнд, бригадын генерал цолыг 2006 онд Н.Энхбаялагт тус тус олгосноор тэд цол бүрийнхээ анхдагчид болжээ.
Монгол Улсын генералуудаас Ю.Цэдэнбал, Б.Дорж, Ж.Лхагвасүрэн, Б.Цог, Ж.Гүррагчаа нарын таван Монгол улсын баатар, мөн Ю.Цэдэнбал, Ж.Жамьян, Б.Цэдэн-Иш нарын гурван Хөдөлмөрийн баатар, мөн гавьяат цолтон долоо, эрдэмтэн, доктор профессор 34 төржээ.
Хурандаа генерал Б.Цог хөдөлмөрийн бүтээл, гавьяа зүтгэлээ үнэлүүлж, БНМАУ-ын төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор таван удаа, “Алтангадас” одонгоор дөрвөн удаа, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа шагнуулж, АИХ-ын депутатаар таван удаа сонгогдсон цэргийн иргэний байгуулпагын гарамгай зүтгэлтэн бөгөөд ийм олон удаа шагнуулсан хүн түүнээс өөр байхгүй.
Генералын хүүхдүүдээс офицерууд олноор төрсөн ч генералын хүү генерал болсон нэг л тохиолдол бий. Тэр бол хурандаа генерал Б.Цогийн хүү хошууч генерал, техникийн шинжлэх ухааны доктор Ц.Геннадий билээ.
Эдүгээ амьд сэрүүн байгаа генералуудын хамгийн ахмад нь 96 настай, хошууч генерал Т.Алтангэрэл, залуу нь 43 настай, бригадын генерал Л.Онцгойбаяр юм байна.
2001 онд “Монгол генерал” төв байгуулагджээ.
Монгол Улсад генерал цол бий болсны 60 жилийн ойгоор буюу 2004 оноос генерал төрүүлсэн байгууллагууд Монгол генералуудын өдрийг ээлж дараалан зохион байгуулж ирсэн байна.
Монгол Улсын цэргийн дээд цол нь хошууч генерал, дэслэгч генерал, хурандаа генерал, армийн генерал байсан бол 2006 онд Цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт орсноор барууны өндөр хөгжилтэй орнууд, НАТО-гийн гишүүн орнуудын жишгээр бригадын генерал, хошууч генерал, дэслэгч генерал, генерал цолнуудыг хэрэглэхээр болсон юм.