XVII жарны "Сайжруулагч" хэмээх усан барс жилд олны танил эрхмүүд сар шинийн баяртай холбоотой хүүхэд насны дурсамжаа хуваалцлаа.
"Хүүхэд байхдаа Сар шинийн баяраар хацраа хөлдөөж байлаа"
Реппер Big Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ: Хүүхэд байхдаа Сар шинийн баярыг их хүлээлттэй тэмдэглэдэг байсан. Бага байхдаа Сар шинийн баяраар аавтайгаа цуг Өвөрхангайд ууланд гарч байхдаа хацраа хөлдөөж байлаа. Хэд хоног хацар нэлээн хөндүүр оргиод маш их өвдөж билээ. Одоо бодоход сар шинийн баяртай холбоотой их хөгжилтэй, мартагдашгүй дурсамж болж үлдсэн санагддаг. Энэ жилийн хувьд манай гэр бүл Цагаан сараа гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэн өнгөрүүлж байна.

"Хүүхэд байхад айл хэсэж бэлэг авах л хамгийн сайхан дурсамж"
Жүжигчин СТА Р.Анхням: Энэ жил манай гэр бүл Хэнтий аймгийн Дадал суманд шинэлж байна. Гэр бүлээрээ агаар усны сайханд олны хөлөөс хол халуун ам бүлээрээ амарч өнгөрүүлнэ. Сар шинийн баяр бол Монгол ард түмний уламжлалт баяр. Тус баяртай холбоотой дурсамж гэвэл хүүхэд байхад айл хэсэж бэлэг авах л хамгийн сайхан дурсамж байлаа. Монголчууддаа XVII жарны "Сайжруулагч" хэмээх усан бар жилдээ эрүүл энх, амар амгалан байхыг хүсэн ерөөе.

"Орж чадаагүй айлаа тоосгоор тэмдэглэгээ хийгээд заавал ордог байсан"
“Маск” продакшны жүжигчин Г.Лхагвацэрэн буюу Жижгээ: Энэ жилийн хувьд сар шинийн баяраа гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна. Сар шинийн баяртай холбоотой хамгийн сайхан дурсамж гэвэл эмээгийндээ шинэлдэг байсан дурсамж хөгжилтэй, нандин санагддаг. Манай эмээгийнх Багануурт байдаг байлаа. Сар шинийн баяр болохоор эмээгийндээ битүүнд нь очиж туслаад тэгээд л айл хэсэж өгнө. Найзуудтайгаа цуг тэр хавьд байдаг танил бүх айлдаа очно. Орж чадаагүй айлаа тоосгоор тэмдэглэгээ хийгээд заавал ордог байлаа. Хамгийн инээдтэй нь айлд очиж золгохоор эзэд нь хэний хүүхэд билээ гэж асуухад өвөө, аав, эмээгийнхээ нэрийг хэлнэ. Зарим айлын хүмүүс өвөөг танихгүй бол эмээгийн нэрийг хэлэх ч юм уу тэгж байж гоё бэлэг авна гэж боддог байсан юм шиг санагддаг. Энэ л хүүхэд насны хамгийн тод санаж байгаа сайхан дурсамж юм даа. Монголчууддаа XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
