“Миний охин, тэр ахынхаараа, энэ эгчийнхээрээ нэг ороод ирээч дээ” гэж гуйлгадаг хүүхдүүдийн яг эсрэг дүр нь би байлаа. Цагаан сар болоход сар дутуу байхад л “хэсэх” айлынхаа жагсаалтыг картон цаасан дээр бичиж, гудасныхаа завсар хавчуулаад байн байн гаргаж ирж айлаа тоолно. Эднийхийг ч мартсан байна, тэднийхийг ч мартсан байна гээд цаасаа гаргаж ирээд нэмээд л байх нь тэр. “Өлзий ахынх энэ жил юу өгөх бол”, “Бадангаа эгч ч угаасаа гоё бэлэг өгнө”, “Энэ жил аймгийн эмээ рүү хэзээ очих бол” гэх бодлуудаа өдөр хоногуудад ээлжлэн хувааж жаргасаар Цагаан сартай золгодог байлаа.

Дунд дүүгийн атаархал

Тоос шороо гөвөх өдөр бүгд тус тусын ажилтай ч ээж бид хоёрын хувьд хүндхэн өдөр. Учир нь, манай гэр бүлийн хүйсийн харьцаа эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр. Тиймээс энэ өдрийн ачааны хүндийг ээж бид хоёр л үүрнэ. Хөдөөд бол хотынхон шиг хөшиг тюлиэ угаагаад тоосоо арчаад л өнгөрөхгүй. Гэрийн бүх тавилгыг хөдөлгөж булан тохойн хог шороогоо гаргаж, хөнжил, гудас бүгдэд нь салхи амсуулна. Хунгар цасан дээр гарынхаа булчинг өвдтөл хивснийхээ тоосыг туужуураар гөвнө. Дунд ангид ортол гэрийн цас шүүрдсэн ч намайг гэр дээр гарахад унь час час хийн дуугардаг болсноор ашгүй энэ ажлаас чөлөөлөгдсөн. Сар шинийг далимдуулж бүхнийг шинэчилнэ. Гандаж гундсан хулдаасыг ч мөн адил. Ингэхээр гэр өнгө ороод л явчихна.

Их цэвэрлэгээний өдрийн манай гэрийн хуваарийг танилцуулвал, аав бөхөө үзэж, тавилга нааш цааш өргөхөд тусална. Ээж хашаа, хорооны хог шороогоо цэвэрлэж, би гэр доторхоо цэвэрлэнэ. Том дүү усаа зөөнө, дунд дүү түлээгээ хагална. Харин бага дүү хэнд ч төвөг болохгүй байх үүрэг хүлээнэ. Гэсэн ч хүүхэд л болсон хойно биднийг дагаж гарч хуруу гараа хөлдөөх шахна. “Гэртээ зүгээр байж бай” гээд байхад юугаа хийгээд хөлдөж үхэх гээд дагаад байдаг юм. “Чам шиг гэртээ бай” гэж загнуулах юмсан. Байраа сольчихдог ч болоосой” гэсээр түлээгээ хагалж, үүдний пинд хураана. Зөөгөөд л байдаг, зөөгөөд л байдаг дундраад л байх юм гэх том дүүгийн үглэхтэй зэрэгцэн энэ өдрийн ажил ерөнхийдөө өндөрлөнө.

Бөх дууссан цагт...

Манай гэрийн битүүний өдөр их адармаатай. Яагаад ч юм том дүүг ууц чанах бүрхээгт явуулахаар бүхэл бүтэн сумаас ерөөсөө олдохгүй. Аав араас нь “Яав чи” гэхэд таван минутын дотор олдох нь тэр. Далимдуулан “Салхи Дамбийтаж”  ажлаас бултах аргыг нь бид хэд гадарлана л даа. Аав, том дүү хоёр битүүлгээ чанах зуур ээж бид хоёр цагаалга, будаагаа бэлдэж, идээний чихэр боовыг бэлтгэж өгнө. Бусад хүмүүст Цагаан сарын юу сайхныг хэлж мэдэхгүй ч миний хувьд бол идээ засах. Аавын өвөө бидэнтэй хамт амьдарч байсан болохоор сүртэй том идээ засна. Удам судрын минь хамаг л том бурхад манайд байдаг болохоор хамгийн үнэтэй, тансаг бүхнээ бурхандаа өргөнө.

Нар жаргахаас өмнө идээгээ засах ёстой гэдэг ч манайх гэдэг айл хэзээ ч нар жаргахаас өмнө идээгээ засаж үзээгүй. Учир нь, аав минь зүгээр ч нэг бөх үзэгч байгаагүй, бөхийн жинхэнэ хорхойтон, шимтэгч байсан юм. Хөмрөх мэх хийхэд эгээ л аягатай хоолоо дагуулаад хөмөрчихгүй. Бөх хэзээ дуусна тэр цагт л аав бидэнтэй үг дуугарахтай болж, манай идээ засагдана. Манайх сарын идээгээ худалдаж авч үзээгүй бөгөөд гараар хийсэн идээ тул эвлэх нь бэрх. Цэврүүтэй, цэврүүгүй, мурий, сарийгаа ялгаж хөөрхөн цаг авна. Зүгээр ч нэг засахгүй, дөрвөн зүг, найман зовхист гарч тал бүрээс нь шинжиж нанжигнасны эцэст нэг юм болно доо. Бүгдээрээ л залхахын даваан дээр дуусна.

Бага дүүгийн “гурван нулимс”

Битүүний өдрийн нэг хэсэг нь маргаашийн гоёлоо бэлтгэх. “Миний ч бүс алга”, “Дээлийн ханцуй багадаад байна”, “Энэ жил энэ малгайг өмсөхгүй шүү” гэх ярианууд жилийн жилд хөвөрнө. Дунд дүүгийн багадсан дээлийг бага дүүд өмсүүлэх гэтэл дотрыг нь юу ч үгүй өм хайчилсан байна. Учрыг шалгавал тэвэг хийх үс олдоогүй гэнэ. Загнахаар “Би ганцаараа авсан юм уу. Агаагийн найзууд ч гэсэн цуг авсан” гэх. Өөрөө өөрийнхөө дээлийн дотрыг “хамтлагаараа” нийлж хайчилчихаад “Өмсөх дээлгүй” гэж эхний нулимсаа унагана. Дараагийнх нь “Зоостой бууз надад таарсангүй” гэх нулимс. Жил бүрийн битүүний өдөр манайх буузандаа зоос хийж, ирэх жилийнхээ ёндоог шалгана. Яагаад ч юм дандаа аавд л таарна. “Дандаа яагаад аавд таардаг юм бэ” гэж уйлж гомдоллох дүүд “Дараа жилийнх заавал чамд таарна. Аав их мөнгөтэй болвол чамд өгнө” гэж хэлээд хоёр дахь нулимсыг хатаана. Гурав дахь нулимс нь морь уралдах болгонд баян ходоодонд ордог гомдлын нулимс. Жаахан ард хоцроод ирэхээрээ өөрийн эрхгүй л өмөлзөөд л нулимс нь аягаа халиад ирнэ. Шагайгаа бүрэн хамгаалалтад авахгүй бол дүү уурандаа самарснаар манай гэрийн шагайн наадгай өндөрлөдөг. Хэрвээ ийм төгсгөл хийхийг хүсэхгүй бол нэг нь албаар ард хоцорч, бага дүү баян ходоодонд орохгүй байхад л болно. Ийнхүү дүүгийнхээ гурван нулимст ханатлаа баяссан бид өөр, өөрийнхөө хувцсыг тэмдэгтэй газар эвхэж тавьж унтсанаар шинийн нэгний өглөөг угтана.

Бид тэднийг, тэд биднийгээ

Гэрийн эрчүүд нар харахаар явж, ээж бид хоёр цай, цагаалга, салатаа бэлдэнэ. Бээлий, ороолт, малгайныхаа аль нэгийг заавал мартаж, осгохын даваан дээр орж ирдэг дүү нар энэ уламжлалаа огтхон ч эвдэхгүй. Заавал нэгийг нь мартаж бээвийсэн хэдэн юм аавд загнуулсаар орж ирнэ. Аав, ээждээ хурдхан золгоод айл хэсэхийн мөрөөдөл. Гялс аав, ээжид үнсүүлж, аавын хуваарилсан хадгаар бурхандаа золгочихоод хоёр айлаар шинэлнэ. Эхнийх нь хөршийнх. Дараагийнх нь Өлзий ахынх. Шинийн нэгний өглөө ах дүүсээсээ илүү биднийг хүлээнэ. Дүү бид нар ч саднаасаа түрүүлээд Өлзий ахынхыг зорино. Тэднийх манайхтай олон жил айл хөрш байсан ч удалгүй салж, сумын хойд лагер руу нүүсэн. Өлзий ахын эхнэр Цэцэгмаа эгч, ээж хоёр нэг газар хамт ажилладаг юм. Аав, ээжийг үгүйд бид тэднийд үлдэнэ. Цэцэгмаа эгч бол бидний хоёр дахь ээж. Дүү бол бараг л тэдний хүүхэд. Өлзий ахыг өвөө гэж дуудна. Тиймээс л бид тэднийг эртлэн зорьдог байлаа. Том болсон хоёр хүүхэдтэй болохоор гэр нь цэвэр цэмцгэр гэж жигтэйхэн. Сар шинийн ажил нь үргэлж манайхаас түрүүлж дуусна. Шинийн нэгний өглөө эртлэн очиход аль хэдийнэ бүх ажлаа амжуулчихсан биднийгээ хүлээж сууна. Хашааных нь хаалгыг хангинуулахтай зэрэгцээд л “Манай хэд ирлээ” гээд Цэцэгмаа эгч үүдэндээ гараад зогсчихно. Жил жилийн хамгийн гоё бэлгийг өгнө. Жаахан удаан суувал “Садынхаа бэлгийг багадуулчихав уу”, “Базка миний хүү юу нэмж авах уу” гээд л нэмсээр л байна. Мянгаар тоологдох мал байхгүй ч биднийг очихоор л байдгаа барж, дүү нарыг цаашлуулж баясдаг байв. Өлзий ахыг өнгөрснөөс хойш ч бид “уламжлал”-аа алдалгүй эгчдээ очиж үнсүүлдэг байлаа. Адил цус бидний дундуур гүйгээгүй ч төрлөөсөө илүү тэднийгээ хайрлаж, Цэцэгмаа эгчийг сумаас нүүн нүүтэл бид шинийн нэгний өглөөний хамгийн эхний зочид нь байсан юм.

Ийнхүү Өлзий ахынхаар шинэлсний дараа аав, ээжийн хамт өвөө, эмээ, аавын эгч нарт очиж золгоно. Эргэж ирэн аав, ээж бид гурав зочдоо хүлээн авах ажлаа хийх бол гурван дүү тус тусын замыг хөөнө. Бурхандаа золгохоор аавын эгч нар ирж, үүнээс хойш манай гэрээс зочдын цуваа тасрахгүй. Оройхон хэрд бүгдээрээ манайд цуглаж багачууд нь нөгөө сайхан цэвэрлэсэн гэрийг орвонгоор эргүүлнэ. Арай томхон хүүхдүүд нь шагай тоглоно. Залуус хөзөр тоглох бол эрчүүд таван гар сууна. Хөгшчүүл болон ахимаг насныхан даалуу тоглоно. Ийнхүү шаагилдсаар бид шинийн нэгнийг үддэг. Маргааш нь бүгдээрээ Агаагийнх руу очно. Агаа маань буурай эмээгийн дүү бөгөөд аавын талын хамгийн ахмад нь. Нэгний өдрөөс эхлэн биднийг хүлээнэ. Унаа машин ховор цагт УАЗ-469 машинд арван хэдүүлээ явдаг байлаа. Томчууд л багтах учир багачууд нулимстай үлдэнэ. Багтаж чадсан азтай хэд бүгд хонины хонхор руу. Их л жаргалтай явж байсан санагддаг. Агаатай бараг л жилдээ ганц уулздаг болохоор томчуудын яриа дуусахгүй. Шөнөдөө л тэднийхээс хөдөлнө. Харин ирэхдээ заавал төөрнө. Агаагийнх уг нь нэг л бууриндаа. Гэвч төөрөөгүй ирснээ огт санадаггүй. Алтангадасаараа баримжаалж сумынхаа гэрэлтэй золгодог байснаа санаж байна.

Том дүү бид хоёрыг гүйцэх нь үгүй

Хамаатнууд уулзахаараа гурван дүү бид дөрвийн хөгтэй явдлыг их ярина. Миний айл хэсдэг үеийг ярьж шавайгаа ханатал инээцгээнэ. Би ч гэлтгүй 1990-ээд оны сүүл үед бидний үеийнхэн бүгдээрээ л тэгж айл хэсдэг байсан. Тэмдэглээд сүйд болдог олон баяр байхгүй байсан болохоор хөдөөний хүүхдүүдэд наадам, Цагаан сар л хамгийн сайхан баяр. Бидний үеийнхний бэлгийн ганц уут нь онгоцны зурагтай шар тор. Бүгдээрээ нэг, нэг уут барьцгааж айлын нохойд хөөгдөж, байхгүй байсан айлд тэмдэг тавьж, эгнээгээр нь хэсдэг байв. Байхгүй айл руугаа заавал эргэж очдог. Хацраа хайрагдахыг ч анзааралгүй, хачин жаргалтайгаар хэлхэлдэж, инээлдэж, хөхрөлддөг байлаа, бид.

Миний санаанаас гардаггүй нэг дурсамж нь аавын ажлын эгчийн бэлэг юм. Надад бусад найзуудтай адил 50 төгрөг, иштэй чихэр өгч, нөгөө нэг найзад минь “Манай ажлын Хуяг ахын охин байна шүү дээ” гэж хэлэнгүүтээ 500 төгрөг, гоё үсний даруулга өгөв. Би ч шартай болохоор гэртээ ирэнгүүтээ бэлгээ чулуудаж аавд гомдоллов. Харин аав минь гомдлыг нь минь дамжуулснаар би тэднийхээр дахин нахиж, бүр дайлуулж цайлуулж яг адилхан үсний даруулга 500 төгрөгтэй болж нисэх дөхөж байсан билээ. Том дүү ч гэсэн надаас дутахгүй айл хэснэ. Гэхдээ урилга, заллагатай. Хамгийн их мөнгө олдог нь. Хавийн айлын хүмүүст тусалж, усыг авч, түлээг хөрөөдөж өгдөг байсан болохоор хамгийн гоё бэлгээ бэлдээд хүлээж байдаг. Шинийн 3-нд нь ч айл нь дуусахгүй. “Сад минь манайхаар орсонгүй” гэх гомдлын үгс хөврөөстэй байдаг байлаа. Харин дунд дүүгийн Цагаан сарын хамгийн хөгжилтэй онигоо нь “шаталтын түүх”. Нэг жил аавын бие өвдөж Цагаан сараар хотод байж таарав. Дунд дүү бид хоёр сумандаа. Аавын эгчтэй 500 төгрөгөөр золгох гэхэд нь загнасаар 1000 төгрөгөөр золгов. Бэлгэнд 500 төгрөг, цамцтай өгтөл “Тээр хэлсэн шүү дээ, шатчихлаа” гэж түүгээр нэг уйлахад бөөн инээдэм. Жил жилээр үүнийг нь ярьж цаашлуулна. Ер нь дунд дүү, бага дүү хоёр яагаад ч том дүү бид хоёрын айл хэсэх рекордыг гүйцээгүйг манайхан хэлдэг юм. Нутаг нутгийн хүмүүс, өөр, өөрийн жаягаар Сар шинээ угтдаг. Харин алсын буйдхан Батноров нутагт минь Цагаан сар ийнхүү өрнөдөг билээ.