Манай ард түмний олон мянган жилийн турш бүтээсэн соёлын үнэт өвийн нэгд ардын уламжлалт тоглоом наадам зүй ёсоор орно. Тэгвэл энэхүү наадгай нь чулуун тоглоом, аман тоглоом, шагайн наадам, уран ээдрээт гогцоо, уран зангилаа сүлжээ, өрж эвлүүлдэг тоглоом зэрэг арвин баялаг сантай . Ер нь Монголын уламжлалт тоглоомыг 15 бүлгийн 800 гаруй төрөлд багтдаг гэж судлаачид үздэг юм.

Манай ард түмэн өсвөр үеэ сурган хүмүүжүүлэх, сэтгэн бодох чадварыг сайжруулахын тулд ардын уламжлалт тоглоомыг ашигласаар иржээ. Харин зарим тоглоомыг ирэх жилийн аз хийморио үзэн Сар шинийн баяраар тоглож ирсэн байна. Тэгвэл ардын уламжлалт тоглоом нь дижитал зуун болох өнөө цагт ямар ач тустайг Монголын Үндэсний музейн куратор, арга зүйч М.Мөнгөнцэцэгээс тодрууллаа. Тэрээр “Ардын уламжлалт тоглоом нь хүүхдийн хүмүүжилд эерэгээр нөлөөлөх, оюуны хөгжлийг нэмэх, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, ой тогтоолтыг сайжруулах давуу талтай. Жишээ нь ардын уламжлалт үйчүүр гэх тоглоомыг хүүхдүүд тоглосноор сэтгэхүй нь хөгждөг. Харин хөлөгт тоглоомын төрөлд багтах шатар, даам зэрэг тоглоомыг хүүхдүүд тогловол сэтгэн бодох чадвар хөгждөг. Мөн стратегийн арга барилд суралцдаг юм.

Орчин үед хүүхдүүд цахим тоглоомыг ихэвчлэн тоглож байна. Энэ нь хараа муудах, ой тогтоолт буурах, биеийн эсэргүүцэл муудах сөрөг талтай. Харин уламжлалт тоглоом нь бие сэтгэхүй, эрүүл мэнд, хүмүүжил талаас нь эерэг нөлөөлнө” гэлээ.
Монголын Үндэсний музей нь монголчуудын уламжлалт Сар шинийн баяраар үндэсний тоглоом наадгайгаа сэргээх, таниулах зорилгоор олон нийтэд толилуулж байна. Уламжлалт тоглоом наадгайн цуглуулгаас онцлон цөөн хэдийг танилцуулъя.
Алаг мэлхий
Алаг мэлхий нь 92 шагайг мэлхийний бие болгон өрж нааддаг тоглоом юм. Мэлхийний нурууг хааш хааш зургаа үелсэн, бүгд 36 шагайгаар бүрдүүлж өрнө. Нурууны дөрвөн үзүүрт тус бүр дөрвөн шагайнаас бүрдэх дөрвөн шилбэ буюу нийт 16 шагайг өрнө. Шилбэний доод талд дөрвөн тавхай тус бүрт тав буюу нийт 20 шагай өрнө. Нурууны дээд талд нь хүзүү болгож зургаан шагайг хоёр эгнээгээр өрнө. Хүзүүний дээд талд нь толгой болгож гурван шагайг өрөөд хоёр талд нь нүд хоёр, чих хоёр болгож өрнө. Нурууны доод талд нь сүүл болгож гурван шагай өрнө. Нурууны 36 шагайн дээр давхардуулж бөөрний хоёр, зүрх ба давсагны нэг нэг шагайг зохих журмын дагуу байрлуулан өрнө. Бөөр, зүрх, давсгийг тод өнгийн шагайгаар төлөөлүүлнэ.
Тоглогчид тохиролцсоны дагуу нэг нь эхэлж шоо хаяхад дээш харж буусан шооны нүхний тоотой тэнцүү шагайг мэлхийн эрхтнүүдээс нэрлэн авна. Хамгийн түрүүнд шагайгаа өрж дуусгасан нь хождог.
Үйчүүр тоглоом
Цагаан сарын шинийн нэгэнд тоглодог ихэд хүндтэй тоглоомын нэг нь үйчүүр юм. Үйчүүрийг шоо хаяж тоглох бөгөөд шооны нүд бүр нь урам зориг, хийморь бэлгэдлийг илэрхийлдэг. Хөзрийн эртний хэлбэр хэмээдэг энэхүү тоглоомыг нутаг нутагт өөрөөр хийсэн нь ажиглагддаг. Нийтлэг нь цаасан үйчүүр бөгөөд өнгө өнгийн будгаар арслан, бар, ирвэс, нохой, үнэг, буга, харцага, хүдэр, туулай, бялзуухайн дүрс бүхий 134 ширхэг мод, 512 лангийн үнэлгээтэй амьтад байдаг. Амьтдыг ямар нэгэн хэв загварт баригдалгүй уран сайхны зохимжтойгоор өнгө ялган дүрсэлдэг. Мөн тэмээний яс, модон дээр дээрх амьтдыг сийлж хийсэн нь эдэлгээ удаан бөх бат байдаг. Үйчүүрээр зун тоглохгүй.
Энэ наадгайг хэдэн ч хүн тоглож болох ба олуулаа бол тоглогчид тэгш тоотой 2 баг болон талцан тоглох ба бүх модоо дундаа өрж, отгон эсвэл ахмадаасаа эхлэн нар зөв тойруулан аяган дотор 4-6 шоог ээлжлэн орхино. Шооны нүдний өнгө нь улаан, хар байдаг. Одоо хэрэглэдэг шоотой ижил боловч улаан, хар нүдний өнгө зөрүүтэй юм. Буусан улаан, хар нүдний нийлбэрээс хамааран лангаар үнэлэгдэх амьтдаас авна. Зарим нь буцааж өгөх буюу торгуулах, шооны нийлбэрт нь таацах амьтан байхгүй бол өнжих зэрэг тохиолдол гардаг. Хөвсгөл нутагт шооны нүдний нийлбэр үнэг, нохой буувал торгуультай. Өмнө цуглуулсан амьтдаасаа буцаан тавьдаг. Амьтад тус бүр үнэлгээтэй учир бүх амьтад дуусахад хамгийн их лан цуглуулсан хүн хождог. Арслан хамгийн том мод. Арслан авсан хүн хожигдвол "хамуурлаа" гээд гурван жил авдартаа хадгалдаг уламжлалтай.
Эдүгээ энэ тоглоомыг сэргээн тоглож хүүхэд залуус маань суралцсаар байна. Энэхүү тоглоомыг тоглосноор багаар ажиллах, цээж тоог хурдан бодох, хурдан сэтгэж, шийдвэр гаргах дадлыг хөгжүүлдэг ач тустай юм.
Хорол тоглоом
Хорол бол “Жил” хэмээх эртний тоглоомын нэгэн хувьсал бөгөөд Монголын олон угсаатны бүлгийн дунд “Хорол”, “Чандмань”, “Зэндмэнэ”, “Өлзий” гэх мэт янз бүрээр нэрлэж иржээ. Хорол нэг талаас 60 ширхэг модоор жарныг цогцлоох цаг хугацааны бэлгэдэл хэдий ч нөгөө талаас гэр, овоогоо барьж босгож буйгаараа орон зайн бэлгэдэлтэй тоглоом билээ. Хорлын моднууд нь дотроо гарын мод (бэл мод, дээд мод), газрын мод (сул мод) гэсэн хоёр зиндаатай бөгөөд гарын модны нэрлэлт дээр олон янз хувилбар ажиглагдах боловч газрын модны нэрлэлт дээр өөрчлөлт гараагүй байна. Онги нь монголчуудын адууны тамганы соёлд уламжилсан нарны бэлгэдэлд эртний дүрс бол хас нь орчлон ертөнцийн мөнхийн орчил хөдөлгөөнийг тэмдэглэдэг. Өдгөө “Хорол” тоглоомын гарын модонд хорол (онги), чандмань (зэндмэнэ, норов), хас (өлзий), нэвс (гарьд, арслан) гэсэн дөрвөн зүйлийн бэлгэдэлд моднууд хамаарч буй бол газрын модонд хулгана, үхэр, бар, туулай, луу, могой, морь, хонь, бич, тахиа, нохой, гахай гэсэн арван хоёр жилийн амьтдын дүрст моднууд орж байна.
“Хорол” тоглоомын тоглох цаг хугацаа, журам дэг нарийн бөгөөд тэнгэрийн дуутайд тоглох нэн цээртэй. Өвөл гол хөлдөхөөс нааш хорол задлахыг ихэд хориглож, хавар цагаан сарын шинэ дээр ахан дүүсээрээ дэлгэн тоглоод хураадаг. Энэ нь тоглоомыг хавтгайруулан тоглохыг хориглох төдий хэрэг бус луу, могой гээд лусын амьтдаар наадаж буй болохоор лус ичсэн цагт л тоглодог.
Тоглоомд 2-4 хүн, эсвэл 6 хүн оролцон тогловол толгой толгойгоо мэдэж тоглодог бол 4,6 хүн тогловол талцан тоглодог. Жаран ширхэг модоо тав таваар нь давхарлан 12 овоо босгож, тойрог болгон өрнө. Тоглож эхлэхийн өмнө хамгийн бага настай тоглогч нь 12 жилээ магтах ба жилийг магтахдаа тооллыг тэргүүлэгч хулгана жилээс эхлэн магтаж дуулна. Дараа нь тоглоомд оролцогчид нь нар зөв эргэх дарааллаар овоогоо хуваан авч тоглоно. Үүнийг овоо сөхөх гэнэ.















