Хүний эрхийн 50 гаруй ТББ-ын төлөөлөл Иргэний нийгмийн өдрийг тохиолдуулан "Иргэний нийгмийн орон зайд тулгамдаж буй асуудал" сэдвээр мэдээлэл хийлээ.
Хүний эрхийн хөгжил төвийн тэргүүн Г. Уранцоож " Манай улс иргэний нийгмийн өдрийг албан ёсоор тэмдэглээд 15 жил болж байна. Гэвч өнөөдрийг хүртэл иргэний нийгмийн байгууллага үр дүнтэй үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин, санхүүжилт, нийгмийн дэмжлэг зэрэг таатай орчин бүрдүүлэхэд ахиц дэвшил гарсангүй. Үүний зэрэгцээ төрийн албан хаагчдын иргэний нийгэм, хүний эрхийн талаарх мэдлэг ойлголт сул байгааг анхаарах ёстой. Иргэдийн сайн дураар нэгдэх эрх, нийтийн тусын тулд ажилладаг иргэний нийгэм бүлгүүд, ТББ-уудыг хянах, хараат бусаар ажиллах боломжийг хязгаарлах зэрэг нийт найман асуудалд хариу арга хэмжээ авахыг шаардаж албан бичиг хүргүүлж байна" гэлээ.
Мөн тэдний зүгээс УИХ-аар хэлэлцэж буй Холбоо сангийн эрх зүйн тухай хуулийн заалтууд иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарлаж, ТББ-уудын хараат бус ажиллах нөхцөлийг хааж боомилох нөхцөл байдал үүсгэх эрсдэлтэйг анхаарууллаа. Иймд тус хоёр хуулийн төслийг эргүүлэн татахыг шаардаж байгаа талаар мэдэгдсэн юм.