
Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү, нөлөө бүхий албан тушаалтан Ким Ё Жон хоёр Солонгосын хилийн дагуу хариу арга хэмжээний шинэ хэрэгсэл ашиглахаа анхаарууллаа.
Ким Ё Жон өмнөд хилийн дагуух стратегийн чухал байршлуудад очиж, Умард Солонгосын хилийн хамгаалалтын байгууламж барих ажилд Өмнөд Солонгосын цэргүүд саад учруулж, өдөөн хатгасан үйлдэл гаргаж байна хэмээн буруутгаж, цэргийн арга хэмжээ авахаар сүрдүүлснээс нэг хоногийн дараа ийнхүү мэдэгдсэн байна.
Умард Солонгосын төрийн мэдээллийн агентлаг (KCNA)-аас нийтэлсэн мэдэгдэлд Ким Ё Жон “Манай хариу арга хэмжээний шинэ хэрэгслүүд өмнөд хилийн бүх шугамын дагуу үүрэг гүйцэтгэх бэлэн байдалд шилжинэ. Мөн БНСУ-ын эсрэг чиглэсэн чанга яригчдыг хэдхэн хоногийн дотор ашиглахад бэлэн болгоно” гэжээ.
Өмнөд Солонгосын тал хилийн хамгаалалтын байгууламж барих үеэр Цэргийн зааглах шугам (MDL)-ыг давсан Умард Солонгосын цэргүүдэд хатуу хариу арга хэмжээ авахаа мэдэгдээд байгаа юм. Тэрбээр “Манай улсын бүрэн эрхт байдал хэрэгжиж буй нутаг дэвсгэрт өмнөд хилийг бэхжүүлэх байнгын ажил бидний тавьсан зорилгын дагуу гарцаагүй, амжилттай үргэлжилнэ” гэж мэдэгдсэн байна.
Ким Ё Жоны үзэж байгаагаар хилийн хамгаалалтын байгууламжуудыг барьж дуусгаснаар хоёр Солонгосын хооронд цэргийн мөргөлдөөн гарах эрсдэл мэдэгдэхүйц буурч, төвөгтэй асуудлууд шийдвэрлэгдэх аж. Гэхдээ тэрбээр Өмнөд Солонгосын тал санаатай эсвэл санамсаргүй байдлаар алдаа гаргавал хамгийн аймшигтай, хүнд нөхцөл байдалтай нүүр тулна хэмээн сүрдүүлжээ.
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун 2023 оны сүүлээр хоёр Солонгосын харилцааг “бие биедээ дайсагнасан хоёр улсын харилцаа” хэмээн тодорхойлсноос хойш Пёньян хилийн хамгаалалтаа бэхжүүлэх ажлыг эрчимжүүлсэн юм. Тодруулбал, 2024 оны дөрөвдүгээр сараас эхлэн Цэргийн зааглах шугамын дагуу мина байрлуулах, өргөст торон хашаа татах, танк эсэргүүцэх хаалт байгуулах зэрэг ажлыг хэрэгжүүлж байна.
Эдгээр барилгын ажлын үеэр Умард Солонгосын цэргүүд Цэргийн зааглах шугамд удаа дараа ойртож, зарим тохиолдолд шугамыг давсан байна. Үүний улмаас Өмнөд Солонгосын цэргүүд тэднийг буцаахын тулд чанга яригчаар анхааруулга өгч, анхааруулах буудлага хийхэд хүрчээ.
Есдүгээр сарын 21-нд Цэрэггүй бүсэд мина дэлбэрч, Өмнөд Солонгосын гурван цэрэг шархадсаны хоёр нь хүнд гэмтсэн нь хоёр Солонгосын хоорондын хурцадмал байдлыг улам нэмэгдүүлсэн юм.
Өмнөд Солонгосын арми болон НҮБ-ын командлалын зүгээс уг дэлбэрэлт нь 1950–1953 оны Солонгосын дайныг зогсоосон Гал зогсоох хэлэлцээрийг зөрчин, Умард Солонгосын талаас Цэргийн зааглах шугамын өмнөд хэсэгт байрлуулсан явган цэргийн эсрэг минаас үүдэлтэй гэж дүгнэжээ. Харин Пёньян энэ хэрэгт хариуцлага хүлээх үндэслэлгүй хэмээн эрс няцаасан байна.