Долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг эргэн сануулж, тоймлон хүргэж байна.
Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдөв
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүнийг УИХ томилдог байсныг өөрчлөн, сайдад нэр дэвшигчийг парламентад танилцуулдаг болсон билээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд танхимаа бүрдүүлж, сайд нарт хариуцлага тооцдог болсон юм. Энэ эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн даваа гарагт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар БОАЖ-ын сайд Н.Уртнасанг багаар нь чөлөөлөх шийдвэр гаргав. Түүнтэй хамт дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн дарга Д.Ганболд нарыг ч мөн чөлөөлсөн. Улмаар БОАЖ-ын сайдын албанд ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг томилов.
Түүнчлэн энэ долоо хоногт үүнээс гадна хэд хэдэн томилгоо хийгдсэн. Тодруулбал, Засгийн газрын ээлжит хуралдаанаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтыг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус яамны Төсвийн бодлогын газрын дарга Ж.Ганбатыг томиллоо. БОАЖ-ын дэд сайдаар Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндоржийг, БОАЖ-ын төрийн нарийн бичгийн даргаар УИХ-ын тамгын газрын дэд дарга Э.Баттулгыг, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулгыг томилохоор болсон. Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг томилохоор боллоо. Түүний оронд тус яамны Хуулийн бодлогын газрын дарга П.Сайнзоригийг дэвшүүлэн томилох ажээ.
Мөн Мал эмнэлгийн газрын дарга Б.Ганзориг болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайханыг ажлын хариуцлага алдсан учраас албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан.
Төрийн алба бүрэлдэхүүнээрээ ажиллах үүрэг, чиглэлийг Ерөнхий сайд өгөв
Ковид19-ийн омикрон хувилбарын тархалт дотоодод эрчимтэй тархаж буйтай холбоотойгоор төрийн алба хаагчдын 50 хувийг цахимаар ажиллуулж, долоо хоногийн хугацаатай ээлжлүүлэх шийдвэрийг УОК гаргасан талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Мөн 0-5 хүртэл насны хүүхэдтэй, төрийн байгууллагад ажилладаг эмэгтэйчүүдийг Цагаан сарын баяр өнгөртөл гэрээс нь цахимаар ажиллуулах шийдвэрлэсэн юм. Тэгвэл УОК-ийн гаргасан саналыг Ерөнхий сайд дэмжихгүй гэдгээ Засгийн газрын хуралдааны үеэр илэрхийлсэн. Тодруулбал, Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах үүрэг, чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна. Түүнчлэн одоогоор аль нэг байгууллагаас хөл хорио тогтоох тухай санал ирүүлээгүй талаар хэвлэлийн албанаас нь мэдээлсэн юм.
УИХ-ын намрын ээлжит чуулган өндөрлөлөө
УИХ-ын намрын ээлжит чуулган өндөрлөлөө. Чуулганы хугацаанд нийт 243 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Энэ хугацаанд УИХ 75 өдөр чуулж, байнгын хороод 97 удаа, дэд хороо 5, түр хороо 9 удаа хуралдсан гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлов. Намрын ээлжит чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх чухал алхам хийн, 16 анхдагч хууль болон хуулийн шинэчилсэн найруулга, олон улсын 5 гэрээ, хэлэлцээр, УИХ-ын 39 тогтоол баталсан байна. Улсын Их Хурлын 2022 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тогтоолыг мөн баталжээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулахдаа нам, эвслийн бүлэг, Байнгын, дэд, түр хороо болон хууль санаачлагчийн саналыг үндэслэж, хуулийн зохицуулалтын хүрээнд Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс 24, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс 18, Байнгын хороодоос 19, Улсын Их Хурлын гишүүдээс 2, Монгол Улсын Засгийн газраас 26 буюу нийт 89 хууль, тогтоолын төслийн санал ирүүлсэн байна.
Шинээр гурван элчин сайд томиллоо
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан Даваа гаригт болж, Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцсэн. БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяа, Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшиг нарыг эргүүлэн татах саналаар санал хураалт явуулж, гишүүдийн 76.5 хувь нь дэмжлээ. Улмаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг томилохоор болжээ. Харин Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэнг томилсон юм. Мөн Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваасүрэнгийн Гэрэлмаа нарыг тус тус шинээр томилохоор болов.
Шинээр томилогдох гурван Элчин сайдын хоёр нь Гадаад харилцааны яаманд 20 гаруй жил ажилласан туршлагатай бол нэг нь ХХААХҮ-ийн сайд асан байв.
Омикроны давлагаа эрчимжиж байна
Ковид19 халдварын омикрон хувилбар дэлхийн 149 улсад бүртгэгдээд байна. Манай улсад ч омикроны давлагаа эрчимжиж, сүүлийн долоо хоногт тохиолдлын тоо 2-3 мянга болж нэмэгдэв. PCR шинжилгээнд эерэг эзлэх хувь оны өмнө 4-5 хувьтай байсан бол одоо байдлаар 25 хувь болж өссөн байна. Түүнчлэн омикроны давлагаа хүүхдүүд илүү өртөж байна. Өмнөх хувилбаруудын үед халдвар авч буй таван хүн тутмын нэг нь хүүхэд байсан бол одоо энэ тоо нэмэгджээ. Нийт өвчлөлийг насны бүлгээр нь харьцуулж харвал 0-4 насны хүүхдүүд 26.6 хувь, 5-11 насны хүүхэд 46.3 хувь байна. Вакцинд хамрагдаагүй 0-11 насны хүүхдүүдийн дунд өвчлөл өндөр байгаа аж. Омикроны давлагаатай зэрэгцээд томуу, томуу төст өвчний дэгдэж байна. Сүүлийн долоо хоногт томуу төст өвчнийг үүсгэгч таван төрлийн вирус орчилд байна. Цагаан сарыг гэр бүлийн хүрээнд биш, зөвхөн гэр гэртээ тэмдэглэх уриалгыг дагах шаардлагатай байна. Нийт тохиолдлын 91 хувь нь омикрон хувилбар байгаа талаар ХӨСҮТ-ээс мэдээллээ.
Хэдий Ковид19 халдварын давлагаа эрчимжиж байгаа ч иргэд вакцинжуулалтад идэвхтэй хамрагдаж байна. Өчигдөр нийслэлд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 46, хоёрдугаар тунд 76, гуравдугаар тунд 1653, дөрөвдүгээр тунд 1840 нийт 3615 иргэн хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 75.1 хувь нь нэгдүгээр тунд, 71.9 хувь нь хоёрдугаар тунд, 51.7 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байгаа юм. Харин вакцины нэмэлт дөрөвдүгээр тунд нийслэлийн нийт хүн амын 4.3 хувь нь хамрагдсан байна. Зорилтот бүлгийн буюу 3027 жирэмсэн эх, 12-15 насны 68488 хүүхэд, 16-17 насны 27019 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.
Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг албан тушаалаас нь огцруулжээ
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүгчдийн сахилгын хороо өнөөдөр хуралдлаа. Хурлаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарын асуудлыг хаалттай хэлэлцлээ.
Хурлаас гаргасан шийдвэрийн талаар Шүүхийн сахилгын хорооны гишүүн Х.Хашбаатар мэдээллээ. Тэрээр "Х.Идэр, Д.Отгонбаатар, З.Болдбаатар нарыг
1.18 шүүгч нь хэргийн оролцогч болон бусад этгээдтэй харилцахдаа шүүхийн нэр хүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болохгүй
1.3 шүүгч нь мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зарчмыг зөрчсөн 2.3 шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ гэснийг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, шүүгч нарт сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзсэн. Харин шүүгч нарын зөрчлийн хэр хэмжээг харгалзан үзэж сахилгын шийтгэлийг ялгамжтай оноохоор шийдвэрлэлээ. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт шүүгчийн албан тушаалаас огцруулах сахилгын шийтгэл, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатарт зургаан сарын хугацаагаар 30 хувь цалинг бууруулах сахилгын шийтгэл оногдууллаа" гэж танилцуулсан юм.
Ихэнх аймаг цагаан сарыг цахимаар тэмдэглэнэ
УОК-ын Шуурхай ажлын хэсэг цахимаар хуралдаж, цар тахлын нөхцөл байдлын талаарх эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг сонсож, хариу арга хэмжээний явцын талаар хэлэлцсэн байна. Тус үүрэг чиглэлийн хүрээнд УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, УОК-ын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүү нар аймгуудын Онцгой комисстой цахим хурал хийжээ. Уг хурлаар орон нутгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл сонсож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэд хэдэн үүргийг өгсөн байна. Ингэхдээ Коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээ хийж, Омикрон хувилбарын халдварын тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээний төлөвлөлтийг сайжруулах, хүч хэрэгсэл, хүний нөөцийн хомсдолд орохоос урьдчилан сэргийлэх, бүх шатны хариуцлагыг өндөржүүлэхийг үүрэгджээ. Мөн Цагаан сарыг гэр бүлийн хүрээнд цахимаар тэмдэглэх талаар уриалга гаргаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээхийг анхааруулжээ. Улмаар одоогоор есөн аймаг цагаан сарыг цахимаар тэмдэглэх шийдвэр гаргаад буй юм. Тодруулбал,
Говьсүмбэр аймгийн Засаг дарга захирамж гаргаж Ковид19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ оны нэгдүгээр сарын 13-наас эхлэн тус аймагт олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг тодорхойгүй хугацаагаар хориглосон байна.
Баянхонгор аймагт Ковид19 халдварын хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдсэн бөгөөд омикрон хувилбар бүртгэгдсэн. Үүнтэй холбогдуулан олон нийтийг хамарсан уулзалт, арга хэмжээг хоёрдугаар сарын 15 хүртэл хязгаарласан байна. Уг шийдвэр энэ сарын 11-нээс эхлэн хэрэгжиж буй. Түүнчлэн нутгийн хэмжээнд цагаан сарыг өргөн дэлгэр зохион байгуулахгүй болохыг аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээлсэн.
Ховд аймгийн Онцгой комиссоос цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхийг хориглосон байна. Мөн олон нийтийг хамарсан арга хэмжээ, спорт, соёл урлагийн тэмцээн уралдааныг хоёрдугаар сарын 7-ний өдөр хүртэл зохион байгуулахгүй байх захирамж гаргасан байна. Түүнчлэн иргэн, ААН, төрийн байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж ажиллахыг үүрэгдсэн байна.
Увс аймгийн Онцгой комисс хуралдаж нэгдүгээр сарын 14-нөөс ирэх сарын 10-ыг хүртэл олон нийтийн арга хэмжээ, жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргажээ. Мөн хүнсний зах, барилгын материалын дэлгүүрийг 10:00-18:00 цаг хүртэл, худалдааны төв, хүнсний дэлгүүрийг 08:00-22:00 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гаргасан байна. Цагийн хязгаарлалт зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хууль болон бусад хуулийн дагуу хатуу арга хэмжээ авах аж.
Түүнчлэн Цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, нутгийн зөвлөлийн золголт зохион байгуулахгүй байхыг үүрэг болгожээ.
Дорнод аймгийн Онцгой комисс хуралдаж, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын болон олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, спорт, соёл урлагийн арга хэмжээ, аймгийн хэмжээнд шагнал гардуулах арга хэмжээг хязгаарласан байна. Хязгаарлалтын дэглэм нэгдүгээр сарын 27-ныг хүртэл мөрдөх юм.
Орхон аймаг тэмцээн уралдааныг хоёрдугаар сарын 15 хүртэлх хугацаанд зохион байгуулахгүй байхаар болжээ. Мөн цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, нутгийн зөвлөлийн золголт зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Мөн төрийн байгууллага аливаа олон нийтийг хамарсан хурал, сургалт зөвлөгөөнийг 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулахыг үүрэг болгожээ.
Завхан аймаг нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэж, цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриаллаа. Учир нь тус аймагт Ковид19 халдварын тохиодол цөөнгүй бүртгэгдэж байгаа бөгөөд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин 20 суманд тархаж, дэгдэлт зогсохгүй байгаа аж. Тиймээс олон нийтийн үйл ажиллагааг хязгаарлахаар болсон байна.
Дархан-Уул аймаг энэ сарын сарын 15-аас эхлэн тодорхойгүй хугацаагаар олон нийтийн үйл ажиллагааг хязгаарласан байна. Түүнчлэн бүх нийтийг хамарсан тэмцээн уралдааныг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах, төрийн байгууллагууд тодорхойгүй хугацаагаар нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, семинар, сургалт зохион байгуулахгүй болжээ. Сар шинийн баярыг аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулахгүй бөгөөд айл өрхийн хэмжээнд тэмдэглэхийг уриалжээ.
Баян-Өлгий аймгийн Онцгой комисс 2022 оны анхны хурлаа хийж, аймгийн хэмжээнд тархалтын улбар шар түвшинд шилжүүлэн ажиллахаар болжээ. Мөн энэ оны нэгдүгээр сарын 22-ны 08:00 цагаас эхэлж хэрэгжих дараах шийдвэрүүдийг гаргасан байна. Улмаар аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан бүх төрлийн баар, цэнгээний газрууд, сургалтын төв, үзүүлбэр үйлчилгээ, халуун ус, сауны үйлчилгээ, шашны байгууллага, хүнсний зах, дэлгүүрээс бусад барааны зах, цэцэрлэгийн үйл ажиллагаа, цахим тоглоом, спорт заал, амралтын газрууд, хурим найр, болон бусад баярыг гэрийн нөхцөлд явуулах болон соёл урлагийн үйл ажиллагаануудыг хориглохоор болжээ. Мөн хурал цуглаан, ресторан, зоогийн газрууд гэх газруудын үйл ажиллагааг 50 хувийн дүүргэлттэй ажиллуулах шийдвэр гаргасан байна.