“Хүүхэд хоолтойгоо ирдэг”, “Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ” гээд хэн гээч их мэдэгч хэзээ ч хэлчихсэн юм, бүү мэд. Ямар боловч манайхан энэ үгэнд итгэдэг. Амны билгээс ашдын бэлгэ гэгчээр элбэг, дэлбэг амьдралыг бэлгэдэж хэлсэн үг. Яаж ч бодсон хүүхэд төрөв үү үгүй юу хуй хуйгаар торго, хунз хунзаар цай орж ирнэ ч гэж юу байх вэ. Харин ч эсрэгээрээ хүүхэд өсгөнө гэдэг өртөг өндөртэй ажил. Өөрөөр хэлбэл, хүүхэд хоол, хүнс биш хариуцлага, сахилга бат, боловсрол, ёс суртахуун дагуулж ирдэг.
Хүүхэд тээж, төрүүлж, өсгөхөд эцэг, эхээс үлэмж хэмжээний бэлтгэл шаардагддаг. Гэтэл бие болоод сэтгэл зүйгээ бүрэн бэлдээгүй үедээ аав, ээж болохыг сонгочихоод хүүхэд хохироох тохиолдол цөөнгүй. Орц, хонгилд нярайгаа орхиод явсан хэрэг мэр сэр сонсогдоод л байдаг. Тухайлбал 2020 онд зургаан хүүхэд эцэг, эхдээ гологдож, хүйтэн орцны шалан дээр орхигдож хоцорсон бол өнгөрсөн онд ийм тохиолдол гурав гарчээ. Энэ нь 2020 онтой харьцуулахад буурсан үзүүлэлт хэдий ч баярлаад байх үр дүн биш. Одоогоос жил гарангийн өмнө дэлгүүрийн ариун цэврийн өрөөнд хүүхдээ төрүүлээд хогийн саванд хаясан хэрэг гарч байв. Нярай гучин дөрөвхөн хоноод энэ хорвоогоос буцсан. Харин 22 настай эхэд нь 18 жилийн ял төлөвлөсөн. Мөн оны өмнөхөн Буянт-Ухаа 2 хорооллын орцонд нярай орхисон байхыг олсон. Эцэг эхийг нь олж тогтоосон.
Шинэ он гараад долоо ч хоноогүй байхад бас нэгэн нярай өвлийн хүйтэнд зам дээр хаягдсан. 3.4 кг жинтэй эв эрүүл энэ хүүхэд юу буруу хийсэн гэж ингэж хохирох ёстой юм бэ?
Энэ мэтээр зүрх зүссэн хэргүүд гараад л байна. Үүгээр ч тогтохгүй хэдхэн сарын өмнө архи ууж согтуурсан үедээ гурвын гурван нялх үрээ төрсөн эцэг нь буудаад хөнөөчихсөн аймшигт хэрэг гарсан. 7, 9, 14 настай бяцхан хүүхдүүдийг эцгийнхээ гарт ингээд үрэгдчихнэ гэж хэн санах билээ. Ийм л харгис эцэг эх, ийм харгис нийгэм бий болчихоод байна. Манай улсад энэ төрлийн гэмт хэрэгт хариуцлага тооцож чаддаг ч урьдчилан сэргийлж чадахгүй байна. Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлд хүүхдийн эсрэг гэмт хэргийг зүйлчилсэн байдаг. Тодруулбал,
16.3 дугаар зүйл. Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх
1. Хуулиар хүлээсэн, асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жилийн хугацаанд хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлд эцэг, эх байх эрх хасах талаар тусгажээ.
30.1. Эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан /хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахайн зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр/, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болно гэж заажээ.

2021 оны гуравдугаар улирлын байдлаар эцэг, эх байх эрхийг нь хассан 13 хэрэг маргаан шүүхээр шийдвэрлэгдсэн байна. Энэ нь 2020 оноос долоон хэргээр буюу 85.7 хувиар өссөн үзүүлэлт аж. Шүүхийн шийдвэр гарсны дараа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хүүхдийн асран хамгаалагчаар ах, дүү хамаатан саданг нь тогтоох, шаардлагатай гэж үзвэл улсын хамгаалалтад авч асрамж, халамжийн төвд хүргэдэг. Түүнчлэн шаардлагатай тохиолдолд эцэг, эх байх эрхийг нь сэргээдэг аж. Улсын хэмжээнд халамж, асрамжийн 27 төвд 823 хүүхэд амьдарч байна. Энд эцэг эхдээ хаягдсан, эцэг эх нь хорвоог орхисон, эсвэл эцэг эх нь бор дарсанд живсэн, үгүй бол байнгын хүчирхийлэлд амьдарч байсан гээд олон янзын онцгүй шалтгаантай хүүхдүүд аж төрдөг. Зарим тохиолдолд хүчирхийлэлд өртөж эцэг, эхийнхээ дэргэд өссөнөөс асрах газар амар тайван өсөх нь илүү дээр байдаг аж. Гэвч асрах газар өссөн хүүхдүүд аав, ээжийнхээ халуун тэврэлт, халамжинд хүн болсон хүүхдүүдээс сэтгэл зүйн зарим шинж, аливаад хандах хандлагын хувьд ялгаатай болох гээд байдаг гэнэ.

Эцэг, эх нь байгаа хэрнээ асран халамжлахаас татгалзаад орхисон тохиолдолд тухайн хүүхэд өөрийгөө голох, бусдыг үзэн ядах, үе тэнгийн болон өөрөөсөө дүү хүүхдүүдэд түрэмгий авир гаргах зэргээр зан авир нь доголдож эхэлдэг. Тэд орхигдсон, гологдсон гэсэн мэдрэмжээ ингэж илэрхийлдэг. Мөн нас биед хүрч аав, ээж болох үедээ хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээж чадахгүй болох, магадгүй өөрийг нь орхисон шиг орхиод явахыг хүсэх магадлалтай. Өөрөөр хэлбэл, өөрт нь дарамттай, хэцүү байвал зугтчихъя гэх дадал сууна гэсэн үг. Гэхдээ асрах газар өссөн хүүхэд бүр ийм болчихдог гээд тоймлоод хэлэх аргагүй. Учир нь хүүхэд болгоны мэдрэмж, сэтгэл зүйн асуудал өөр. Хүүхэд эхийн хэвлийд байх үеэсээ танин мэдэхүйн үйл явц нь эхэлдэг бөгөөд нялх, нярай гэлтгүй сэтгэл зүйн хэрэгцээтэй байдаг. Энэ үед нь ээж нь орхиод, ээжээсээ холдчихвол энэ үйл явцад будлиан гардаг. Тэгээд магадгүй холын ирээдүйдээ архи, тамхинд донтох магадлалтай болчих гээд байдаг талтай.
2014-2017онд “Өнөр бүл” төвийг төгссөн 56 хүүхдийг хамруулсан судалгаагаар цөөн хэд нь гэртээ эргэж харьсан бол, дийлэнх нь очих газаргүй болж хүнд хэцүүг туулжээ. Эмэгтэйчүүд нь эрт хүнтэй сууж, хүүхэд гаргаж, салж сарниж, хүүхдээ өнчрүүлсэн бол эрэгтэйчүүд нь гэмт хэрэг зөрчилд холбогджээ. Харин нэг хүүхэд хүний наймааны золиос болжээ.

Асрамжийн газрын тогтолцоо Монгол улсад зөв байна уу гэдгийг нэг эргэж харах хэрэгтэй болжээ. Хүүхдийг хуарангийн амьдралаар амьдруулж байгаа ганц улс манайх болов уу. Хэдийгээр хүүхдийг 18 нас хүртэл нь хамгаалж, сурч боловсрох эрхийг нь эдлүүлж байна гэж байгаа ч суурь хэрэгцээ буюу гэр бүлийг яаж төлөвлөх вэ, амьдралд яаж бэлдэх вэ зэрэг ойлголтыг өгөхгүй байна.
Түүнчлэн асрах газар өсөж байгаа хүүхдүүд хоёр цаг тутамд хооллох, тэврүүлэх зэргээр хайр халамжийг мэдэрч чадаж байгаа юу гэдэг чухал. Бага насны хүүхдэд хамгийн сайн тайвшрал, мөн хайр халамж мэдрүүлдэг зүйл бол халуун дулаан тэврэлт. Хүүхдийг өвдсөн ч, баярласан ч түүнийг элгэндээ наагаад тэврэхэд тайвширдаг, хамгаалагдсан мэдрэмж авдаг. Гэвч халамжийн төвийн цөөхөн ажилтан, хүүхэд бүрд хүрч ажиллахыг хүсдэг боловч санасандаа хүртэл халамжлахад яах аргагүй хүч нь дутдаг.
Гэхдээ асрах газар бараадаад ч хамаагүй өсөж торних тохиолдол байхад зарим хүүхэд хариуцлагагүй эцэг, эхтэй учирснаасаа болж дэндүү эрт хорвоогийн мөнх бусыг үзүүлэх тохиолдол ч олон.
Хариуцлагагүйн улмаас хүүхдээ хохироож, эцэг эх байх эрхээ хасуулсан, хүүхдээ орц хонгилд хаяж амь насыг нь эрсдүүлсэн эцэг, эхчүүдийн дийлэнх нь архины хамааралтай, үгүй бол сэтгэцийн өөрчлөлттэй, эсвэл өсвөр насныхан байдаг аж.

Өөрөө хүүхэд байж хүүхэд төрүүлчихсэн, нөхөн үржихүйн талаар ямар ч мэдлэг боловсролгүй, санамсаргүй тохиолдлоор бэлгийн харьцаанд орсон, жирэмсэн болсноо ойлгоогүй эсвэл хаана хэнд хандахаа мэдэхгүй, айж цочирдоод хүүхдээ хаяж, хохироох тохиолдол байдаг. Ийм тохиолдолд тухайн хүүхдийг жигшин зэвүүцэхээс илүүтэйгээр цаад уг шалтгаан юу байна гэдэгт анхаарлаа хандуулах нь чухал. Хэнтийд саяхан болсон асуудал л гэхэд тухайн хүүхэд өөрөө хямралд орчихсон, энэ асуудлаа яаж шийдэхээ мэдэхээ больчихсон байгаа юм. Энэ бүхэнд бид нар л буруутай шүү дээ. Тэр охин хүүхдээ тээгээд, үр хөврөл нь бүрэн бойжоод, төрүүлэх хүртэл эцэг эх нь хаана явсан юм. Багш сурган хүмүүжүүлэгч нь хаана байсан юм. Наад зах нь хүүхдийнх нь бие организмд өөрчлөлт ороод байхад хараад таньж мэддэггүй юм уу гээд энэ бүхэн насанд хүрэгсдийн хариуцлагагүй байдалтай холбоотой.
Түүнчлэн өсвөр насны хүүхдүүдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролыг олгож чадахгүй байгаа өнөөгийн боловсролын бодлого ч энэ асуудалд буруутай. Тухайлбал 2014 онд “Бага дунд боловсролын хөтөлбөр”-өөс Эрүүл мэнд гэх тусдаа хичээл байсныг хасчихсан. Үүний сөрөг нөлөө одоо дээрх байдлаар илрээд ч байж болох юм. Жилд дунджаар 4000 орчим өсвөр насны охин ээж болдог судалгаа байна. Хамгийн харамсалтай нь тэдний 74 хувь нь өрх толгойлж, хүүхдээ ганцаараа өсгөдөг. Хүүхдээ төрүүлж буй охидын дийлэнх нь хүсээгүй жирэмслэлт, хүчирхийллийн золиос болж буй юм. 2017 оноос эрүүл мэндийн хичээлийг эргээд орж эхэлсэн ч эрүүл мэндийн багш бэлтгэх, давтан сургах тогтолцоог бэхжүүлэх замаар багшийн ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийг хичээлээс гадуурх танхимын бус үйл ажиллагаанд татан оролцуулах зэргээр сурагчдын боловсролд анхаарах зайлшгүй шаардлага үүсжээ.