
Microsoft (MSFT.O) компаниас мэдэгдэхдээ 2026–2029 оны хооронд Япон улсад нийт 1.6 их наяд иен (ойролцоогоор 10 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулж, хиймэл оюун ухааны дэд бүтэц өргөжүүлэх болон кибер аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр болсон байна.
Энэхүү хөрөнгө оруулалтад 2030 он гэхэд 1 сая инженер, хөгжүүлэгчийг сургах зорилго багтсан бөгөөд Microsoft-ын ерөнхийлөгч Брэд Смит Токиод хийсэн айлчлалын үеэр энэ төлөвлөгөөг танилцуулжээ.
Компанийн мэдэгдэлд дурдсанаар энэхүү төлөвлөгөө нь Японы Ерөнхий сайд Санаэ Такаичийн дэвшилтэт, стратегийн технологиор дамжуулан эдийн засгийн өсөлтийг дэмжих, мөн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилготой нийцэж байна.
Microsoft нь дотоодын томоохон компаниуд болох SoftBank болон Sakura Internet-тэй хамтран Япон дахь хиймэл оюун ухааны тооцооллын хүчин чадлыг өргөжүүлнэ. Ингэснээр компаниуд болон төрийн байгууллагууд өөрсдийн нууц мэдээллийг улсынхаа дотор хадгалж, Microsoft Azure үйлчилгээнд хандах боломжтой болох юм.
Мөн тус компани Японы эрх баригчидтай кибер аюул занал, гэмт хэргийн эсрэг мэдээлэл солилцох хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр төлөвлөжээ.
Японд хиймэл оюун ухааны хэрэглээ 2024 оноос хойш эрчимтэй өсөж байгаа бөгөөд хөдөлмөрийн насны хүмүүсийн ойролцоогоор тавны нэг нь генератив AI хэрэгсэл ашиглаж байгааг Microsoft өөрийн судалгаанд үндэслэн мэдээлсэн байна.
Япон 2040 он гэхэд хиймэл оюун ухаан болон роботын салбарт 3 сая гаруй ажиллах хүчний дутагдалд орох төлөвтэй байгаа гэж засгийн газрын тооцоололд дурджээ.