Монгол үндэсний бөх түүх, соёлын амин чухал ач холбогдлоо цагийн аясаар гээн гээсээр одоо үзэгч ч үгүй, үнэт зүйл ч үгүй болох уу?
Өнөөдөр монгол бөхөд үүсээд байгаа сэргээш дагасан маргаан ийм айдас төрүүлнэ. Айдас гэсний учир нь үндэсний бөх бол Монгол үндэстний ялгарал, ондоошил.
Монгол бөхөд сэргээшийн асуудал бүр нутагшчихлаа. Жил жилийн наадмын дараа шинжилгээ өгсөн 2-3 бөхөөс заавал сэргээшийн төрлийн хориотой бодис илэрдэг уламжлалтай болчихсон. Үүнийг нь одоо үзэгчид ч хүлээн зөвшөөрөх маягтай. Тэрний шээснээс тийм бодис илэрч гэнэ, харин түүнийхээс нэг биш нэлээд хэдэн хориотой бодис илэрч гэнэ гээд нэг хэсэгтээ л ярих зүйлтэй, маргах сэдэвтэй болдог болжээ. Энэ хэрээр Монголын уламжлалт өв соёлыг тээсээр ирсэн бөхчүүдийн нэр төр сэвтэж, бөх сонирхогчдын тоо цөөрсөөр. Учир нь үзэгчид үнэн хүчийг үзсэн, хэрүүл уруулгүй, жудаг төгөлдөр барилдаан үзэх сонирхолтой. Гэтэл сүүлд “Монгол улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан” цуцлагдтал монгол бөхчүүд хэрэлдлээ. Бүхэл бүтэн гурван цаг барилдаан эхлэхийг тэвчээртэй хүлээсэн үзэгч олны уур, унтууг харин ч нэг барлаа. Энэ барилдаанд Улсын даян аварга Н.Батсуурь, Улсын арслан Р.Пүрэвдагва нарыг барилдахыг эсэргүүцсэн зарим бөхчүүд барилдааны нэгийн даваанд зодоглосонгүй. Улсын аварга Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нар 2020 оны Улсын их баяр наадмын дараа сэргээшийн шинжилгээнд бүдэрч, барилдах эрхээ 11 сараар хасуулсан ч тус хугацаа дуусаж барилдах эрх нь сэргэсэн, Бөхийн холбоо ч барилдаанд бүртгэсэн юм. Гэтэл Улсын харцага О.Хангай тэргүүтэй бөхчүүд энэ асуудалд оногдуулах шийтгэл тэгш бус байгааг эсэргүүцсэн. Өөрөөр хэлбэл Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан атлаа яагаад заримд нь 11 сарын шийтгэл оногдуулсан бэ, яагаад зарим бөхийн цол чимгийг хураадаг мөртлөө энэ бөхчүүдэд ийм хөнгөн хариуцлага ногдуулав гэдэг асуудал.
2021 оны 12 дугаар сарын 6-нд болсон Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурлаар Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр, допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хассан. Харин Үндэсний бөхийн салбар хороо 2020 оны аравдугаар сарын 20-нд хуралдан 2020 оны Улсын баяр наадамд сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн Н.Батсуурь, Р.Пүрэвдавга, Б.Бат-Орших нарын асуудлыг хэлэлцэж 11 сараар барилдах эрхийг нь хасах шийдвэрийг гаргасан юм. Энэ мэтээр нэг асуудалд янз бүрийн шийтгэл оногдуулж буй нь өнөөдрийн хэрүүлийн шалтгаан. Оноосон шийтгэлийнх нь хугацаа дуусаж эрх нь сэргэсэн бөх эргээд барилдъя гэхэд түүнд буруу өгөх аргагүй. Шийдвэр гарсан уу гарсан, шийтгэлээ хүлээсэн үү хүлээсэн. Нөгөө талаас хариуцлагын асуудалд тэгш хандаж, жишиг тогтоохыг хүсэж буй бөхчүүдийн ч буруу биш. Харин энд юу буруу байна вэ гэвэл энэ асуудалд Үндэсний бөхийн салбар хороо орооцолдсон нь. Өөрөөр хэлбэл Монгол бөхийн холбооны дүрэм нь баяр наадмын хуультайгаа, жил жилийн баяр наадмын комиссын шийдвэртэй ч бас зөрчилддөг нь өнөөдөр үндэсний бөхийг ийм байдалд хүргэлээ. Сэргээшийн асуудалд бөхчүүдийнхээ эрх ашгийг ялгаваргүй хангах ёстой холбоо нь хэзээнээсээ хариуцлагагүй, мэргэжлийн бус хандлага гаргасаар ирсэн. Одоо ч гаргасаар буй. Ийм буруу жишгээс болж залуу бөхчүүдийн дунд сэргээшийн хэрэглээ нэгэнт хяналтаас гарчихлаа. Монголчууд эрт үеэсээ бөхөө дээдэлж ирсэн, аргагүй бөхөд хайртай ард түмэн тулдаа энэ их захгүй хэрүүл, уруулыг тэссээр, тээсээр ирсэн аж. Харин цаашид энэ хэвээр үргэлжилсээр байвал бөх үздэг хүнгүй, бөхчүүд нэр ч үгүй, сүр ч үгүй болоод талцаж маргаад дуусах нь. Тэгэхээр одоо Монголын үндэсний бөхийн холбоо өнөөдөр үүсээд буй хэрүүлээ яаралтай шийдэж, юун түрүүнд Сар шинийн барилдаанаа хэл амгүйхэн зохион байгуулчих хэрэгтэй байна. Үүний дараа сэргээшийн асуудалд ул суурьтай хандаж зохицуулалт, дүрэм журамдаа өөрчлөлт оруулах, допингийн маргаанд цаашид орооцолдсон бөхчүүдэд оноох хариуцлага эрх тэгш байх тал дээр олон ажил хиймээр байна.
Улс үндэстэн оршин тогтнох гол үндэс нь түүх, соёл, ёс уламжлалынх нь илэрхийлэл болох үндэсний гэх тодотголтой үнэт зүйлсд оршино. Эдгээрийг хуруу дараад тоолвол бас тийм ч олон биш. Гэхдээ үндэстний оршин тогтнохуйд нэлээд жин дарна. Монгол үндэсний бөх бол үүний нэг, өв соёл, монгол хүний оюуны дархлаа, бахархал омогшил. Цаг хугацаа өнгөрч, юмс хувьсан өөрчлөгдөхийн хэрээр монгол бөх зарим талаар хувьсан өөрчлөгдөж болох ч “хөрс”-өө үргэлж хадгалах ёстой юм. Гэтэл одоо хаашаа явж байна вэ?