Долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг эргэн сануулж, тоймлон хүргэж байна.

Цар тахлын дөрөв дэх давлагаа эхэллээ

Омикрон хувилбар дотоодод бүртгэгдсэнээс хойш өдөрт батлагдах тохиолдлын тоо эрс нэмэгдэж байна. Даваа гарагт халдварын 649 тохиолдол бүртгэгдэж байсан бол бямба гарагт 2347 хүнээс халдвар илэрчээ. УОК-оос Монголд цар тахлын дөрөв дэх давлагаа эхэлснийг мэдэгдээд нэгдүгээр сар 20-ноос хоёрдугаар 10 хүртэл халдварын оргил үе тохиохыг анхаарууллаа. Оргилд үед өдөртөө 18-20 мянган тохиолдол бүртгэгдэх магадлалтай тул хүн амын дунд нэмэлт дархлаажуулалтыг эрчимжүүлж, коронавирусийн эмрэг дөрөв дэх тунг хийж эхэллээ.

Халдварын оргил үе цагаан сарын баяраар таарч байгаа учраас байгууллагууд нэгдсэн золголт хийхгүй, гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж буй. Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр Монголд бүртгэгдэж буй халдварын 70 хувийг омикрон хувилбар эзэлж байна.

Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэв

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан 30 жилийн ойг өнгөрсөн долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлэв.1992 оны нэгдүгээр сарын 13-нд БНМАУ-ын АИХ-аар баталж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн ардчилсан Үндсэн хууль Монгол Улсад зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндсийг энэ хууль тавьж өгсөн гэж үздэг. Шинэ Үндсэн хууль нь парламентын засаглалтай бүгд найрамдах улсыг бий болгож, шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний эрх зэргийг хуульчлан хамгаалсан юм. Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойшхи 30 жилийн хугацаанд уг хуульд 2000, 2019 онд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ. Сүүлийн өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 28.5 хувь буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн. Эдгээр өөрчлөлтөөр засаглалын хяналт, тэнцлийг хангаж, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлж, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэж, 2000 оны долоон өөрчлөлтийн зургааг нь засаж сайжруулсан юм.

Ойд зориулан УИХ-ын Хүндэтгэлийн хуралдаан болж, Үндсэн хуулийн түүхийг өгүүлсэн үзэсгэлэнг нээсэн бол МУИС-ийн Хууль зүйн сургуулийг түшиглэн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан парламентат ёсыг төлөвшүүлэх, төр, нийгмийн шинэчлэлийг эхлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулсан юм. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга асан Ч.Дашдэмбэрэл, Үндсэн хуулийн цэцийн дарга асан Н.Жанцан нар Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар болсон бол академич Ж.Болдбаатар, доктор Л.Дашням нарт  Ардын Багш цол хүртээлээ.

Чингэлэгт тээвэр жигдрэв

БНХАУ-ын хилийн Эрээн боомтод гурван сарын хугацаанд саатсан ачаа тээврийн үйл ажиллагааг халдвар, хамгааллын өндөр хяналтад зохион байгуулж, чингэлэг тээврийн үйл ажиллагааг эхлүүллээ. Хил дундын “0” цэгээс чингэлэгтэй ачааг татан авч, Замын-үүд дэх “Бүс нутгийн ложистикийн төв”-д буулгасан ачаа барааны ихэнхийг нь төмөр замаар Улаанбаатар хот руу татан авч байгаа бол цөөн тохиолдолд аж, ахуйн нэгжүүд өөрсдийн автомашинаар ачаагаа татсан байна.

Өнөөдрийн байдлаар Эрээн хотод Хятадын тал 900 орчим чингэлэгт ачаа ачиж, хилээр зөөвөрлөхөд бэлтгэсэн байгаа бөгөөд өдөрт 50-иас доошгүй тоогоор чингэлэг татахад 18 хоногт багтааж дуусгах боломжтой аж.

Инфляц 13 хувьд хүрлээ

2021 оны арванхоёрдугаар сард инфляц улсын хэмжээнд 13.4 хувь, Улаанбаатар хотод 14.8 хувьд хүрснийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Иргэдийн цалин хөлс нэмэгдээгүй ч эсрэгээрээ худалдан авах чадвар 14 хувиар буурсан үзэгдэл 1980-аад оноос хойш анх удаа тохиож байна.

2022 оны нэгдүгээр сарын 12-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 4.0 хувь, өмнөх 7 хоногоос 1.0 хувиар өссөн байна.