Яаж ч үгүйсгээд яалт ч үгүй зуршил шахуу болчихсон зүйл бол онлайнд ороод нээдэг нэг хуудас бол фэйсбүүк. Тэнд ихэнхдээ зураг, заримдаа хүмүүсийн сэтгэгдэл байх. Тэр дундаа хавар болсныг, гоёх цаг ирснийг, тэгснээ бас бага насны гэнэн хөөрхөн дурсамтай холбогдсон нэг пост (сэтгэгдэл)-ийг уншлаа. “Яадаг юм бэ, яадаг юм. Уруулаа ч будна, Улаан шаахайгаа ч өмсөнө. Багын мөрөөдлүүд биелээд сайхан л байна шүү дээ. Хурдан том болоод уруулаа будаад, улаан туфлийн өсгийг тачигнуулаад л, сийрсэн малгай духдуулан, салхи татуулан гүйхийг л мөрөөддөг байлаа. Өндөр өсгийттэй тачигнатал гүйнэ гэж санаанд багтсан л юм даа, тэгэхэд. Хажуугаар нь бас харцуулын харцыг хамаад цуглуулчих санаатай. Яг л кинон дээр гардаг шиг, догь догь мөрөөддөг байжээ. Ээжийн уруулын будгийг гамгүй элээж мөрөөдөж өссөн маягтай нас минь дээ. Чамтай ганц өдөр болзох юмсан” гэсэн гэмгүй бас дэврүүн бодлоо дэлгэсэн түүний бичсэнийг уншаад хэн бүхний туучаад гарсан бага насыг өхөөрдөв. Ойрын үед хаврын ааш онцгүй. Уурласан хүн шиг дүнсийж, салхиараа ширэв татчихаад, “инээд”-ээ буюу нараа мөд үзүүлэх янзгүй. Байгалийн аашинд “ховсдуулаад”, ийм л байх ёстой юм шиг ижилхэн дүнсийж явлаа. Одоо тэгэхгүй ээ. Хүүхэд нас шигээ хөнгөн, дэврүүн байж чадахгүй ч гэлээ уруулаа ч будна, улаан шаахайгаа ч өмсөнө өө. Яадаг юм бэ, яадаг юм.