ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит есдүгээр хуралдаан Парис хотноо 2014 оны 11 сарын 24-28-ны өдрүүдэд болж, Монгол Улсаас нэр дэвшүүлсэн Шагайн харвааг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад олонхийн саналаар бүртгэн авсан билээ. Шагайн харваа нь XIII зууны үед үүссэн бөгөөд 2001 онд үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болж, албан ёсны дүрэмтэй болсон.
Монголын шагайн харвааны холбоо: Монголын үндэсний өв соёлыг алдагдуулж байна

Тэгвэл энэхүү өв мөхлийн ирмэгт ирлээ гэж Монголын шагайн харвааны холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд “Монголын спортын корпорац хэмээх байгууллага үндэсний шагайн харваа наадгайтай ижил төстэй уламжлалт шагайн харвааны эд хэрэглэлийг ашиглан /аравч, зурхай, тохой мод, хашлага, сум, хасаа/ хуруугаар няслан зурхай дээрх байг онох /нэршлийг “Шага” гэж нэрлэн тэмцээний дүрэм шинээр баталсан гэх/ зорилго бүхий спортын төрлийг бий болгож буй нь Монголын үндэсний өв соёлыг гуйвуулах, уламжлал ёс жаягийг алдагдуулах, цаашлаад Үндэсний шагайн харваагаар хичээллэгч, сонирхогчдыг талцуулах байдал хүргэж болзошгүй байна. “Шага” гэж нэрлээд буй зүйлийнхээ талаар огт бидэнд хэлээгүй, санал зөвлөлдөөгүй” гэлээ.
Шагайн харваачдын зүгээс “Олон улсын шага” хэмээн нэрлээд буй энэхүү спортын төрөл нь Монголын уламжлалт шагайн харвааны бүх эдлэл хэрэглэлээс өөр төрлийн эдлэл хэрэглэлийг шинээр зохион, спортын шинэ төрөл бий болгох үйл ажиллагаа явуулах тохиолдолд манай байгууллага оролцохгүй байх нь зүй ёсны хэрэг” гэсэн юм. Мөн тэд “Үндэсний спортууд дотор цорын ганц багийн спортын төрөл нь шагайн харваа. Гэтэл Шага холбоо нь холимог багийн, эмэгтэй ангилал зэрэг төрлүүдээр тэмцээн явуулах тухай мэдээлэл цацагдсан” хэмээсэн юм.
Монголын спортын корпорац: Олон улсын шаардлагын дагуу уламжлалт шагайн харваанаас зарим дүрэм, онооны системийг өөрчилсөн

Монголын спортын корпорацын гүйцэтгэх захирал Б.Хосбаяр gogo.mn сайтад өгсөн ярилцлагадаа энэ талаар “Манай компаниас "Олон улсын шага" гэж төсөл хэрэгжүүлж буй. Үндэсний шагайн харвааг олон улсын стандартад нийцүүлж, олимпын наадмын хөтөлбөрт оруулах зорилготой анхны тэмцээнээ зохионо. Олон улсын шаардлагын дагуу уламжлалт шагайн харваанаас зарим дүрэм, онооны системийг өөрчилсөн. Бид АНУ-д олон улсын холбоог нь байгуулчихсан. Үндэсний шагайн харваа нь ямар байж ирсэн тэр өв соёлоороо явж байх ёстой. Өв соёлыг хөндөж болохгүй. Харин өөрсдийнхөө чиглэлийг хөгжүүлж олон улсын тэмцээнийг зохион гадаад хүмүүсийг чөлөөтэй хичээллэх боломжоор хангана. Энэ бол Монголын спортыг олон улсад сурталчлах нэг хэлбэр юм. Спорт олон улс руу гарахын тулд гарцаагүй жендэр, эрх тэгш байдлыг хангах хэрэгтэй. Иймээс эмэгтэй хүн шагай харваж, бөх барилдах боломжтой” хэмээн ярьсан юм.