Сэтгэл зүй, сэтгэц хэмжил зүйн үндэсний хүрээлэнгийн сэтгэл зүйч Б.Баярцэнгэлтэй нийгмийн сэтгэл зүйд тулгамдсан асуудлуудын талаар ярилцлаа.
Нийгмийн сэтгэл зүй гэж юу юм бэ?

Өнөөгийн Монголын нийгмийн сэтгэл зүй эрүүл байж чадаж байна уу?
-Эрүүл биш байна. Нийгмийн сэтгэл зүй маш их гэмтэлтэй байна. Энэ нь олон судалгаагаар ил болсон. Жишээ нь, Нийгмийн эрүүл мэндийн төвөөс гаргасан судалгаануудыг харахад нэгж хүн амд ногдох амиа хорлолт, архидалт, гэмт хэргийн үзүүлэлт өссөөр байна. Эдийн засгийн хувьд, сэтгэл санааны хувьд нөөцтэй байна гэдэг нь хүмүүсийн аз жаргалын хэмжээг харуулдаг. Гэтэл манайд энэ үзүүлэлт тийм ч сайн байдаггүй. Нийгмийн сэтгэл зүй эрүүл биш байгаагийн шалтгаан нь хүмүүсийн сэтгэл зүй эрүүл биш байгаагаас шууд шалтгаална. Өнөөдөр сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарч байгаа хүн цөөн байна. Анхаараад сэтгэл зүйд минь асуудал байна гээд сэтгэл зүйчид хандаж байгаа хүмүүс аль нэг бүлэгт багтах эмгэгийг тээж байна. Тухайлбал, өсвөр насны хүүхдүүд тэр чигээрээ харилцааны олон талт эмгэгүүдтэй болсон. Энэ нь боловсролын байгууллагууд хүүхдүүдийн сэтгэл зүйн асуудалд анхаарал хандуулдаггүй, эцэг, эхчүүд нь ярилцдаггүйтэй холбоотой. Яагаад Монголын нийгэм ийм стресстэй байдаг вэ, хүмүүс аливаа асуудалд яагаад хэт эмзэг ханддаг вэ, яагаад массаараа нэг зүйл рүү хошуурдаг, жигшдэг, доромжилдог, дэвсдэг, эсхүл уйлж хайлдаг болчихоод байгаа юм. Энэ асуудал шүү. Шүдэнз зурахад дэлбэрэхэд бэлэн хүмүүстэй нийгэм нэгэнт бүрдчихжээ. Үүнийг хэн нэгэн хүссэнээрээ удирдаж болохуйц нөхцөл байдал үүсчихсэн. Энэ бүхэнд улс төрийн тогтворгүй байдал, эдийн засаг нь хүчгүй байгаа нь нөлөөлсөн. Дээрээс нь цар тахал гал дээр тос нэмчихлээ.
Муу дээр муу муухай дээрээс улцан гэгчээр угаасаа нийгмийн сэтгэл зүй эрүүл биш байсан дээр сүүлийн гурван жил цар тахал нэмэгдээд байдал улам дордсон. Энэ бүхнийг яаж даван туулах ёстой юм бэ?
-АНУ-ын сэтгэл судлалын холбоо болон Европын холбооны гаргасан судалгаагаар коронавирус бол нийгмийн сэтгэл зүй, сэтгэл зүйн эрүүл мэндэд маш их хор нөлөө учруулж байгаа нь тогтоогдсон. Манай улсад сүүлийн гурван жилийн хугацаанд амиа хорлолтын маш харамсалтай тохиолдлууд гарсаар байна. Цар тахал дэгдэж нийгмээрээ айдаст автсан. Хөл хорионд орсон. Эдийн засаг амь амьжиргаа нь дордсон. Өвчин зовлонд баригдсан гээд олон зүйлтэй нүүр тулсан. Энэ үед нийгмийн сэтгэл зүйд, хувь хүний сэтгэл зүйд хэн ч анхаарсангүй. Нийгмээ тайвшруулах, нийгмээ эрүүлжүүлэх бодлого үйл ажиллагаа ч хийсэнгүй. Дэлхийн олон оронд хийсэн судалгаагаар коронавирусийн дараа сэтгэл зүйн эрүүл мэндэд заавал асуудал тулгарч байна, үүнийг нөхөн сэргээх зайлшгүй шаардлагатай гэдэг нь тогтоогдоод байгаа юм.
Өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндэд цар тахал, хөл хорио яаж нөлөөлөв?
-Бүх насны хүүхдүүдийн сэтгэл зүйд коронавирус сөргөөр нөлөөлсөн. Наад зах нь энгийн үед нийгмийн харилцаанд нээлттэй ордог байсан хүүхдүүд хөл хорионы балгаар эд хөгжлийнхөө үед хаагдаж, боогдоод нэг үйлдлээ өдөр бүр хийсээр харилцааны тал дээр хөгжихгүй байх, ээж аавтайгаа ойлголцохгүй байх зэрэг асуудал тулгарсан. Цар тахлын үед эдийн засгийн хүндрэлүүд олон талд гарсан. Гэр бүлд ч хүнд цохилт ирсэн. Үүнээс болоод ээж, аав нь бухимдаж, гэр бүлд маргаан гарна. Эдийн засгийн ачаалал үүснэ. Энэ үед манайханд нийтлэг ажиглагддаг алдаа нь хүүхдүүддээ уур бухимдлаа гаргадаг, ачаа үүрүүлдэг. Өөрөөр хэлбэл чамайг өнгөтэй өөдтэй байлгах гэж ингэж ажиллаж, тэгэж ч зовж байна гээд хүүхдээ үүрэгжүүлэх гээд байдаг. Энэ нь хүүхдүүдэд маш их дарамт болдог.
Нийгэм нэгэнт эрүүл бус байгаа юм байна. Үүнийг хэн, хэрхэн засаж голдиролд нь оруулах ёстой юм бэ? Юунаас эхлэх хэрэгтэй вэ?
-Бид судалгаа хийгээд тоо тоолоод л байдаг. Амиа хорлолт, гэмт хэрэг, эхийн эндэгдэл, өвчлөл, коронавирус гээд бид тоог нь гаргаад байдаг. Үүний ард тооноос илүү чухал асуудал нь хоцорчихдог. Ямар ч бодлогогүй. Жишээ нь коронавирусийн үед хайртай дотнын хүмүүсээ алдсан маш олон хүн байгаа. Эдгээр хүмүүст сэтгэл санааны наад захын туслалцаа шаардлагатай болдог. Гэвч манайд нас баралтын тоог л тоолно уу гэхээс илүү нарийн асуудалд нь анхаарч чадахгүй байна. Яагаад энд хүүхдээ хүчирхийлчихэв, яагаад тэнд байшин дээрээс үсэрчихэв гэхээр эдгээр асуудлын цаана нийгмийн стресс, ачаалал, бэрхшээлийг даван туулж чадаагүй хүмүүс байдаг. Ийм хүмүүст уг нь тогтолцоогоороо туслах ёстой юм. Энэ хүмүүст чиглэсэн бодлого, үйл ажиллагаа хэрэгтэй байгаа юм. Түүнээс биш ниргэсэн хойно хашхирав гэдэг шиг нэгэн болоод өнгөрсөн хойно нь тоо цуглуулмааргүй байна. Манай улс сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагын тоог нэмж хөгжүүлэх хэрэгтэй байна. Суурь асуудлуудаа шийдэхгүй бол хэзээ ч нийгэм эрүүл болохгүй. Сэтгэцийн эрүүл мэндийн оношилгоо, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалд шилжүүлэх шаардлагатай байна. Сэтгэл зүйчээс нэг удаа зөвлөгөө авахын тулд доод тал нь 80 мянган төгрөг төлж чадах хүн өнөөдөр хэд байгаа билээ. Нийгмийг эрүүлжүүлэхийн тулд эхлээд хүүхдүүдийг цэцэрлэгт орохоос эхлээд суурь эрүүл мэндэд нь онцгой анхаарах ёстой.
Урт хугацаандаа бодлогын хүрээнд ингээд анхаарах юм байна. Харин өнгөрсөн нэг хоёр жилийн хугацаанд цар тахлын нөлөөгөөр сэтгэл зүйдээ гэмтэл авсан хүн яаж сэтгэл зүйн байдлаа дээрдүүлэх юм бэ?
-Насанд хүрэгчид ямар ч шаардлагагүй зовлон дунд ажиллаж амьдардаг гэж хэлж болно. Наад зах нь хүсээгүй ажлаа хийдэг эсхүл хүсээгүй цалингаа авдаг. Үүнийгээ мэдээд байгаа мөртлөө чин шударгаар үнэлүүлж чадахгүй байгаа мөртлөө тэр газраа байгаад л байдаг. Тэгэхээр энэ л болохгүй байна гэж бодогддог бол анхдагч сэтгэл зүйн гэмтэл учруулж буй орчин болон, асуудлаа шийдэх ёстой. Жишээ нь, та нөхөртэйгөө маш их хэрүүлтэй амьдардаг бол шалтгаан нь яг юу юм бэ гэдгээс эхлэх хэрэгтэй гэсэн үг. Хэрвээ ажил чинь таньд тохирохгүй байгаа бол хийх хэрэг байгаа юу үгүй юу гэдгээ өөрөөсөө асуу. Энд нэг л жор бий. Таньд биеийн болоод сэтгэл зүйн ачаалал учруулж байгаа асуудал юу байна үүнийгээ олж тогтоогоод түүнээсээ мөдхөн салж ангижрахыг л бодох ёстой юм.