Язгуурын төрөө сэргээн мандуулж, Манжийн дарлалаас гарсан Богд хаант Монгол Улсын тухайн үеийн нөхцөл байдлын талаар судлаачийн үгийг хүргэж байна.
Судлаач Г.Ням-Очир "1911 онд Монгол гэдэг улс дэлхийн газрын зургаас арчигдсан байсан. Манж Чин улсын дарлалд олон жилийг өнгөрөөсөн монголчуудтусгаар тогтнолоо сэргээн мандуулж Богд хаант Монгол Улсыг байгуулж чадсан юм. Аль ч газрын монгол хүмүүсийн туйлын чин хүсэл нь Чингис хаан дахин төрөх явдал байлаа. Ингээд Богд хаант Монгол улс байгуулагдахад дэлхий дээр байсан бүх монголчууд их хүрээний зүг хандаад гурван удаа сөгдөж, есөн удаа мөргөсөн гэдэг. Үүний дараа Чингис хааныг Богд хааны үр удам болоод дахин төрнө гэдэг итгэл найдвар нь ассан гэж хэлж болно. Төр улсаа сэргээсэн энэ үйлсэд шарын шашин нөлөөлсөн гэхээсээ илүүтэй, Чингис хааныг шүтэх үзэл олон монголчуудыг нэгтгэсэн. 1911оны хувьсгал бол Чингис хааны алтан ургийнхан нэгдэж дахиж улсаа байгуулаад, улсын удирдах эрхээ Чингис хааны хувилгаан, Өндөр гэгээний хувилгаан наймдугаар Богдыг төр шашны хаан болгон залсан юм. Богд хаанд Чингис хааны алтан ургийнхны орон суурин болсон Хөвчийн Жонон вангийн нутаг буюу Сэцэн хан аймгаас хатан буулгасан. Хатнаа улсын Их дагина хэмээн өргөмжилсөн юм. Бид Богд хаант Монгол улс л гэж хэлээд байгаа болохоос хаан, хатны эрх эн чацуу байжээ. Бараг хатных илүү байсан ч байж болох юм. Их дагинын тухай судалгаа сүүлийн үед хөгжиж байна. Улсын их дагина гэдэг бол бурхны шашны бүх бурхны эх хэмээх алдартай цол юм. 1911 оны энэ өдөр Богд хаан, Их дагина нарт олгосон Соёмбо, Төвд, Монгол үсгээр бичсэн баримт өдгөө Үндэсний номын санд хадгалагдаж байна. Тухайн үед монголчууд Чингис хааны улсыг дахин байгуулж байна гэж үзэж байсан нь энэ гэрчилгээнээс харагддаг. 12 сарын 29 бол балчир гурван ес эхэлсэн жилийн хамгийн хүйтэн үе байдаг. 1911 оны энэ өдөр Богд хааны ордноос Богд хаанаа аваад тухайн үеийн Төрийн шар ордон буюу одоогийн их сургуулийн ойролцоо ирж их том баяр болсон. Энэ өдөр асар хүйтэн байсан учраас техник нь хөлдөөд ганц ч фото зураг үлдээгүй. Өнөөдөр залуус Богдын ордон музейд очих хэрэгтэй. Түүнчлэн цаг агаарыг мэдрээд, тухайн үеийг ургуулаад төсөөлж бодож үзэх учиртай юм".