Эдийн засгийн байнгын хороо Шинэ сэргэлтийн бодлогыг хэлэлцсэн юм. Тогтоолын төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Эдийн засгийн сэргэлтийн бодлогыг дэмжиж байна. Хоёр долоо хоногийн дараа намрын чуулган дуусах гэж байна. Энэ намар 74 хууль хэлэлцэнэ гэж баталсан. Эдийн засаг, хөрөнгө оруулалттай холбоотой нэлээдгүй хууль орж ирэх байсан ч хойш суулаа. Жишээлбэл, Байгаль орчны багц хууль, Газрын багц хууль, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулт, Зөрчлийн тухай хууль, Үнэт цаасны тухай хууль зэрэг хуулиуд байна. Эдгээр хуулиуд энэ намрын чуулганаар хэлэлцэгдээд батлагдсан бол их тус нэмэртэй байсан юм. Одоо энэ хуулиудыг нэг сард өргөн барихгүй бол өргөн барих гэсээр байтал энэ хаврын эдийн засгийн гол мөчлөгийг алдах нь. Үүн дээр Засгийн газар эртхэн оруулж ирж болоогүй юм уу?
Сангийн сайд Б.Жавхлан: Цаг хугацааны хувьд ингэж таарч байна. Хуулиудаа өргөн бариад явна. Их хурал дээр түргэвчилсэн, яаралтай горимоор хэлэлцээд явбал их сайн байна. Гол шаардлагатай, нэн яаралтай зүйлүүд нь нэмэлт өөрчлөлтөд орсон байгаа юм. Иймээс цаг авах харьцангуй бага болов уу гэж бодож байна.