
1986 оны энэ өдөр дэлхий дахиныг цочирдуулсан нэгэн аймшигт осол гарсан нь Украины Чернобылийн атомын цахилгаан станц дээр гарсан осол юм. Энэ нь хүн төрөлхтний түүхэнд гарсан хамгийн аймшигт цөмийн эрчим хүчний үйлдвэрийн осол юм. Олон улсын цөмийн үзэгдлийн хэмжүүрээр долдугаар зэрэглэлд багтах цорын ганц энэ осол болоод яг 30 жил өнгөрчээ.

Тухайн үед Украин нь Зөвлөлт Холбоот Улсын хэсэг болох Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Украин Улс байжээ.

Дулааны хүчний ялгаруулалт ихэссэн явдал дэлбэрэлтийг гаргаж, тэр нь реактоын цөмийг сүйтгэжээ. Эхний дэлбэрэлтийн гол шалтгаан нь шатахуун байсан бол хоёр дахь удаагийн дэлбэрэлтэнд ус төрөгч үүрэг гүйцэтгэжээ. Дэлбэрэлт реакторын тагийг эвдэлсэн учир цацраг идэвхит бодис гадагшилсан юм. Ингээд дэлбэрэлтээс үүдэн гал түймэр ч мөн гарч эхэлжээ. Ойролцох Припять хотоос 100 гал сөнөөгчдийг дуудлаа. Тэд хамгийн их хэмжээний цацрагийн туяаг өөртөө шингээсэн бөгөөд амь үрэгдэнэ гэдэг нь тодорхой болсон юм.

Гал түймрээс болоод цацраг идэвхит бодис агаарт их өндрөөр цацагдан салхинд туугдан явснаас болж ихээхэн хэмжээний нутаг дэвсгэр бохирджээ. Ийм төрлийн гал түймэртэй хэрхэн тэмцэхийг мэдэхгүй байсан учир байдал хүндрэхэд нөлөөлсөн юм. Гал түймрийг унтраахад тусгай бодис цацаж байсан төдийгүй элс болон шавар хэрэглэж байлаа. Хожим нь яг тэдгээр бодис болон элс шавар нь реактор доторхи агаарын хэмийг нэмэгдүүлсэн гэсэн дүгнэлтийг гаргажээ. Гал түймрийг зөвхөн тавдугаар сарын 9-нд унтрааж чадсан билээ.

Энэхүү ослын уршгаар хэдэн арван мянган хүн амь насаа алдаж, Украины Чернобыль хот орчмын нутаг дэвсгэр бүхэлдээ хаягдан цацраг идэвхит хорт бодисоор бохирдсон. Одоо ч гэсэн түүний хор уршиг нь бүрэн дүүрэн арилаагүй байна.

Чернобылийн Форумаас гаргасан 2005 оны судалгаанд дэлбэрэлтээс болж 50 хүн нас барсны дийлэнх нь станцын ажилчид байсан гэжээ. Гэвч дэлбэрэлтийн дараах цацраг идэвхит бодисын нөлөөгөөр 9000 гаруй хүн амиа алдсан гэж уг судалгаанд дурдсан юм. Харин байгаль орчныг хамгаалахын төлөөх “Greenpeace” байгууллагын судалгаа энэ тоог 93,000 гэж баталжээ.

Дэлбэрэлт болохоос өмнө Чернобыль хот 60 мянган оршин суугчтай байсан ч өдгөө 180 иргэн л үлджээ. Тэдний ихэнхи нь 80 хол давсан хөгшүүл байдаг аж.

Дэлбэрэлтийн дараах хорт туяа нь ойролцоох улсуудад ч мөн их хэмжээний гарз хохирол учруулжээ. Европын эрүүл мэндийн байгууллагууд эмэгтэйчүүдийг хөл хүнд болохгүй байхыг сануулж, хөл хүнд эмэгтэйчүүдийг аборт хийлгэхийг зөвлөж байжээ. Учир нь ослоос үлдсэн цацраг туяа урагт нөлөөлж, буруу хөгжилтэй хүүхэд төрөх болжээ. Өнөөдөр 30 жил өнгөрсөн ч цацраг туяа идэвхитэй байсаар, төрөлтийн гажигтай, хорт хавдартай хүүхдүүд төрсөөр байгаа юм.


Цацрагт хордсон эцэг эхээс мэндэлсэн 150 гаруй хүүхэд асрах цэцэрлэгт эмчлүүлж байна. Тэдгээрийг "Чернобылягийн хүүхдүүд" сангаас анхаарч ханддаг гэнэ.

Дэлбэрэлт хэдий 30 жилийн өмнө болсон ч одоог хүртэл хор хөнөөлтэй хэвээр байна. Хүүхдүүд цацраг идэвхит туяанд хордож, хорт хавдартай, тахир дутуу төрж шаналсаар байна.


Уг ослоос болж олон арван хүүхэд эхээс мэндлэхдээ тахир дутуу, өвчтэй төржээ.

Дэлбэрэлтээс дөрвөн жилийн дараа мэндэлсэн охин төрөхдөө хорт хавдартай байжээ.

Хүүхэд төдийгүй мал амьтан ч генийн өөрчлөлттэй төрөх болжээ.

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 26-ний өдөр төрөл төрөгсдөө ослын улмаас алдсан хүмүүс цуглаж залбирдаг ажээ.
