Хан-Уул дүүргийн Прокурорын газраас яллагдагч Н.Түвшинбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг тус дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.
Шүүхээс яллагдагч Н.Түвшинбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Энэ талаар шүүгдэгч Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров мэдээлэл өглөө. Тэрээр "Хэргийг хянаад, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзлээ. Улмаар прокурорт хүргүүлсэн. Түвшинбаярын тухайд гэм буруутай гэдэг дээрээ маргаагүй байхгүй. Гарсан хохирлыг төлж, барагдуулж байгаа. Одоогоор 3 тэрбум төгрөгийн хохирол төлж, барагдуулсан. Цаашдаа ч шаардлагатай хохирлыг төлнө. Н.Түвшинбаяр хийсэн хэрэгтээ маш их харамсаж байгаа. Хамгийн гол нь хохирогчийн эрүүл мэндэд их санаа зовж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагад хохирол барагдуулахгүй байгаа гэж мэдээлээд байгаа нь үндэслэлгүй. Шаардлагатай бүх зардлыг төлж барагдуулж байгаа" гэлээ.
Харин хохирогч Э.Энхбатын ар гэрийнхний өмгөөлөгч О.Санчирбал "Нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хүсэлтийг хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс би гаргасан. Үүнийг шүүх хүлээж авч прокурорт буцаалаа. Мөрдөн шалгах ажиллагаа дахиад хийгдэнэ гэсэн үг. Тиймээс бусад мэдээллийг өгөх боломжгүй. Хохирогчийн хувьд эх орондоо ирээд эмчлүүлж байна" гэв.