Коронавирусийн Омикрон хувилбар хөнгөн хэлбэрээр өвчлүүлдэг нь эхний судалгаануудын үр дүнгээс харагджээ. Тус хувилбарыг судалсан эхний ажлуудын тайлан өчигдөр Их Британи, Өмнөд Африк улсад нийтлэгджээ. Омикрон нь коронавирусийн бусад бүх хувилбаруудтай харьцуулахад хүндээр өвчлүүлэх магадлал багатай гэнэ. Хэдийгээр хөнгөн өвчлүүлдэг хэдий ч тархах чадвар өндөр учраас эмнэлгүүдийн ачаалалыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байгаа талаар судлаачид хэлж байна. Их Британи улсад омикрон хувилбарын вирус тархаж буй. Үүнтэй холбоотойгоор тус улсад цар тахал гарснаас хойш нэг өдөрт бүртгэгдэх халдварын тоо анх удаа 100 мянга давжээ. Шотландад явуулсан судалгааны үр дүнгээс харвал дельта хувилбарын тархалт эхлээд тодорхой хугацаанд 47 хүнийг хүндээр өвчлүүлж байсан бол ижил хугацаанд тархахдаа омикрон хувилбар 15 хүнийг хүндээр өвчлүүлжээ. Өөрөөр хэлбэл дельтатай харьцуулахад омикрон нь 60 гаруй хувиар цөөн хүнийг хүндээр өвчлүүлж байгаа нь харагджээ.
Эдинбургийн Их Сургуулийн профессор Марк Вүүдхаус “Шинэ хувилбар хөнгөн хэлбэрээр өвчлүүлж буй нь сайн хэрэг. Гэхдээ халдвар авсан бүх хүн ядаж нэг удаа эмнэлэгт хандвал манай эрүүл мэндийн системд маш их ачаалал ирнэ” гэж ярьжээ.
Өмнөд Африкийн Халдварт Өвчин Судлалын Үндэсний Хүрээлэнгийн профессор Шерил Коэн “Бидний цуглуулсан тоо баримтаас омикрон хувилбар бусад хувилбаруудтай харьцуулахад хүмүүсийг хөнгөн өвчлүүлдэг нь ажиглагдаж байна” гэж хэлжээ.
Лондон Империал Коллежийн судлаачид математик загварчлал гаргаж үзээд ямар ч дархлаагүй хүн омикрон хувилбараар өвчлөхөд хүндрэх магадлал нь дельтатай харьцуулахад 11 хувиар бага байна гэж тооцоолсон байна. Харин дархлаажуулалтад хамрагдсан хүмүүсийн хувьд 25-30 хувиар бага байх бол эмнэлэгт нэгээс илүү хоног хэвтэж эмчлүүлэх магадлал 40 хувиар бага байна гэж тооцоолжээ. Омикрон хувилбарын онцлогийг харуулсан илүү дэлгэрэнгүй судалгааны тайланг Их Британийн засгийн газрын Эрүүлийг Хамгаалах Агентлаг удахгүй нийтэд танилцуулах гэж байгаа юм.