Хятад улс эдийн засгийн өсөлтөө ахиулах зорилгоор нүүрсээр ажиллагч цахилгаан станцууд шинээр барихаар зэхэж байна. Өнгөрөгч даваа гарагт Бээжин нүүрсээр ажиллагч 200 цахилгаан үүсгүүрийг 2018 онд шинээр барихаар төлөвлөж буйгаа мэдэгджээ. Ингэснээр Хятад хүлэмжийн хий ялгаруулалтаараа дэлхийд тэргүүлэх юм.
Дээрх мэдэгдэлтэй зэрэгцэн олон улсын ажиглагчид Хятадыг түүхэн шийдвэрээсээ буцлаа хэмээн бичиж байна. Учир нь Дэлхийн дулаарлыг үүсгэж буй гол хүчин зүйлийн нэг болох хүлэмжийн хийн ялгаралтын хамгийн том бүрэлдэхүүн хэсэг нь нүүрсхүчлийн хийн ялгаралт. Тэгвэл агаарт ялгарч буй нүүрстөрөгчийн давхар ислийн 30 хувийг Хятад улс дангаараа гаргадаг. Тиймдээ ч дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 20 хотын 16 нь Хятадад байдаг бөгөөд Ази тивийн нийт хорт утаа, агаарын бохирдлын 80 хувь өмнөд хөршөөс гарч байна.
Харин 2014 оны арваннэгдүгээр сард болсон АПЕК-ийн уулзалтын үеэр АНУ-тай уур амьсгалын гэрээнд гарын үсэг зурахдаа Хятад улс нүүрсхүчлийн хийн ялгаралтыг 2030 он гэхэд энгийн түвшинд аваачна гэх амлалт өгсөн. Тус улсын эрх баригчдаас шалтгаалж энэ хугацааг 2020 он болгон нааш татах боломжтой гэдгийг тухайн үед судлаачид дурдаж байсан. Түүнчлэн АНУ-ын Нью-Йорк хотод энэ сарын 22-нд 175 орны удирдагч уулзан, уур амьсгалын өөрчлөлтийн тухай чуулж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд шууд нөлөө үзүүлж буй нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах зорилт тавьсан.
Гэтэл Хятад улс эдийн засгаа өсгөхийн тулд 2030 он гэхэд хүлэмжийн хий ялгаруулалтаараа дэлхийд тэргүүлэх зорилт тавилаа. Энэ талаар “Хятадын гол цахилгаан үүсгүүр нь шинээр байгуулах нүүрсээр ажиллах цахилгаан станц байх болно” гэж Байгаль орчин хамгаалах Гринпис байгууллагын төлөөлөгч Милливирта хэлсэн байна. Түүнчлэн тэрээр “Хятад улс хэрээсээ хэтэрсэн зүйл хийх гэж байна. Үүнээс улбаалж гарах үр дүнг урьдчилан хэлэх боломжгүй юм. Тэднийг хариуцлага хүлээж чадах эсэхэд эргэлзэж байна” гэдгийг онцлон хэлсэн байна. Нийт 105 гигаватын хүчин чадал бүхий цахилгааны үүсгүүр нь Их Британийн эрчим хүчний нийт үүсвэрээс ч давсан үзүүлэлт аж. “Энэ бол маш их хэмжээний хүчин чадал. Зүгээр ч нэг их биш, маш хэмжээний, юунд ч хүрч болох хэмжээ” гэж IHS фирмийн нүүрсний мэргэжилтэн Боб Хэж хэлжээ.
Хятад улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох олон улсын шийдвэрт нэгдэж, хүлэмжийн хий ялгаруулалтын эсрэг эрчимтэй арга хэмжээ авна гэж байсан саяхны амлалтаасаа буцаж "хүлэмжийн хий ялгаруулалтаараа тэргүүлэгч орон" болохоо зарлан тунхаглалаа.

