
Зандаахүүгийн Энхболд хэмээх шавилхан залуу Төрийн өмчийн хорооны даргаар томилогдон ирж байсан тэр үеийг Монголын ард түмэн сайн санаж буй. З.Энхболд хэмээх улс төрчийн замналыг монголчууд мэднэ. Харин хувь хүнийхээ хувьд өдий болтол нээгдээгүй улс төрчдийн нэг нь тэр яах аргагүй мөн.
Одоо цагийн улс төрийн бодлого тодорхойлогчдын тэргүүн эгнээнд нэрлэгдэх энэ эрхэм Ийгл ньюс телевизийн "Бүрэн зураглал"цогц хөтөлбөрийн хоёр дахь зочин редактороор ажилласан юм. Энэ удаад тэр УИХ-ын даргын хувиар ч бус, АН-ын даргын хувиар ч бус Ерөнхий редакторын хувиар Ийглийн мэдээний өрөөнд хөл тавьлаа.
Өглөөний шуурхай
“Энэ нийгэмд зөндөө гэрэлтэй мэдээлэл байна...” гэсэн үгээр Ийглийн шуурхай эхлэв. Бүрэн зураглалын энэ дугаарын чиг шугам ч тодорхой болов. З.Энхболд редактор сэтгүүлчдэд цахим засаглал, зээл буюу өргүй явж болох уу, үйлдвэрлэлййг дэмжих хууль ба ханш, найман хувийн зээл, бөмбөгтэй хокейн тамирчдын гаргасан амжилт буюу багийн спортын тухай, киноны тухай, монгол контентын тухай, хятадын телевизийн Алсыг харах тэмцээнд түрүүлсэн Монгол гэр бүл буюу “Монгол төрийн алсын харааны тухай” гэсэн найман сэдвийг хувиарлаж өгөв. Энэ дугаарт бид З.Энхболд редакторын удирдсан Бүрэн зураглал цогц хөтөлбөрийн зарим чухал агшин, хэлэлцүүлгийг тоймлон хүргэж байна.
Хөгжим бүтээгчдийн өмнөх шинэ боломж
Цахим ертөнц хөгжмийн зах зээлийг орвонгоор нь өөрчилж буй нь шинэ боломж гэдэгтэй хэлэлцүүлэгт ирсэн хүмүүс санал нийлж байлаа. Дуучин Бажи, Kush нар itunes дэх өөрийн бүтээлүүдээсээ санал болгож, УИХ-ын дарга заримаас нь худалдан авав.
З.Энхболд: Хөгжмийн хувьд би наяад ондоо гацчихсан хүн. Би 1985 оноос хойш пянз сонсоогүй. Пянз маш их үнэтэй учраас авсан пянзаа дамран магнитафонд хурааж авчихаад буцаагаад зарчихдаг байлаа. Тэгээд CD гарах үед дамар маань хэнд ч хэрэггүй болсон л доо. Гэнэт нэг л өдөр зузаан CD-ний цуглуулга маань ipod-нд багтаад орчихлоо. Одоо бүр онлайн болчихлоо. Хөгжмийг түгээх бүхэл бүтэн түүхийн олон сая гэрчийн нэг нь л би юм.
Слайд компанийн захирал P.Энхтөр: itunes албан ёсны хэрэглээ болсон нь юун түрүүн тээвэрлэлт гэсэн үйл явцыг байхгүй болгочихсон.
Новасофт компанийн маркетингийн мэргэжилтэн Наранмөнх: Технологи хөгжсөнөөр тухайн бүтээлийг хэдэн хүн таашааж үзсэнийг мэдээд зогсохгүй, коммент зэргээр дамжаад илүү амьд харилцаа үүсэж байна. Үүнээс гадна сонсох төхөөрөмж хөгжмийн дуугаралтанд их үүрэгтэй болсон учраас Apple саяхан beats-ийг худалдаж авлаа шүү дээ.

Люмино хамтлагийн дуучин Бажи: Миний хувьд бол аналоги дуугаралтдаа илүү дуртай. Энд үнэн цэнэ гэж нэг зүйл байна. Бичих үйл явц ч гэсэн илүү амьд. Одооных шиг дахилтаа зөөгөөд тавьчихна гэсэн ойлголт байхгүй. Бадаг болгон дээр дахилтаа яг л адилхан дуулах хэрэгтэй цаг үе байжээ. Надад жишээ нь Майкл Жексоны бүх цомог байгаа. Технологийн дэвшил олон зүйлийг өөрчилж байгаа ч сонирхолтой гоё юм нь байхгүй болчихсон санагддаг.
Тоо баримт: 2015 он бол нэг сая CD зарагдаагүй анхны жил. Гэтэл бидний багад бол тийм ч алдартай, сайн цомог биш хэрнээ нэг сая хувийг богино хугацаанд зарчихдаг байжээ.
Гэтэл сүүлийн жилүүдэд уран бүтээлчид CD-нээс мөнгө олохоо больсон. Хүмүүс тоглолт өмнөхөөс илүү их үздэг, тийм ч учраас тоглох тоо ч олширчихоод байна. Гэхдээ Аделийн цомог 3 саяыг давж зарагдсан нь прадокс. Манайд ч бас оригиналь CD жилд 100 мянга зарагддаг үе байсан. Гэтэл зах дээр зарагддаг хулхи нь 1 сая хувь хүрдэг. Үүнтэй бид нэлээд тэмцсэн. Гэхдээ үр дүнд хүрсэн юм бага л даа.
Kush & Oyuka жазз хамтлагийн дуучин Кush: Бид таван жилийн өмнө цомгоо itunes-т тавьсан. Швейцарь дуучны зөвлөгөөгөөр анх онлайнд дистрюбьютор хийдэг компаниар дамжуулан тавьж байлаа. Тэндээс нэлээдгүй хүмүүс авсан. Харин бодит CD-ний борлуулалт 20 хувьтай л байсан байх.
З.Энхболд: Хүмүүс цахимаар явж байгаа хөгжийг дуугаралт муутай гэж ярьдаг. Хурд муу, хард үнэтэй байсан учраасм itunes-ийн эхэн үеийн түгээлт одоогийнхоос чанар муутай байсан. Интернетийн хурд сайжрах тусам дуугарлтын ялгаа алга болно.
Эх орончдыг холоос хайх хэрэггүй

Редактор З.Энхболдын дараагийн сөхсөн сэдэв нь шинэ үеийн монгол цэргийн тухай байлаа. Уг ярилцлагын зочноор 12 жилийн өмнө 2004 оны 2-р сарын 18-ны үүрээр Ирак дахь эвслийн цэргийн хүчний “Чарли” бааз руу тэсрэх бодис ачсан машинтай халдсан амиа золиослогчийн үйлдлийг таслан зогсоож, 8 улсын 2000 цэргийн амийг аварч гавьяа байгуулсан Г.Аззаяа, Ш.Самбуу-Ёндон нар болон УИХ-ын гишүүн Х.Баттулга нар оролцсон юм.
НҮБ-ын гэрээ дүрэм журмын дагуу бид ертөнцийн хаана асуудал үүссэн байна тэнд очиж энхийг сахиулж байгаа. Манай улсын аюулгүй байдалд аюул учирхад энэ хөвгүүдийнхээ нүүрээр эргэж тусламж гуйна. Энэ бол гадаад бодлого. Давхардсан тоогоор 10 мянган залуу энхийг сахиулжээ.
Энэ жил 6000 цэрэг илүү татаж, хүнд машин механизмийн оператор зэрэг мэргэжил олгож, бүтээн байгуулалтанд гар бие оролцуулах зорилгоор төсөвт 24 тэрбум нэмж суулгасан билээ. Энэхүү “Монгол цэрэг бүтээн байгуулалт” хөтөлбөрийн автор УИХ-ын гишүүн Х.Баттулга, “НҮБ-ын гэрээ дүрэм журмын дагуу бид ертөнцийн хаана асуудал үүссэн байна тэнд очиж энхийг сахиулж байгаа. Манай улсын аюулгүй байдалд аюул учирхад энэ хөвгүүдийнхээ нүүрээр эргэж тусламж гуйна. Энэ бол гадаад бодлого. Давхардсан тоогоор 10 мянган залуу энхийг сахиулжээ. Гэтэл ажилгүй залуучууд маань хэд байгаа билээ. Энэ ажилгүйчүүдийн армийг л бүтээн байгуулалтандаа татан оролцуулъя гэсэн хөтөлбөрийг бид яриад байгаа. Өнөөдөр бид 80-100 мянган гадны иргэдийг ажилд авч бүтээн байгуулалтаа хийлгэж байна. Барилгын салбар гэдэг өөрөө улирлын чанартай учраас байнгын ажлын байр олгоход төвөгтэй. Тийм учраас хамгийн амар нь хятадуулыг оруулж ирээд бариулчих арга” гэж ярилаа.

Г.Аззаяа: Ер нь энэ улс оронд ажилгүй залуучууд маш олон байгаа. Эд нар маань ажил хий ёстой, өөрийнхөө үүргийг ухамсарласан байх ёстой, улс эх орноо хөгжүүлэхийн төлөө өөрийгөө зориулах ёстой. Зүгээр л яриад яваад байдаг, ажлыг голж шилдэг залуучууд маш олон байгаа. Нэгэнт л эх орондоо тангараг өргөсөн учраас ажил хөдөлмөрөөс шантраад байх залуу хүн гарна гэж би бодохгүй байна.
З.Энхболд: Монгол цэрэг хөтөлбөр залууст амьдралаа төлөвлөх зөв явах боломж өгч байгаа. Тэгээд ч төрийн албан хаагч болъё гэвэл цэргийн албыг биечлэн хаасан байх хууль УИХ баталсан байгаа.
Киноны аж үйлдвэр
З.Энхболд: Ухаантай улсууд зөвхөн уул уурхай биш олон аж үйлдвэр хөгжүүлж байна. Тэрний нэг нь киноны аж үйлдвэр. Унгар улс 1990 онд манайхтай л адилхан эхэлсэн. Гэтэл дэлхийн хамгийн том кинонуудыг өөр дээрээ хүлээн авч хийдэг аж үйлдвэрийн салбар болгоод хөгжүүлчихжээ.
Жүжигчин Б.Амарсайхан: Марко Поло дээр Оскарын шагналтай зураач Аригбөхийн өмсөх дээлийг энгэрээрээ бүстэй хийчихсэн байсан. Тэгээд би хэлсэн юм л даа. Монголчууд одоо болтол дээлээ өмсөж байгаа. Гэтэл таны дээл буруу байна гэж багагүй учирласан. Намайг ийм хувцастай тогловол Монголчууд чулуугаар шилэж ална гэж хэлж үзлээ. Гэтэл найруулагч орж ирээд миний саналыг сонсчихоод зураачаа шууд сольсон. Тэр хүн Оскартай эсэх нь хамаагүй. Гол нь гүйцэтгэл чухал юм билээ.
З.Энхболд: Засгийн газар киноны тухай хууль боловсруулж байгаа. Ер нь гадны томоохон кино төслүүд улс орнуулын киноны хуулийг сөхөж, татварын урамшууллын хэсгийг нь харьцуулж хардаг байна. Тэрэн дотор нь л Монголын нөхцөл торойж байвал нааш зорьж ирнэ.
Би “Бодлын хулгайч” киногоо алдсаны дараахан Меркури захын үүдэнд сууж байтал нэг ах CD барьж хүрч ирсэнээ намайг таниад сүйд боллоо. “Ах нь чиний киног 10 өдөр зарлаа. Дөрвөн сая төгрөг хийлээ” гэж хэлж байсан.
Жүжигчин Б.Амарсайхан: Киноны хуулийг уран бүтээлчид их таатай хүлээж авч байгаа. Тусгаж өгмөөр хэд хэдэн чухал зүйл байгаагийн нэг нь оюуны өмчийн хулгай. Кино алдагдсанаас болж нэг баг болж ажилласан маш олон хүний амьдрал асуудалд ордог. Шатдаг. Үүнийг зөрчилийн хуулиар биш эрүүгийн хуулиар шийтгэдэг болмоор байна. Би “Бодлын хулгайч” киногоо алдсаны дараахан Меркури захын үүдэнд сууж байтал нэг ах CD барьж хүрч ирсэнээ намайг таниад сүйд боллоо. “Ах нь чиний киног 10 өдөр зарлаа. Дөрвөн сая төгрөг хийлээ” гэж хэлж байсан.

Монголчууд бидэнд Netflix гэх мэтийн үйлчилгээнүүд том боломж нээж өгч байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа. Манай дотоодод ч IP телевизүүдээс эхлээд Netflix-тэй төстэй хэд хэдэн үйлчилгээ нэвтрээд байгаа билээ. Өмнөх хэлэлцүүлэгт оролцсон дуучдын адил онлайн түгээлтийн үйлчилгээний шалгууруудыг давж л чадвал заавал кино театрын том гэрээ шаардлагагүй дэлхийд гарах технологийн орчин хэдийнэ бүрдсэнийг зочин редактор З.Энхболд сануулж байв.
Найруулагч Д.Төрмөнх: Кино урлагийг дэмжих сангийн тухай бид багагүй удаан ярьж байгаа. Манайд Засгийн газрын дэргэдэх сангийн тухай тусгай хууль ч бий. Гэтэл манай Орос ах нар яг ийм сан нэлээд олныг байгуулууд бараг бүгд дампуурчихсан туршлага байна. Учир нь тэдгээр сангууд нь төрийн байгууллагуудаа дэргэд байгуулсанаас болсон байгаа юм. Ганц амжилттай яваа Централ партнершип нь Төв телевизийн дэргэд байж байгаад алсдаа хувийн болсон гэдэг юм. Гадны ихэнх сангууд кино театртай, дээр нь киногоо бодлогоор дэмждэг юм билээ. Дэмжихдээ гадаад улстай хамтарсан төслүүдийг юун түрүүнд дэмждэг гэж байгаа.
“Монгол кино” нэгтгэлийн захирал Ж.Солонго: 22 мянган долларын төсөвтэй “Ингэн нулимс” кино Мюнхений кино академийн 7 жилийн төсвийг олж чадсан гэдэг. “Ингэн нулимс”-ыг Оскарт дэвшүүлэхийн тулд Монголд заавал гаргасан байх ёстой гэсэн шаардлага тавигдсан. Гэтэл манайхан үзээгүй. Аргаа бараад автобусаар хүмүүс үнэгүй зөөж дөрөв үзүүлж байж шаардлагыг нь хангаж байлаа.
Сум болгонд төр соёлын төв ажиллуулдаг. 21 аймгийн кино театр үүн дээр нэмэгдэнэ. Энэ бүхэнд тав дахь өдөр болгон сансарын сүлжээ ашиглаад шинэ кино өгье гэсэн санааг УИХ-ын дарга өгүүлэв. Кино үйлдвэрийн дарга Ж.Солонгын ярьж буйгаар бол сумдын соёлын төвүүдэд жилд дунджаар 10 тэрбум 800 саяыг өгч байгаа. Энэ мөнгөнөөс улсын санд 280 сая төгрөг л эргэж ордог. Энэ үрэлгэн атлаа нүсэр бүтцийг амилуулах арга нь хааяа нэг очиж билет тасалдаг нийтийн дуучид биш, нийтийн бүжиг бол бүр биш, кино урлаг харин байж болох юм. Дуу дүрсний сайн төхөөрөмж суурилуулсан нэг удаагийн хөрөнгө оруулалт хийгээд шинэ кино бүр 300 гаруй дэлгэцээр гарч байг гэсэн санаа БҮРЭН ЗУРАГЛАЛын энэ хэсгээс гарлаа. Манайд сумын төвүүд дээр өдгөө 1 100 000 хүн амьдарч байгаа.
“Америкийн хамгийн том экспорт юу вэ” гэж багш асуухад хариулах оюутан гараагүй. Америк оюутнууд ч өөрсдөө мэдэхгүй. Гэтэл тэр нь Холливүүд байсан.
З.Энхболд: Денверийн их сургуульд сурч байхад “Америкийн хамгийн том экспорт юу вэ” гэж багш асуухад хариулах оюутан гараагүй. Америк оюутнууд ч өөрсдөө мэдэхгүй. Гэтэл тэр нь Холливүүд байсан.
Жүжигчин Б.Амарсайхан: Манай дарга нар том айлчлал, улс орныг сурталчлах экспод оролцохдоо хэдэн морин хуурч хөөмийч л дагуулдаг. Гэтэл тэр айлчлалаас өмнө Монгол кинонуудаа тэндэхийн кино театрт тусгай өдөрлөг хийж гаргаад, тэгж чаддаггүй юм гэхэд яаж баримтат киногоо телевизээр нь гаргамаар санагддаг юм.
Хөдөө аж ахуй дахь шинэ боломжууд...

Бүрэн зураглалын дараагийн зочид ХАА-н сайд Р.Бурмаа, Хэнтий аймгийн Жаргалантхаан сумын харьяат Гавьяат малчин Г.Сампил, ХАА-н бизнест хөл тавиад удаагүй буй Асашёрью Дагвадорж нар байв.
Асашёрью Дагвадорж монгол малын ашиг шимээр гоо сайхны бүтээгдэхүүн хийж Японд гаргаж буйгаа танилцууллаа. Салбарын сайд ч ХАА-н гаралтай цөөнгүй бүтээгдэхүүн авчирснаа танилцуулж байлаа. Монгол адууны өөхөөр Японд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлээд буйг салбарын сайд нь хэлж байлаа.
З.Энхболд: Сүүлийн 90 жил зөвхөн Орос гэдэг улс руу мах гаргадаг байлаа. Харин энэ жилээс урд хөрш рүүгээ хөлдөөсөн мах гаргадаг болж байна.
Гавьяат малчин Г.Сампил: Малчин хүний хөдөлмөрийг мэргэжлийн түвшинд үнэлж, үнэмлэх, диплом олгодог болсон, малчидыг хуулийн этгээд болгож, данс тамгатай болгосон, малчидын зээлийг буулгасан нь ч бидэнд үйлдвэрлэлээ өргөжүүлж энэ салбар цаашид хөгжих боломжтой, төр нь анхаарч байна гэсэн итгэл төрүүлж байгаа.
Алтны үнэ, зэсийн үнэ, нүүрсний үнэ унадаг, өсдөг. Харин үнэ нь унадаггүй ганц л төрлийн бараа бий. Тэр нь хүнсний бүтээгдэхүүн. Зочин редактор З.Энхболдын олж харсанаар бол Монголчууд тансаг хэрэглээний хүнс үйлдвэрлэж байж л дэлхийд гарч ирэх боломжтой аж. Олон саяар нь зэрэг үйлдвэрлэдэг Австрали, Европын ХАА-н өөдөөс өргөн хэрэглээний түвшинд өрсөлдөх нь бүтэшгүй ажил гэж тэр хэлж байв.
ХХАА-н сайд Р.Бурмаа: Хятад руу дулаан аргаар боловсруулсан мах гаргах эрхийг 8 үйлдвэр, түүхий мах гаргах эрхийг 3 үйлдвэр одоогоор аваад байна. Вьетнам руу ч мөн 8 үйлдвэр гаргах боломжтой байгаа. Чингис бонд, Үнэ тогтворуулах хөтөлбөрийн хүрээнд олгогдсон зээлээр манай агуулах, үйлдвэрлэгчдийн хүчин чадал мэдэгдэхүйц нэмэгдсэн.
Малчдын нийгмийн даатгал төлсөн нэг жилийг 1.2 жилээр тооцож, хөдөлмөрийн нөхцөлийг нь хүндэд тооцож эрт тэтгэвэрт гаргах зэрэг төрийн шууд бус халамж, дэмжлэгийг үзүүлсний үр дүнд сүүлийн есөн жилд тогтмол буурч ирсэн малчин өрхийн тоо өнгөрсөн хоёр жилд 9000-гаар нэмэгдсэн аж. Хаана амьдрал байнав. Хүн тийш зорьдог нь амьдралын хууль. Хөдөөд амьдрах боломж арай л илүү болж буй талаар сайн мэдээг БҮРЭН ЗУРАГлалын энэ хэсгээс олж үзэх боломжтой байв.
Төмөрийн мөрөөр түүхийн үнэн тодорно

Пулитцерийн шагналт Жаред Диамонд гэгч эрхэмийн номыг зочин редактор нэвтрүүлгийн хоёр ч хэсэгт онцолсон юм. Хүн төрөлхтний хөгжилд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн зүйлсийн эхний гуравт буу, вирус, ган төмөрийг уг номын зохиолч нэрлэжээ. Зочин редакторын дараагийн зочин болох археологич, профессор Д.Эрдэнэбаатар энэ санааг зөвшөөрч байв. Тэгэхээр зогсохгүй Монголчуудын өвөг дээдэс метал боловсруулж чаддаг байсан учраас хэдэн үедээ байлдан дагуулал хийж чадсан байх магадлалтай хэмээсэн юм.
Профессор Д.Эрдэнэбаатар: Өрнөд, Оросын судлаачдын нэг хэсэг нь нүүдэлчид бол бүдүүлэг, аливааг бүтээдэггүй, булааж дээрэмдэж ирсэн гэж мэтээр бичдэг цаг үе байлаа. Манай археологичдын Эгийн голын хөндийгөөс 1994 онд олсон, түүнээс хоёр жилийн өмнө Эмгэнт хошуунаас олсон цэргийн дуулгыг Оросод ч, Монголд ч химийн үүднээс шинжилж үзсэн. Хариу нь таарсан. Эрдэнэтийн зэсийнхтэй ажил чанартай зэсээр хийсэн нь тогтоогдсон. Хүннү нар хүрэл болосруулсан нь төв азийн нүүдэлчид цаашид олон үеэр байлдаг дагуулал хийхийн үндэс байсан гэж үзэж болно. Аврага тосонгийн төмөр боловсруулах газрын үлдэл, 1970-аад онд Хархориноос олдсон, орчин үеийн технологиор хайлахад ч хэцүү ширэм гээд Монголчууд төмөр ширээж чаддаг байсны нотолгоо олон.
Нүүдлийн соёл иргэншил бүдүүлэг, харанхуй ертөнц байсан гэдэгт дэлхий даяараа эргэлзэж байгааг Д.Эрдэнэбаатар онцолсон. ЮНЕСКО чухам ийм л шалтгаанаар нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэн байгуулсан. Манай нутгаас салхитай газар метал хайуулах зуухны үлдэл ихээр олддог. Сяньбийн үеийн алтан бүс хүрэлийг давхарласан технологитой бол, хагас килограм жинтэй сумын зэв ч олддог байна. Энэ мэтийн археологийн олдворууд бидний өвөг дээдсийг бүдүүлэг нүүдэлчнээр нь дууддаг байсан өрнийн ертөнцийг алмайруулсаар байна.
Тодорхой бүс нутаг дотроо л аж ахуйн чанартай нүүдэл хийдэг болохоос цыганууд, эсвэл Арабын нүүдэлчид шиг уйдахаараа хаа сайгүй тэнээд явчихдаг ард түмэн биш.
Профессор Д.Эрдэнэбаатар: Манай нүүдэлчдийг хаа сайгүй нүүгээд явдаг байсан юм шиг ойлгодог. Энэ бол ташаарал. Тодорхой бүс нутаг дотроо л аж ахуйн чанартай нүүдэл хийдэг болохоос цыганууд, эсвэл Арабын нүүдэлчид шиг уйдахаараа хаа сайгүй тэнээд явчихдаг ард түмэн биш.
Монголын дөрвөн бүс нутгаас олдсон хүрэл эдлэлүүдэд манай судлаачид задлан шинжилгээ хийж үзэхэд яг одоогийн ордуудаас авч байсан нь үндсэндээ тодорхой болжээ. Оюутолгойгоос л гэхэд төмөрлөг хайлуулах зуухны үлдэл олдож байжээ.