Өнөөдөр Ерөнхийлөгчийн тамгын газар, БШУЯ-аас "Илгээлт 2100" хөтөлбөрийн үйл явцын талаар мэдээлэл өглөө.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг сурагчийг сонгож дэлхийн шилдэг их дээд сургуулиудад суралцуулах Ерөнхийлөгчийн нэрэмжит "XXI зууны Монголын ирээдүй 2100" оюутан хөтөлбөр өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Өнөөдрөөс хэрэгжиж байгаа гэдгийн учир юу вэ гэвэл Ерөнхийлөгчийн зарлиг наймдугаар сарын 27-нд гарсан. Тус зарлигийн дагуу оюутны тэтгэлгийн зээлийн журам өөрчлөгдсөн. Тус журмын хүрээнд энэ жил ЭЕШ-д оролцсон хүүхдүүдээс хамгийн өндөр оноо авч тэргүүлсэн хүүхдүүдийг сонгон шалгаруулж байгаа. 330 сум, 170 хорооноос 428 хүүхдийг баталгаажуулж өнөөдөр зарлаж байна. Тус журамд зааснаар харьяалагдаж буй сум хорооныхоо хамран тойрох сургуульд сүүлийн гурван жилээс багагүй хугацаанд суралцсан байх, математик болон гадаад хэлний ЭЕШ-ын шалгалтад тэргүүлсэн хүүхэд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзлоо биелүүлж байгаа юм. Энэ хөтөлбөр хоёр үе шаттай хэрэгжинэ. Нэгдүгээрт, төрийн өмчийн их, дээд сургуулиудад БШУЯ-ны баталсан хэлний бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийнэ. Ингээд хавар хэлний шалгалтуудаа өгөөд эрэмбэлэгдэж, дэлхийн тэргүүлэх их дээд сургуулиудад сурах боломж нь нээгдэх юм. Хүүхэд үлдэж, хоцрохгүй. Монгол Улс жилдээ Засгийн газар хоорондын тэтгэлгээр 1200 оюутан сургадаг. Тийм учраас ирэх хаврын 1200 тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах хүүхдүүдийн тоонд 428 хүүхэд багтах юм. Зарим тэтгэлэгт хөтөлбөр одоо зарлагдаж байна. Энэ хүүхдүүдийг тэтгэлэг зарлагдсан улсад өөрийнх нь хүсэж байгаа мэргэжлээр сургах, Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөрт 100 хувь хамруулж ажиллана. Жилд 1200 хүүхэд Засгийн газрын тэтгэлгээр суралцахад 1100 орчим нь Улаагнбаатар хотоос сонгогддог юм байна. Тэгэхээр "Илгээлт 2100" хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр 1200 хүүхдээс 30-40 хувь нь хөдөө орон нутгаас дэлхийн шилдэг сургуулиудад суралцах боломжийг нээж байгаагаараа онцлогтой. Боловсролын зээлийн сангаас олон зээл, тэтгэлэг, хөнгөлөлтүүд өгдөг. Дэлхийн их дээд сургуулиудад явж байгаа хүүхдүүдийг ямар шалгуураар сонгон шалгаруулж байгаа вэ гэдэг асуудал хамгийн их хардлага дагуулдаг. Үүнд тодорхой шалгуур байдаг. Бакалаврын 100 хүрэхгүй оюутанд Боловсролын зээлийн сангийн 50 орчим хувь буюу 15-18 тэрбум төгрөг жил бүр зарцуулагддаг. Цаашдаа бакалаврын сургалтыг зөвхөн Ерөнхийлөгчийн тэтгэлэг авч буй 501 хүүхдийн түвшинд явуулах нь үр дүнтэй юм гэж үзэж байгаа. Харин магистр, докторын сургалтад Боловсролын зээлийн сангаас сургах нь үр дүнтэй" гэлээ.
Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Лодойравсал "Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрийн зорилго нь ижил орчин, нөхцөлд суралцсан хүүхдүүдийг өрсөлдүүлж хамгийн шилдэгийг нь шалгаруулж байгаа. Ингэж шалгаруулахад хамгийн найдвартай шалгалт бол элсэлтийн ерөнхий шалгалт. Тэр утгаараа ЭЕШ-ын математик болон гадаад хэлний шалгалтын дунджаар эрэмбэлэж байгаа юм. Системээс гаргаж авсан жагсаалтаа нийслэл болон аймгийн боловсролын газруудад баталгаажуулж эхний 428 хүүхдээ ийнхүү зарлаж байна. Энэ хүүхдүүд сайн дурын үндсэн дээд хөтөлбөрт хамрагдах ёстой. Өнөөдрөөс цахим бүртгэл нь эхэлж байгаа. Үлдсэн сум хорооны хүүхдүүд баталгаажиж дуусаагүй байгаа юм.БШУ-ны сайдын тушаалаар сонгон шалгаруулах ажлын хэсэг гарч ажиллаж байна. Ерөнхийлөгчийн тамгын газар, БШУЯ, БҮТ, Нийслэлийн боловсролын газар, Их дээд сургуулийн консерциумын төлөөллүүд орсон 11 хүний бүрэлдэхүүнтэй энэ ажлын хэсэгт иргэн, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцсон" гэсэн юм.